“Тэнэмэл иргэдийг нийгэмшүүлж, бүтээлч иргэн болгодог” гэх “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа өдгөө хүчингийн хэргээр цагдан хорих ангид ял эдэлж буй. Тэрбээр давуу байдлаа урвуулан ашиглаж, өөрийнх нь асрамжинд байсан эмэгтэйг хүчиндсэн нь гурван шатны шүүхээр тогтоогдон ийнхүү хариуцлагаа үүрч буй юм. Уг хэрэг хохирогч эмэгтэй Д.Халиунаагийн мэдээллээр, тухайн хэрэг болсноос багагүй хугацааны дараа шалгагдаж тогтоогдсон. Хугацаа өнгөрсөн учир хохирогч гомдол гаргаж шалгуулснаар хэрэг эцэслэгдэв. Уг үйл явдлаас хүчингийн хэрэг нотлох баримт шаарддаггүй, хохирогчийн мэдүүлэг дээр үндэслэдэгийг олон нийтэд харуулсан. Олны анхаарал татсан энэ хэргийн талаар нийгмийн сүлжээ хэрэглэгчид хоёр өөр байр суурийг илэрхийлж байв. Нэг хэсэг нь Г.Загдааг “асрамжилж, тэжээж байгаа нэрээр хүчирхийлэл үйлдэгч” хэмээсэн бол нөгөө хэсэг нь “Өөрийг нь болон хүүхдийг нь асран тэтгэж байсан хүнийг ямар ч баримтгүйгээр гүтгэлээ” гэсэн байр суурь илэрхийлж байлаа. Эцэст нь, гурван шатны шүүх түүний хүчингийн хэргийг тогтоон, торны цаана 6.2 жил суух ял үүрүүлсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өдгөөгөөс 23 жилийн өмнө хүүхдийнх нь асрагчаар ажиллаж байсан эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдоод байгаагаараа иргэн Г.Загдаатай ижил байна. Асуудлыг тодруулбал, 1998 онд Ц.Анандбазарынх Багатэнгэрт амьдарч байхад тэдний хоёр настай ууган хүүгийн асрагчаар ажиллаж байсан эмэгтэйг Ц.Анандбазар хүчиндсэн гэдэг мэдээллийг хохирогч эмэгтэй хилийн чанадаас мэдээлээд байгаа юм. Хохирогч эмэгтэй тухайн үед Улаанбаатар хотод оюутан болохоор орон нутгаас ирээд байсан бөгөөд ажил олж хийхээр сураглаж байх үед нь найзынх нь ээж Лхагвасүрэн гэдэг эмэгтэй санал болгосноор Ц.Анандбазарын гэрт хүүхэд асрагчаар ажилд орсон гэдэг мэдээллийг өгсөн. Мөн тэрбээр “тухайн үед Ц.Анандбазарын эрхэлж байсан ажил болох Хард рок бар, түүний эхнэр Бямбажавыг Мишка хэмээн дууддаг байсан, Бямбажав нь Анагаахын сургуульд шүдний эмч мэргэжлээр суралцдаг оюутан байсан, “Оюутан мисс” тэмцээнд түрүүлснийхээ дараа Ц.Анандбазартай танилцан, удалгүй гэр бүл болсон талаараа Бямбажав хүүхэд асрагчдаа ярьж байсан, Ц.Анандбазар эхнэрээ зоддог байсан, Ц.Анандбазарын гэрт МУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди эхнэрийнхээ хамт ирж байсан, тэдэнд Бямбажав асрагч эмэгтэйн хамт бууз хийж өгч байсан, Эрдэнэт үйлдвэрийн тухайн үеийн дарга Ш.Отгонбилэг, эхнэр Туяагийн хамт ирж байсан, мөн УБТЗ-ын тухайн үеийн дарга Р.Раш ирж, ирэхэд нь Ц.Анандбазар хадаг барин туслаж дэмжихийг гуйж байсан” зэрэг мэдээллийг өгсөн. Өөрөөр хэлбэл, Ц.Анандбазарынх Багатэнгэрт амьдарч байсныг олон хүн нотлох боломжтойг зааж өгсөн байдаг. Харин УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Манайх тухайн үед асрагч авах боломжгүй байсан, Багатэнгэрт амьдрах талаар бодол ч төрж байгаагүй” гэдэг мэдээллийг 25-р суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлгийн үеэр хэлсэн байдаг.
Г.Загдаад хүчиндүүлсэн хэмээн хохирогч багагүй хугацаа өнгөрсний дараа мэдээлэхэд хуулийн байгууллага шалгаж, хэргийг тогтоон хариуцлага үүрүүлсэн. Яг үүнтэй ижил нөхцөл байдалд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ороод байгаа бөгөөд уг асуудлыг нь хуулийн байгууллага хэрхэн шийдэх нь л олон нийтэд сонин байна. Өөрөөр хэлбэл, аль аль нь хэрэг үйлдлэгдсэн даруйд хуулийн байгууллагад мэдүүлээгүй, аль аль үйл явдлыг нь хөндлөнгөөс хараад зогсож байсан гэрч байхгүй гэдгээрээ ижил байгаа юм.
Тэдний ялгаатай байдал:
Иргэн Г.Загдаагийн тухайд “Зөв амьдрах ухаан” гэх ТББ-тай. Уг байгууллага нь тэнэмэл, орон гэргүй иргэдийг хүлээн авч, тусламж үйлчилгээ үзүүлдэг. 13 жилийн хугацаанд дээрх үйл ажиллагааг тасралтгүй явуулсан. Өөрөөр хэлбэл, хүчин, хүчирхийллийн олон хэлбэрүүд, асрамжинд нь байдаг иргэдийн хөдөлмөрийг дутуу үнэлдэг, харааж загнадаг гэх асуудлууд түүнийг дагалддаг ч төрөөс зорилтот бүлгийн тухайн иргэдэд үзүүлж чадаагүй үйлчилгээг Г.Загдаа гэр бүлээ үзүүлж байснаараа насанд хүрсэн хүн болон хүүхдүүдэд буянтай үйл хийж явсан хүн.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 1999 оноос Содмонгол групп компанийнхаа үйл ажиллагаагаа эхлүүлсэн бизнесмен. Өөрийнх нь хэлснээр өдгөө 2500 гаруй иргэнийг ажлын байраар хангаж яваа, ажил олгогч. Манай улсын зах зээлд нефтийн бүтээгдэхүүн, арилжаа, барилга, ложистик, аялал жуулчлал, зочид буудал, энтертайнмент, мэдээллийн технологий, үйлдвэрлэл, уул уурхай, хөдөө аж ахуй, санхүү зэрэг салбарт бизнес хийдэг. Сод монгол групп компани нь Мэргэ ван, Интер стандарт нефть, Нью тур, Нью тур сафарис, Мон Аналитик, Алхана трейд, Хүрээ инвест зэрэг охин компаниудтай. Ц.Анандбазар
2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Булган аймагт нэр дэвшин ялалт байгуулсан. Үүсээд байгаа асуудлаас үүдэн намаасаа хөөгдсөн ч өдгөө УИХ-ын гишүүний халдашгүй, дархан эрхтэй.
Түүний АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхвол,
Түүний жилийн орлого 336 сая төгрөг, гэр бүлийнх нь жилийн орлого 60 сая төгрөг, амины, нийтийн, зуслангийн хашаа байшин, үйлчилгээний зориулалттай объект, оффис, гэр автозогсоол, авто гараж, өвөлжөө хаваржааны аль нь ч байхгүй, 307 адуутай, 65 үхэртэй, 551 хоньтой, 186 ямаатай. Ямар ч хадгаламжгүй. Гадаадын банк, санхүүгийн байгууллагад 2.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай, Сод монгол группын харьяа 10 компанид хувьцаа эзэмшдэг хэмээжээ.
Дүгнэн асуувал: Хүчингийн хэрэг болсон даруйд хуулийн байгууллагад мэдэгдээгүй хоёр ижил хэрэг, харин үүнд холбогдсон хоёр өөр этгээд болох Г.Загдаа, Ц.Анандбазар нарын хэргийн эцсийн шийдвэр ижил байх уу, ялгаатай байх уу?
Эх сурвалж: Цахиур.мн