Caakmedee

Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хүүхдүүдээ вакцинжуулъя

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2021/06/10
Зургаан жилийн хугацаагаар Монгол Улсыг удирдах төрийн тэргүүнээ сонгох сонгуулийн үймээнд олон чухал асуудал дарагдан, бүх нийтийн анхаарлаас холдсон хэдэн өдрийг бид өнгөрүүллээ. Тухайлбал, халдварын тархалт дахин хурдацтай нэмэгдэж, халдвар авсан иргэд хаана хандахаа мэдэхгүй ноцтой байдалд тулж ирлээ. Гэвч иргэдийн энэ эмгэнэлт дүр төрхийг анзаарах сөхөө эрх баригчдын хэнд нь ч алга. Тэд сонгууль гэсэн “цар тахал”-аар өвчилж, COVID-19-ийгээ мартсан нь харамсалтай. Вакцинжуулалт эрчимтэй үргэлжилж байгаа ч тархалт буурсангүй. Өдөрт 1000 гаруй хүнээс халдвар илэрч, найман настай хүүхэд халдварын улмаас амиа алдсан нь манай улсад тархалт ямар түвшинд байгааг илтгээд өглөө. Гэсэн ч бид сэхээрсэнгүй.
Хоёр сар гаруй хугацааны дараа шинэ хичээлийн жил эхэллээ. Учир нь сурагчид эрт амарч байгаа учир наймдугаар сарын 15-наас хичээлийг эхлүүлнэ гэдгээ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн юм. Гэтэл хүүхдүүд халдвар авах нь өдөр бүр нэмэгдэж, хоногт батлагдаж буй нийт тохиолдлын 30 орчим хувийг хүүхэд эзэлж байгааг ЭМЯ мэдээллийн цагаараа байнга сануулах болов. Тодруулбал, өчигдрийн байдлаар манай улсад 0-18 насны 15647 хүүхэд COVID-19 халдвар авчээ. Энэ талаар ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан “Вакцинд хамрагдсан хүмүүсийн халдвар авах тохиолдол буурч, хамрагдаагүй хүмүүсийн өвчлөл нэмэгдсэн.
 
Вакцины бүрэн тунг хийлгээд 14 хоносны дараа халдвар авсан хүний тоо 0.5 хувийг эзэлж байгаа. Өнгөрсөн өдрүүдэд бүртгэгдсэн нийт халдварын 20 орчим хувийг хүүхдийн халдвар эзэлж байсан бол сүүлийн 14 хоност хүүхдийн халдвар авах тохиолдол нэмэгдэж, 27 хувьд хүрлээ” гэсэн юм.

“1.3 САЯ ХҮҮХДЭЭ ӨВТГӨХГҮЙН ТУЛД ВАКЦИН ХИЙЛГЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ” 
Энэ сарын 8-ны байдлаар вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн 90.7 хувь нь буюу 1875003 хүн нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол 1.5 сая гаруй хүн буюу 75.5 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдсан байна. Манай улсад насанд хүрсэн иргэдийн вакцинжуулалт эрчимтэй үргэлжилж байгаа ч хүүхдүүдээ вакцинжуулахгүйгээр бид халдвараас бүрэн сэргийлж чадахгүй. Энэ тухай “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан “Халдвар авч байгаа хүмүүсийн 50-60 хувь нь хүүхдээр дамжиж байгаа. 18 хүртэлх насны хүүхэд манай улсын хүн амын 30 хувийг эзэлдэг. Эдгээр хүүхэд вакцинд хамрагдаагүй учраас тэднээр дамжиж зарим хүн халдвар авч байна. Хоёр сая том хүн өөрсдөө вакцин хийлгэчихээд, талбай дээр тоглож байгаа жаахан хүүхдүүдийг яагаад вакцин хийж хамгаалдаггүй юм бэ. Хүүхдүүд эхнээсээ өвдөөд, үхээд эхэллээ. 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийлгэхээс өөр аргагүй. Дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын судалгааны төвд олон удаан судалгаа хийгээд батлагдсан вакцин хийлгэх нь чухал. Үүнээс хамгийн аюулгүй нь Pfizer юм” хэмээн байр сууриа илэрхийлэв. Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ сарын 2-нд мэдээлэл өгөхдөө “Засгийн газраас 2.5 сая тун Pfizer вакцины гэрээ хийсэн.
Одоогийн байдлаар 1185991 хүүхдийг вакцинжуулахаар төлөвлөөд судалгаа хийж байна. Европын холбоо болон Канад, АНУ-д 12-15 насны хүүхдүүдээ вакцинжуулалтад хамруулаад эхэлсэн. Тиймээс дараагийн Prizer вакцины татан авалтаар 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулахаар төлөвлөж байна.
 
Хэрэв 12-17 насны 290 мянган хүүхдийг вакцинжуулах юм бол нийт хүн амынхаа 68.6 хувийг вакцинд бүрэн хамруулна гэсэн тооцоо гарсан. 0-17 насны хүүхэд халдвар авах нь нэмэгдэж байгаа нь хүүхдүүдийг дархлаажуулаагүйтэй холбоотой” гэж ярьсан юм. Гэвч Pfizer вакцины хэдэн тун хэзээ манай улсад орж ирж. хүүхдүүдийн вакцинжуулалт эхлэх талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй. Мөн долоо, наймдугаар сард вакцин ирвэл хүүхдүүдээ вакцинжуулах бүрэн боломжтой гэсэн хайнга мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өгч байв. Харин ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа “Халдвар нэмэгдэж байгаа энэ үед COVID-19 тархахаас урьдчилан сэргийлэх чухал арга бол вакцин. Дэлхий нийтээр вакцины нөөц дээр тулгуурлаж, хүүхдийн дархлаажуулалтын ажлыг эхлүүлэх талаар судалгаа хийж байна” гэв.
Дархлаажуулалтаараа дэлхийд тэргүүлж байгаа Израиль улс ням гарагаас эхлэн 12-15 насны хүүхдүүдээ вакцинд хамруулж эхэллээ. Тус улс 16-гаас дээш насныхнаа амжилттай вакцинжуулж, хөл хорионы дэглэмээ цуцалсан ч халдварын тархалт нэмэгдээгүй юм. Үүнээс гадна Герман, Польш , Япон улс 12-оос дээш насныхнаа вакцинд хамруулж эхэлсэн бол Эстони улс ирэх намраас, Франц улс зургадугаар сарын 15-наас 12-оос дээш насныханд Pfizer вакциныг санал болгоод байна. Халдварын тархалт эрчимтэй нэмэгдсэн энэ үед хэвийн амьдралдаа хурдан шилжихийн тулд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хүүхдүүдээ вакцинд хамруулах нь Засгийн газрын нэн тэргүүний анхаарлаа хандуулах асуудал гэдгийг тодотгоё.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу