Caakmedee

​Ерөнхийлөгчийн сонгуулийн хүний эрхийн мониторинг, хамтын ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэв

  • Улс төр
  • 2021/06/21

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах зорилгоор Сонгуулийн ерөнхий хороо Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулж, 2021 оны гуравдугаар сараас хамтран ажилласан. Талууд энэ удаагийн сонгуулийн зохион байгуулалт, үйл явц, зорилтот бүлгийн сонгогчдын эрхийг хангах байдалд хийсэн хөндлөнгийн хяналт, ажиглалт, хамтын ажиллагааны үр дүнгийн талаарх уулзалтыг зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар сонгуулийн сурталчилгаа, мэдээ мэдээллийг нийтэд хүртээмжтэй хүргэх, сонгогчийн шилжилт хийлгэх, бүртгэх, сонгогчийн сонгох эрхийг хангах, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал өгөх орчинг бүрдүүлэх талаар шинэ заалтууд орсон. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын улмаас эмнэлэгт болон тусгаарлах байранд эмчлэгдэн тусгаарлагдсан иргэд, тэдгээрт ажиллаж буй албан хаагчид, гэрээр эмчлүүлж буй иргэд сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах ажлыг Засгийн газрын 152 дугаар тогтоолоор батлагдсан түр журмын дагуу мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан нь тэдгээр иргэдийн сонгуульд оролцох боломжийг бүрдүүлж, хүний эрхийг хангахад чиглэсэн томоохон алхам болсон юм.

Хөндлөнгийн ажиглалтын урьдчилсан дүн, хамтын ажиллагааны талаар ярилцсаны эцэст ХЭҮК-оос ажиглалт хийх явцад дэд бүтцийн асуудлаас хамааран санал авах байрны орчин, зай талбай, барилгын инженерчлэл стандартад нийцэхгүй байдал, сонгуулийн хороодын зарим ажилтны харилцаа, хандлагаас үүдэлтэй зөрчил мэр сэр гарсныг дурдаад цаашид санал авах байрны хүртээмжийн асуудалд холбогдох байгууллагуудын анхаарлыг хандуулах, сонгогчийн боловсролыг дээшлүүлэх, сонгуулийн хороодод ажиллах төрийн албан хаагчдад хууль эрх зүй, хүний эрхийн сургалтыг тогтмол зохион байгуулах, мэдээлэл өгөх хэрэгцээ шаардлага байгаа талаар санал нэгдлээ.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисс сонгуулийн үеэр хамтран ажиллахаар төлөвлөсөн ажлуудаа амжилттай хэрэгжүүлсэн хэмээн дүгнээд цаашид хоёр байгууллага санамж бичиг байгуулан идэвхтэй хамтран ажиллахаар боллоо гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу