Caakmedee

Өршөөлийн хууль хэрэгжиж эхлэв

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2021/07/06


Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд өршөөл үзүүлэх шийдвэр гаргах онцгой бүрэн эрх зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдана хэмээн заасан байдаг.   Энэ эрхийнхээ хүрээнд парламент 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд нийт зургаан удаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан байна.  Тэгвэл Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор долоо дахь удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.  Энэ удаагийн хуулийн онцлог, хэрхэн хэрэгжих явцын тухай өчигдөр ХЗДХЯ-наас мэдээлэл өгсөн.  Өршөөлийн хуульд тусгасан онцлох мэдээллүүдийг хүргэж байна.
 
Хуулийн хугацаа: 
Өршөөл үзүүлэх хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. Уг хууль нь 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 00:00 цагаас өмнөх цагт хамаарах хэргүүд багтана. Мөн 2002 онд баталсан Эрүүгийн хууль болон 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 00.00 цагаас өмнө, 2015 онд баталсан Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэрэг болон Зөрчлийн тухай хуульд заасан зарим зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарна.
 
160 хоригдол шууд суллагдана 
Өршөөл хамруулахаар тусгасан Эрүүгийн хуульд тусгай зүйл ангид хамаарах хэсгийг шууд өршөөн хэлтрүүлж, хууль үйлчилж эхэлсэн долдугаар сарын 6-ны өдрөөс ялаас чөлөөлж өршөөнө. Хорих ангид ял эдэлж байгаа хүмүүсээс 157 эрэгтэй, гурван эмэгтэй нийтдээ 160 хоригдол шууд суллагдана.  Гэхдээ ялаас өршөөн хэлтрүүлэх, эрүүгийн хэргийг өршөөхөд яллагдагч гэмт хэргийн улмаас хохируулсан хохирлоо нөхөн төлсөн, эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардаж байгаа юм.
 
184 хоригдлын ялаас хоёр жилийг хасав 
Тодорхой төрлийн өршөөлд хамруулах гэмт хэргүүд дээр тус бүрээс нь хоёр жилийг өршөөн хэлтрүүлэхээр болсон. Эдэлж буй ялаас нь хоёр жил хасагдах 168 эрэгтэй, 16 эрэгтэй, өсвөр насны нэг гээд нийт 184 хоригдолд хамаарна. Нийт суллагдах ялтны тоо 344 болж байна. Хоёр жил хасагдаж байгаа ч хорих ялаа үргэлжлүүлэн эдлэх эрэгтэй ялтан 348, эмэгтэй 17 гээд нийт 365 ялтан байна.
 
1130 хүний хорих ялыг хөнгөлж, цахим бугуйвч зүйлгэж суллана 
Гэмт хэргийн эдлээгүй үлдсэн ял таван жил дотроо байгаа тохиолдолд  тухайн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчлөхөөр тусгасан. Энэ нь тухайн хүн ажил хөдөлмөр хийх, сурч боловсрох эрхээ эдлэх, гэр бүлдээ байх, тэднийгээ тэжээн тэтгэх тэр боломжийг төрөөс олгож, зорчих эрхийг хязгаарлах ял буюу цахим бугуйвчийг зүүлгэж хянана. Энэ өршөөлд эрэгтэй 1086, эмэгтэй 41, өсвөр насны гурав. Нийт 1130 хоригдол хорих ялаа зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломж бүрдэж байна. Ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан байнга оршин суух газартай байхыг шаардаж байгаа юм.
 
Торгуулийн 50 хувийг тэглэж, жолоодох эрхийг сэргээнэ 
Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийг нэг удаа өршөөнө.  Гэхдээ хуулийн хэлэлцүүлгийн шатанд хуулиа биелүүлж байсан хүмүүст ялгамжтай байдал үүсгэж байна гэсэн шүүмжлэл өрнөж, торгуулийн шийтгэлийг энэ оны аравдугаар сарын 1-ний дотор 50 хувиар төлсөн тохиолдолд үлдсэн 50 хувийг нь өршөөх тухай хуульд заасан. Мөн жолоодох эрхээ хасуулсан хүмүүсийн жолооны эрхийг сэргээхээр баталжээ. Ингэхдээ   2021 оны зургадугаар сарын 24-ний өдрөөс өмнөх зөрчлүүдэд өршөөл үзүүлнэ.
 
No өршөөл 
-Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх, үй олноор нь хөнөөх зэсвэг дэлгэрүүлэх, түүнчлэн суурь гэмт хэрэг болох татвар төлөхөөс зайлсхийх, авлига албан тушаалын гэмт хэрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг Өршөөлийн хуульд хамрагдаагүй.
-Хүний бэлгийн эрх, эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, эдийн засгийн эсрэг гэмт хэрэг, галт зэвсэг хууль бусаар бэлтгэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхийн эдийг тариалах худалдаалах, хэрэглэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах, байгаль орчныг бохирдуулах, соёлын биет өвийг хууль бусаар худалдаалах зэрэг 38 төрлийн гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй
-Өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хорих ялаар чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн хүнийг энэ удаагийн Өршөөлийн хуульд хамруулахгүй байна.
 
-Түүнчлэн хэлэлцүүлгийн явцад допингийн асуудалтай бөхчүүдийн эрхийг сэргээх тухай яригдаж байв.  Гэсэн ч хуулийн төсөлд тусгагдаагүй.  Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Эрүүгийн болон Зөрчлийн хууль зөрчсөн хүмүүс энэ хуульд хамрагдахаар батлагдсан. Бусад төрлийн хуулиар хариуцлага, эрх хасагдсан хүмүүс энэ хуульд хамрагдахгүй” гэв.
 
Цахим бугуйвч буюу зөрчих эрхийг хязгаарлах ял:  Эрүүгийн хуульд заасан Зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн юм.  Ингэхдээ анх удаа, санаандгүй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цахим бугуйвч зүүж зорчих эрхийг хязгаарлаж байгаа юм.  Цахим бугуйвч нь тухайн этгээдийн байршил, явсан чиглэлийг тогтооно. Гэхдээ хувь хүний нууцтай холбоотой бусад мэдээллийг цуглуулахгүй. Бугуйвчийг тайлах, таслахыг оролдвол зорчих эрх хязгаарлах ялыг хорих ял болгон өөрчилнө хэмээн хуульд заасан билээ.  Тэгэхээр энэ удаагийн Өршөөлийн хуулиар хамгийн олон буюу 1130 хүнд цахим бугуйвч зүүлгэж суллах юм.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу