Дэлхийн спортын их наадам “Токио-2020” наадам нээлтээ хийсэн өдөр Монголын Залуучуудын Холбооны төлөөлөл Монголын баг тамирчдын төлөөлөлд амжилт хүсэн, шагнал гардууллаа.
Тус холбооны зүгээс Токиогийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй хүндийн өргөлтийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг, Эрдэнэбатын Билэгсайхан нарт “Тамирчны алдар”, дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаярт “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” шагналаар шагнасныг МЗХ-ны дэд ерөнхийлөгч А.Анхбат гардуулан өгч, нийт залуучуудынхаа өмнөөс амжилт хүслээ.
Дашрамд сануулахад, Азийн анхны Залуучуудын байгууллага байгуулагдсаны 100 жилийн ой энэ жил тохиож буй. МЗХ нь үе, үеийнхээ туршид Монголын хүүхэд, залуучуудыг хамарсан бүх нийтийн спортын олон арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн юм.
Токиогийн тэнгэрт Монгол Улсын Төрийн далбаа, олон, олноор мандаж, Монголын маань баг тамирчид амжилт бүтээл дүүрэн байх болтугай.