Caakmedee

Шинэчлэл хийх намрын чуулганаас иргэд их зүйлийг хүлээж байна

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2021/08/13
 
УИХ-ын дарга Г.Занданшатарын тэргүүлсэн парламент өнгөрсөн хаврын чуулганаар 188 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Харин ирэх аравдугаар сард нээлтээ хийх  УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаар 72 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Намрын чуулганаар хэлэлцүүлэх хууль тогтоомжийн төслийн талаар хууль санаачлагчдын саналыг урьдчилж авчээ. Ээлжит чуулганаар хэлэлцэх асууд- лын дараалалд оруулахаар УИХ дахь МАН-ын бүлэг 20, АН-ын бүлэг 18, Засгийн газар 136, Байнгын хороод 63, зарим гишүүнээс ирүүлсэн гээд нийт 245 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлсэн байна. Үүний үндсэнд УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаар нийт 72 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төсөлд нэр зааж оруулсан байна.
Шинэ дэгийн хуулийн дагуу ирэх чуулганаар хэлэлцэх асуудлаа баталж, хэлэлцдэг болсон. Энэ дагуу хаврын чуулган завсарлахаас өмнө намрын чуулганы хугацаанд 72 хууль, тогтоомж хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан юм.
Мөн чуулганы хугацаанд “COVID-19'' цар тахлын болон тухай үеийн нөхцөл байдалтайгаар холбоотой УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүрд нь хэлэлцэхээр тогтоолын төслийн заалтад тусгасан. Жил бүрийн намрын ээлжит чуулганы нээлттэй зэрэгцэн нэн тэргүүнд хэлэлцэх асуудал бол ирэх оны улсын төсөв байх учиртай. Тиймээс ирэх чуулганаар Монгол Улсын 2022 оны улсын төсвийг хэлэлцэнэ. Төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор хэлэлцэн батлах хуулийн хугацаатай учир нэн тэргүүнд хэлэлцэх юм. Ингээд намрын чуулганаар хэлэлцэх онцлох хуулийн төслүүдээс тоймлон хүргэе.
 
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧИЛНЭ 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-нд өөрчлөн баталсан юм. Тухайн үед уг хуульд хоёр өөрчлөлт оруулсан бөгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах шалгуурыг илүү нарийвчлах байдлаар хоёр заалтыг өөрчилсөн.
Тухайлбал, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3.1.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Ундсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг” гэж байсныг 50 нас хүрсэн Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчилсөн юм. Мөн авлига, албан тушаалын хэргээр ял эдэлсэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зохицуулалтыг хуульд тусгасан бөгөөд эрүүгийн гэмт хэрэг үйлдэж, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглосон юм.
Ийнхүү Ерөнхийлөгчийн тухай хуульд оруулсан өөрчлөлтийг өнгөрсөн зургаадугаар сард амилуулж, найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиа зохион байгуулснаар Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх сонгогдоод байна. Ийнхүү тэрбээр зургаан жилийн бүрэн эрхтэй анхны Төрийн тэргүүнээр сонгогдоод байгаа юм. Тэгвэл ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудлын 23-т Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэхээр тусгасан байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат намрын чуулганаар тусгайлан батлах хууль орж ирж байгааг хэлсэн. Энэ нь Ерөнхийлөгчийн тухай хууль юм. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний дагуу Ерөнхийлөгчийн хуулийг өөрчлөн батлах юм байна. Мөн энэ хуулиас гадна Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх 30 гаруй хуулийг хэлэлцэн батлахаар төлөвлөөд байгаа юм.
 
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН РЕФОРМЫГ ХИЙНЭ 
Боловсролын ерөнхий хууль бол яалт ч үгүй намрын чуулганаар хэлэлцэх ёстой онцлох хуулиудын нэг байх учиртай. Учир нь, энэ салбарт алхам тутам шинэчлэл хийх шаардлагатай юм. Боловсролын багц хуульд энэ удаа өөрчлөлт оруулахдаа УИХ-ын түүхэнд байгаагүй хамгийн том ажлын хэсэг байгуулсан. Өмнө нь Боловсролын хуульд өөрчлөлт оруулахдаа дээд боловсрол, сургуулийн өмнөх боловсролын гэсэн тусдаа хууль оруулж ирдэг байсан энэ удаа цогцоор нь өөрчлөхөөр төлөвлөсөн байна. Тиймээс намрын чуулганаар хийх реформын шинжтэй хууль бол боловсролын салбарын хууль байх юм. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нарын Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийх хуулийн төслийг хэлэлцэнэ. Тус хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхийг дэмжээд буй. Хуулийн гол зорилго нь сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарын томилгооны асуудлыг шийдэж, боловсролын салбарыг улстөржилт, намчирхлаас ангид байлгах юм.
 
"АРХИГҮЙ ӨДӨР"-ИЙН ТООГ НЭМНЭ 
УИХ Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, үйлчлэх, хэрэглэх, архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг цогц байдлаар зохицуулахаар долоон бүлэг, 45 зүйлтэй хуулийн төслийг боловсруулжээ. Согтууруулах ундаа импортлох зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын баталсан журмын дагуу олгохоор төсөлд тусгасан байна. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгох хэмжээг нийгмийн зарим үзүүлэлтийг харгалзан, урьдчилан тогтоосны үндсэн дээр олгох, ингэхдээ худалдах тусгай зөвшөөрлийг ашгийн төлөө худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдэд, харин согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдэд олгохоор зохицуулжээ.
 
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох газар, зүйлийн талаарх зохицуулалтыг шинээр боловсруулж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд зааснаас гадна согтууруулах ундааг зайнаас (холбоо, мэдээллийн сүлжээ ашиглан) болон өөртөө үйлчлэх автомат төхөөрөмж ашиглан, эсхүл гар дээрээс, эсхүл согтууруулах ундааг хаягаар хэрэглэгчид хүргэхийг хориглоно. 
Мөн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох өдөрт Бүгд Найрамдах Улс тунхагласан, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр, сонгуулийн санал авах зэргийг нэмж архигүй өдрийн тоог нэмэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
 
ГАЗРЫН БАГЦ ХУУЛИЙГ ШИНЭЧИЛНЭ 
Газрын багц хуулийн шинэчлэлийг намрын чуулганд хийхээр төлөвлөжээ. Өнөөдөр манай улсад хамгийн их хүнд суртал, хэрүүл маргаан, иргэдийн гомдол тасардаггүй газар бол нийслэл, дүүргийн Газрын алба. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хийх үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд “Газрын харилцаа, хот байгуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хотуудын зэрэглэлийг тогтоох” зэрэг ажлыг тусгасан. Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Газрын багц хуулийг боловсруулсан. Тус багц хуульд Газрын ерөнхий хуулийн, Газрын төлбөрийн, Кадастрын, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газрыг эргүүлэн авах тухай гэсэн таван хуулийн төсөл багтсан байна.
 
ХҮН АМ ОЛНООР СУУРЬШСАН СУМДЫГ ОРОН НУТГИЙН СТАТУСТАЙ ХОТ БОЛГОНО 
Монгол Улс 2019 оны арваннэгдүгээр сард Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үндсэн хуульд нийцүүлэн 30 гаруй хуулийг шинэчилж, нэмэлт өөрчлөлт оруулна. Үүний нэг нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль. Тус хуулийн шинэчлэлийг ирэх намрын чуулганы хугацаанд хэлэлцэхээр УИХ хэлэлцэх асуудлын дараалалд багтаажээ. Уг хуулийн зорилт нь хот, тосгоны чиг үүрэг, эдийн засгийн үндэс, өөрийн удирдлага, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх, зохион байгуулалт, хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх харилцааг зохицуулах юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улс улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хоттой байх асуудал баталгаажсан. Энэ хуулиар тухайлбал, Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд, Гурвантэс зэрэг хүн ам олноор суурьшсан сумдыг орон нутгийн статустай хот болгох, Цагаан хадны суурьшлын бүсийг тосгон болгож цаашид хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгажээ. Тодруулбал, хуулийн төсөлд хоёр мянган хүнээс дээш хүн амтай бол тосгон, 20 мянгаас дээш бол орон нутгийн зэрэглэлтэй хот байна гэдэг заалт оруулжээ. Мөн хот, тосгоны өөрийн удирдлагын байгууллага нь оршин суугчдаас шууд, чөлөөтэй, саналаа нууцаар гаргах эрхийн үндсэн дээр сонгосон хот, тосгоны Зөвлөл байхаар төсөлд тусгажээ. Таван жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэх уг Зөвлөлийн гишүүнд улс төрийн нам нэр тдэвшүүлж оролцох нь хуулиар хаалттай. Мөн тосгонд 100-гаас доошгүй, хотод 500-гаас доошгүй оршин суугчийн дэмжлэг авсан иргэн хот, тосгоны Зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр төсөлд тусгасан байна. Ийнхүү тус хуулийн төслийг ирэх намрын чуулганаар эцэслэнэ гэсэн хүлээлт бий болоод байна.
 
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ 
Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэхийг Сангийн болон УУХҮ-ийн сайдад өнгөрсөн гуравдугаар сард даалгасан байдаг. Хуулийн төсөл нь газрын доорх баялгаас хүртэх өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо болон ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилготой байх юм. Тэгвэл намрын чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
 
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар үйлийн 6.2-т “... Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ... 
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан. Үндсэн хуульд оруулсан дээрх нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг амьдралд бодитой хэрэгжүүлэх үүднээс Үндэсний баялгййн сангийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газар хүлээсэн юм.
 
 
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу