Caakmedee

Шалаанд оруулсан хичээлийн шинэ жил

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2021/08/19


Хотын төвөөр алхахад цүнх үүрсэн бяцхан хүүхдүүд цөөнгүй таарна. Тэд хоцорсноо гүйцэхээр, дутуу хийснээ нөхөхөөр сургалтын төв рүүгээ явж байгаа нь энэ. Амны хаалтаа хамрынхаа үзүүр дээр тохчихоод алхаж яваа нь, үүрсэндээ түүртэн байн байн дэгдэн алхах нь ч “Есдүгээр сарын 01”-нийг санагдуулам.Тэгвэл 2021-2022 оны хичээлийн жилийг танхим болон цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулах шийдвэр гаргаад буй. Гэвч хичээлийн улирал эхлэхээс хэдхэн хоногийн өмнө буюу өнөөдрөөс Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж байна. Засгийн газраас гаргасан шийдвэртэй холбогдуулан НМХГ-аас хичээлийн шинэ жилийн бэлтгэл үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалтыг сургуулийн өмнөх боловсролын 226 байгууллага, ерөнхий боловсролын 144 сургууль, мэргэжил сургалтын зургаан байгууллага, дээд боловсролын 25 байгууллага, хүнсний хангамжийн таван төв буюу нийт 406 байгууллагыг хамруулж буй аж. Халдваргүйжүүлэлтийн тал дээр зөвлөж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллана гэсэн үг. Тухайн асуудлаар өчигдөр буюу наймдугаар сарын 18-ны өдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах сургууль бүрд “тусгаарлан ажиглах өрөө” гаргаж, сэжигтэй тохиолдол илэрвэл тухайн өрөөнд тусгаарлан шалгалтыг нь авах аж. Харин коронавирусийн халдвар авсан сурагчдаас есдүгээр сард ЭЕШ-ыг авахаар зохицуулалт хийсэн байна. 

ЭЕШ-ын үед халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг сайн баримтлах, халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлтийг тутамд нэг цаг тутамд 15 минут хийж байх зарчмаар явах юм. Зөвхөн халдваргүйжүүлэлт хийгээд зогсохгүй шавжгүйтгэл, мэрэгчгүйтгэл хийлгэх шаардлагатай бөгөөд дархлаажуулалтын болон шинжилгээний цэгээр ажиллаж байсан байгууллагууд онцгой анхаарах ёстой. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн багш, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулсан байх зэрэг зөвлөмжүүдийг танилцууллаа. Бүх зүйлд бэлэн байж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах бэлтгэл ажлыг хангаж байна. 

Энэ оны хичээлийн жилийн тухайд онцлох, мөн эцэг эхчүүдийн анхаарлын төвд байгаа сэдэв бол яах аргагүй “Үдийн хоол” хөтөлбөр юм. Үдийн цайг хоол болгохоор өртгийг нь нэмсэн ч шүүмжлэл дагуулсан хэвээр байгаа билээ. Тодруулбал, эхлээд нийслэлийн хэмжээнд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд цайны газрын эрүүл ахуйн асуудлын тухай НМХГ-ын эрүүл мэндийн хяналтын дарга Д.Цэнд-Аюуш, “Нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн өмчийн 251 сургууль байгаа. Үүнээс 240 нь үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. 53 хувь нь зориулалтын буюу нийтийн хоолны гал тогоотой. Нийслэлийн боловсролын газартай хамтран шаардлага хангасан 20 сургуульд хэрэгжүүлнэ. Харин бид хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана” гэв. 
Гэсэн ч цахим сүлжээнд эцэг, эхчүүдийн санаа зовнисон сэтгэгдлүүд давамгайлж байна. Харин хөл хорионд хоёр жилийн нүүр үзсэн хүүхдүүд ангийн найзуудтайгаа уулзах гээд баяртай байгаа болов уу. Үнэн гэвэл, ахынх нь өмсөж байсан дүрэмт хувцас дүүд нь таарахгүй болох хүртэлх хугацаанд манай улсын боловсролын салбар гацаж орхисныг бүгд мэдэж авлаа. Сургууль, цэцэрлэгээ нээж байгаад талархах хүн ч бий. Хэрвээ сургуулийн орчинд халдвар тархвал яах ч аргагүй хүнд байдал үүсэх нь мэдээж. Иймээс хүүхдээ сургуульд явуулна, явуулахгүй гэж мэргэ тавих нь холгүй суугаа байх. Хаана, хаанаа шалаанд орж, шаналсан хичээлийн жил эхлэх дөхлөө. 

ХҮҮХДЭЭ СУРГУУЛЬД ОРУУЛАХГҮЙ БОЛ ХАРИУЦЛАГА ТООЦОХ УУ Энэ мэтчилэн хичээлийн шинэ жилд байгууллагууд бэлдсээр... Харин эцэг, эхчүүдийн хувьд цар тахлын нөхцөл байдлын улмаас хүүхдээ сургууль, цэцэрлэгт явуулах эсэх нь ихээхэн эргэлзээтэй, санаа зовоосон асуудал болон хувирчээ. Ялангуяа нэгдүгээр ангид орох нас нь болчихсон хүүхдийг үеийнхнээс нь авч үлдэх хэцүү. Бага насны хоёр хүүхэдтэй ээж А.Ханд “Энэ жил манай том хүү хоёрдугаар ангид орно. Харин охин маань нэгдүгээр ангид орох ёстой. Гэвч цахим болон танхимын сургалтыг хослуулна гэсэн болохоор яах талаар эргэлзээд л байна. Учир нь хоёрдугаар ангийн хүү минь цахим хичээлээ алгасалгүй үзсэн боловч үр дүн муутай байлаа. Хоёр хоногийн өмнө тухайн сургууль руу очиж бага ангийн багштай нь уулзахад сургуульд оруулахгүй бол Хүүхдийн төлөө төвөөс эцэг, эхэд арга хэмжээ авна гэж хэлсэн. Тэгээд явуулчихъя гэхээр аюулт цар тахлын үед, дархлаа султай, вакцин ч хийлгээгүй хүүхдээ эрсдэл рүү түлхэж байгаа юм шиг санагдах юм. Олон эцэг, эх миний адил, ийм асуудалтай нүүр тулж байгаа байх. Ер нь өнжөөсөн нь зөв гэж бодож байгаа. Мөн дүрэмт хувцасны чанарт анхаарах хэрэгтэй санагддаг. Хэтэрхий үнэтэй ч загвар муутай. Элдэв төрлийн харшилтай хүүхэд ч бий. Тэр болгон дээр анхаарч үзмээр санагддаг. Тэгээд ч эрэгтэй хүүхэд гээд навсайсан юм өмсөх албагүй. Үнэдээ таарсан чанартай зүйлд хэн гараа татах вэ дээ” гэлээ. 
Үнэхээр үр хүүхдээ цар тахлын үед сургуульд оруулаагүйн төлөө хариуцлага тооцох, эсэх талаарх асуудлыг холбогдох яамны хүнээс тодруулахад “Бидний хувьд тийм асуудал дэвшүүлээгүй” хэмээв. Энэ мэтчилэн уялдаа холбоогүй зүйлс боловсролын салбарт гарсаар буйд зарим эцэг, эх бухимдалтай байлаа. 
Түүнээс гадна жил болгон хэл ам дагуулж байдаг дүрэмт хувцасны асуудал өндийгөөд ирэв. Дотооддоо үйлдвэрлэх нэрийдлээр үнэ өртөгтэйхэн хувцас хийсэн боловч эрээний үйлдвэрлэлийг дэмжсээр дуусдаг байсан цаг үе энүүхэнд. Гудамжаар алхах иргэдээс дүрэмт хувцас авах талаар ямар бодолтой байгааг асуухад “Цэнхэр цамц ч юм уу, өмсөөд жигдэрч болдоггүй юм болов уу. Эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй” гэж байсан бол “Дүрэмт хувцас өмсүүлсэн нь дээр” гэх нь бас байлаа.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу