Гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг “нээх”-ээр Засгийн газар идэвхийлэн ажиллаж эхэлжээ.
ҮАБЗ-өөр Засгийн газрын боловсруулсан Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн. Хуулийн төсөлд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тусгасан байна. Удахгүй УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ.
Тэр хүртэл хуулийн төслийн танилцуулга, нэмэлт боловсруулалт хийгдэх юм байна. Энэ хүрээнд төсөл боловсруулагчид өнөөдөр хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэнд танилцуулж, санаа оноог нь авах томоохон уулзалт хийхээр товложээ.
Хууль батлагдаж, амьдрал дээр хэрэгжихэд чухал нөлөөтэй нэг зүйл бол гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол руу татах явдал юм. Үүний нэг хүчин зүйл нь урьд өмнө Монголд хөрөнгө оруулаад алдсан хүмүүсийн гомдлыг хуулийн дагуу нэг тийш болгох явдал юм.
Ийм олон жишээ яригдаж, хөрөнгө оруулагчид нааш анхаарал хандуулсаар байна.
Ийм асуудлын нэг болох Английн ерөнхий сайд Борис Жонсоны дүү Макс Жонсоны “Засагчандмань” компанийн эзэмшлийн лицензтэй уурхайд 19 сая ам.долларын хөрөнгө оруулаад алдчихсан хэргийн баримт, үйл явдлыг Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл хүргэж байгаа билээ.
Энэ хэргийн эзэд болох “Засагчандмань” компанийн эзэн Д.Буянтогтохыг ЦЕГ-аас эрэн сурвалжилж байна. Түүний эхнэр бөгөөд “Засагчандмань” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Инж-Улбааг ЦЕГ-аас сураггүй алга бологсдын жагсаалтад бүртгэснээ зарлажээ. П.Инж-Улбаа нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хамаатан бөгөөд Б.Хурцыг шүүх хурал дээр очиж хэвлэлд ярилцлага өгч байсныг олон нийт мэднэ. Энэ хэрэгт Б.Хурцын нөлөө, хамаарал, оролцоо байсан эсэх нь нэлээд асуудал болоод байгаа аж.
Мөн 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд Д.Буянтогтохын хилийн хоригийг цуцалж, гадаад руу зугтаалгасан Чингэлтэй дүүргийн шүүгчийн асуудал ч яригдахаар болоод байна. Тэд хөрөнгө оруулалтыг авахдаа Монгол Улсын хууль зөрчиж, компанийнхаа нэрээр Хувьцаагаар хөрвөх өрийн бичгийн сертификат гаргасан. Энэ талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тодруулбал, Монголын хууль хяналтын байгууллага 1902003600245 дугаартай эрүүгийн хэрэг нээгээд шалгаж байгаа юм байна. Үүгээр “Засагчандмань”, “Засагчандмань майнз” ХХК-иудын эцсийн өмчлөгч Д.Буянтогтох, “Засагчандмань” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Инж-Улбаа, “Засагчандмань майнз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Эрдэнэбатхаан, ерөнхий нягтлан бодогч А.Цэнд-Аюуш нар нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт байрлах ашигт малтмалын МҮ-015594 дугаартай зөвшөөрөлтэй “Чандмань” уурхайд нойтон болон хуурай аргаар полиметал боловсруулах үйлдвэрийг дагалдах дэд бүтцийн хамтаар барьж байгуулах ажлыг санхүүжүүлнэ гэж хуурч, бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар Малайз улсад бүртгэлтэй “GRF рагаgon” компаниас 2016 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хооронд Голомт банк дахь 81451........ тоот ам.долларын дансаар 10 удаагийн гүйлгээгээр 17,870,000 ам.доллар буюу 38 888 258 200 /гучин найман тэрбум найман зуун наян найман сая хоёр зуун тавин найман мянга хоёр зуу/төгрөгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг мэдсээр байж хуурамч гэрээ байгуулан хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд шилжүүлж мөнгө угаасан, хуурамч “Хөрвөх өрийн бичгийн сертификат” гэх үнэт цаас бэлтгэсэн, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэж үзжээ. Энэ нь нотлох баримтуудаар тогтоогдож байгааг хэргийн мөрдөгч болон прокурор дүгнэсэн байна.
Тэгвэл энэ удаад 19 сая ам.доллар, бусад хөрөнгө оруулалтыг хэрхэн хувааж “алга болгосон” талаарх баримтат мэдээллийг хүргэе.
Хэргийг шалгах явцад дээрх хүмүүс “GRF рагаgon” компани буюу Макс Жонсоноос хөрөнгө оруулалт аваад эргэж төлөхгүй байх, ямар нэг байдлаар хөрөнгө оруулалтыг салгах гэсэн санаа зорилго зээл авахаас өмнө үүссэн гэсэн дүгнэлт өгчээ. Учир нь “Засагчандмань майнз” ХХК нь хөрөнгө оруулагч хайж явах үедээ татвар, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, харилцагч аж ахуйн нэгжүүдэд их хэмжээний өртэй байжээ.
“Юнистар аудит”-ийн шинжээч нь“GRF рагаgon” компанийн өгсөн хөрөнгө оруулалтын зээлийн 4,431,020,989,80 төгрөгийг 27 аж ахуйн нэгж, иргэнд шилжүүлсэн. 1,661,478,883,0 төгрөгийг татвар, нийгмийн даатгал, ШШГЕГ, НШШГА-нд төлсөн. 2,623, 331,983,16 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зардалд гаргасан. 4,606,105,224,94 төгрөгийг хамааралтай этгээдүүддээ гэрээт ажлын төлбөрт өгсөн гэх мэт дүгнэлтийг гаргасан байна.
Ер нь бол аудитын тайлангийн зөрчлийн нэгтгэсэн дүгнэлтээр уг хэрэгт гол нотлох баримт болохуйц баримтууд илэрчээ. “Засагчандмань майнз” ХХК, түүний эзэд, удирдлагуудын хамаарал бүхий компаниуд 2015-2018 оны хооронд аж ахуйн нэгж, байгууллагуудтай 78 удаа гэрээ хийжээ. Тухайлбал, доор нэр дурдагдах “Төв сайхан нутаг” ХХК, “Мегагрупп” ХХК, “Мига эрин” ХХК, “Баян констракшн” ХХК, “Паркнайн” ХХК, “Мегамайнз Монголиа” ХХК-д Д.Буянтогтох, П.Инж-Улбаа, Т.Эрдэнэбатхаан, А.Цэнд-Аюуш нар холбоо хамааралтай байгаа юм.
Эдгээр компаниудтай холбоотой баримтуудыг дурдвал:
-“Төв сайхан нутаг” ХХК-д өгсөн гэж бичиг баримт бүрдүүлсэн ч харилцагчид очоогүй зургаан удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 300,601,920.00 төгрөг.
-“Тээлийн шонхор” ХХК-д өгснөөр бүртгэсэн боловч харилцагч нь аваагүй 200,000, 000.00 төгрөг.
Эдгээрийн анхан шатны баримтыг хуурамчаар бүрдүүлсэн.
-“Төв сайхан нутаг” ХХК-ийн 1,150,000,000.00 төгрөг нь харилцан хамаарал бүхий этгээд болох “Паркнайн” ХХК, “Баян констракшн” ХХК-ийн өр зээл төлөх, хоорондын тооцоогоор олгож, зориулалтын бусаар зарцуулсан.
-“Мига эрин” ХХК-д зөвлөх үйлчилгээний төлбөр гэж 80,113.00 ам.доллар буюу 175,714,317.44 төгрөгийг 9 удаагийн гүйлгээгээр касснаас олгосон. Голомт банк дахь 12351...... тоот төгрөгийн, Хас банк дахь 500121...... тоот төгрөгийн данснаас 7 удаагийн гүйлгээгээр 14,714,000.00 төгрөг, нийт 190,428,317.44 төгрөгийг олгож, “удирдлагын зардал”-д бүртгэсэн боловч “Мига эрин” ХХК-ийн бүртгэлд тайлагнаагүй.
-“Паркнайн” ХХК-д 3 удаагийн гүйгээгээр өглөг төлөв гэж 9,525,800.00 төгрөг бэлнээр олгосон нь харилцан хамаарал бүхий этгээд хоорондын зориулалтын бус зарцуулалт болсон.
-“Ар Эс Ти тур” ХХК-д 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Хас банкны 500121....... тоот дансаар шилжүүлсэн 16,909,200.00 төгрөгийг гэрээний дагуу төлбөр гэж шилжүүлсэн боловч гэрээ болон хөндлөнгийн нотлох баримт болох и-баримтаар нотлогдоогүй.
-“Би Эл Би Эс ХХК-д 2016-2017 онд 9 удаагийн гүйгээгээр Голомт банк дахь 12351....... тоот данс болон кассаас нийт 14,969,500.00 төгрөгийг шилжүүлсэн боловч гэрээ болон хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдоогүй.
-Д.Буянтогтохын төрсөн дүү болох Д.Ганхуягт 2017 оны 1,5,6 дугаар саруудад нийт 4 удаагийн гүйлгээгээр 271 мянган доллар буюу 664,589,440.00 төгрөгийг ам долларын кассаас бэлэн мөнгөний зарлагын баримтаар өгсөн. Д.Ганхуягт өгсөн мөнгө нь юуны төлбөр болох нь тодорхой бус, гэрээ болон холбогдох баримтгүйгээр авлага өглөгийн тооцооноос хааж тэглэсэн байсныг А.Цэнд-Аюуш ня-богоос тодруулахад “...“Тээлийн шонхор” ХХК-ийн газар зуучилсны төлбөр” гэх мэтээр тайлбарлах боловч баримтаар нотлогдоогүй.
-Төслийн санхүүжилтээс 2016-2017 онд харилцахаар 7 удаа, кассаас 4 удаа нийт 11 удаагийн гүйлгээгээр хувь хүн, иргэдэд хандив, тусламж болон тэмцээн уралдааны шагнал, ойн арга хэмжээний хандив гэх мэт зориулалтын бус байдлаар 67,425,000.00 төгрөг зарцуулсан.
-Голомт банкинд 814000......, 814510....., 814000.... тоот зээлийн гэрээний төлбөр, зээлийн хүүнд 5,578,267,818.50 төгрөг төлсөн нь зориулалтын бус гүйлгээ гэж үзсэн. Шалтгаан нь 814000.... тоот гэрээгээр 2013 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр 1,5 сая ам долларын зээл авсан боловч харилцсан хамаарал бүхий этгээд болох “Паркнайн” ХХК-иар дамжуулсан “Евро хаус” ХХК-д арматурын төлбөрт гэж 1,250 тэрбум төгрөг шилжүүлсэн тул зориулалтын бусаар зарцуулсан зээл, 814510.... тоот зээлийн гэрээгээр 2016 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр авсан 2,5 сая ам долларын зээлээс 2,5 сая ам долларыг “Төв сайхан нутаг” ХХК-д гэрээт ажлын төлбөр гэж шилжүүлсэн нь гэрээ болон мөнгөний зарцуулалтыг хөөн тулгахад Голомт банк болон харилцан хамаарал бүхий этгээт зээл, өр төлбөрт шилжүүлсэн байх тул зориулалтын бус, 814000...,тоот зээлийн гэрээгээр 2013 оны 09 дүгээр сарын 11, 2013 оны есдүгээр сарын 18-ны өдрүүдэд авсан 2,5 сая ам долларын зээлийн “Мега майнз Монголиа” ХХК- ны УБ хотын банкны зээл, хүүгийн төлбөрт шилжүүлсэнийг зориулалтын бус зарцуулалт болсон.
Маш ноцтой нэг факт бол А.Цэнд-Аюуш нь “Хэнтий аймгийн Бор өндөр сумын нутгаас Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Цагаан хад багт байрлах Чандмань уурхай хүртэл 1,000,000 ам.долларын өртөгтэй 147 км “110кв/т цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажил гүйцэтгүүлнэ” гэж өөрийн хамаарал бүхий “Төв сайхан нутаг” ХХК-тайгаа гэрээ байгуулсан. Тэр үед А.Цэнд-Аюуш нь тус компанийн захиралаар бүртгэлтэй байсан. Гэвчуг ажлыг гүйцэтгэх “Төв Сайхан нутаг” ХХК-ийн захирал гэж тус компанид ямар ч ажил албан тушаал эрхэлдэггүй С.Энхцэцэг, И.Батмөнх нараар гарын үсэг зуруулж илтэд хуурамч, хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад А.Цэнд-Аюуш ”... “Төв сайхан нутаг ХХК-ийг Д.Буянтогтох үүсгэн байгуулсан. “Төв сайхан нутаг ХХК нь энэ ажлыг хийх тусгай зөвшөөрөл байхгүй. Миний нэр уг компанийн нэр дээр бичигдсэнээс би энэ компанийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй” гэж мэдүүлсэн байдаг. Үүнээс гадна тэд “Төв сайхан нутаг” ХХК”-тайгаа 425,000 ам.долларын өртөг бүхий “8 мвт-ын дэд станцын ажил гүйцэтгэх гэрээ”, 1,100,000 ам долларын өртөгтэй “ЦДАШ-ын дэд станцын тоноглол худалдан авах гэрээ”, 27,500,000 төгрөгийн өртөгтэй “Өрөмдлөг тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ”, ” 132,800,000 төгрөгийн өртөгтэй “110/1 кв-ын шугам угсрах гэрээ” № 16/05, 132,800,000 төгрөгийн өртөгтэй ”110/10 кв-ын шугам угсрах гэрээ” №16/06 зэргийг байгуулжээ.
Энэ бол Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг дээрэмдсэн, зувчуулсан, залилсан олон кейсийн ганцхан нь юм.
Харин одоо гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг дахин эх орон руугаа татаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь зөвхөн Засгийн газрын ажил биш бөгөөд Монголын хууль хяналтын байгууллагууд, тэр дундаа прокурорын байгууллагын идэвхтэй үйл ажиллагаа чухал нөлөөтэй болоод байгаа ажээ.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин