Caakmedee

Инфографик: Зохиогчийн эрхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2021/09/09
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ  удаа Зохиогчийн эрхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.  
ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн хамгаалалтын олон улсын гэрээ, конвенц, Дэлхийн Оюуны Өмчийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмж болон бусад улс орны нийтлэг зохицуулалт, чиг хандлага, өөрийн орны онцлогийг харгалзан хуульд дараах шинэлэг зохицуулалтыг тусгасан. Үүнд:
Цахим шилжилттэй холбоотойгоор мэдээллийн сан болон компьютерын программыг бүтээлчээр туурвих шаардлагын хүрээнд мэдээллийн сан, компьютерын программ, технологийн хамгаалалтын арга хэмжээ, өргөн нэвтрүүлэг, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн нэр томьёог хуульчилсан.
Зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацааг зохиогч, эрх эзэмшигч, уран бүтээлчийн саналын дагуу туурвисан, эсхүл нийтэлсэн өдрөөс эхлэн 50 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байна гэж, хавсарга урлагийн бүтээл ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвиснаас хойш 25 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байхаар хуульд тусгасан. Дээрх зохицуулалт нь цаашид өв залгамжлагч ашиг олох, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх тэгш боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлнэ.
Бүтээлийн төрлүүдийг илүү дэлгэрэнгүй олон салбарыг хамарсан байхаар хуульд тусгасан. Ингэснээр бүтээл туурвигчийн бүтээлийг нарийвчлан тодорхойлж өгөх боломж бүрдсэн бөгөөд график урлагийн бүх төрлийн бүтээл, тэдгээрийн зураг төсөл, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, цогцолбор, кино урлаг, компьютерын программ болон мэдээллийн сан зэргийг зохицуулсан.
Зарим бүтээлийн зохиогчийн эрхийн онцлогийг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн илүү дэлгэрэнгүй тодорхойлсон. Тухайлбал, кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээл, компьютерын программ, мэдээллийн сангийн зохиогчийн эрх, мэдээллийн сан ашиглагч этгээдийн эрх, үүргийн онцлогийг тусгалаа.
Дүрслэх урлагийн бүтээлтэй холбоотой зохицуулалт тодорхой бус байсан учраас уран зураг, уран баримал зэрэг дүрслэх урлагийн бүтээлийн зохиогч бусдад бүтээлийн эрхийг өмчлөх, эрхийг шилжүүлэх тохиолдолд бүтээлийг нийтэд дэлгэж үзүүлэх эрхээс бусад бүтээл ашиглах онцгой эрх нь уг бүтээлийн шинэ өмчлөгчид шилжихгүй байх, бүтээл ашиглах бусад онцгой эрхийг зохиогч, зохиогчийн эрхийг энэ хуульд заасан журмын дагуу зохиогчийн эрх эзэмшигчээс авах үүрэгтэй, бүтээлийг худалдан авсан этгээд дахин худалдах тохиолдолд уг бүтээлийн зохиогчид худалдсан үнийн дүнгийн таваас багагүй хувийг төлөх үүрэгтэй байх зохицуулалтыг шинээр тусгасан.
Өргөн нэвтрүүлгийн телевиз, олон сувгийн дамжуулагчдад зохиогчийн эрхийн бүтээлийг олон нийтэд түгээхтэй холбоотой зохицуулалтыг тусгаж өгсөн. Тухайлбал, харилцаа холбооны сүлжээнд зохиогчийн эрхийг хамгаалах, бүтээлийг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглахаас урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын арга хэмжээг нэмж тусгасан байна.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулиар гэрээний төрөл, зохиогчийн эрхийн бүтээл ашиглалттай холбоотой харилцааг тодорхой зохицуулаагүй байсан бөгөөд энэ хуулиар лицензийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, мэдээллийн зорилгоор бүтээлийг хэсэгчлэн ашиглах, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын зорилгоор бүтээлийг хэсэгчлэн ашиглах, хараагүй, сонсголгүй, харааны, эсхүл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүний хэрэгцээнд зориулан ашиглах, архив, музей, номын санд хадгалагдаж байгаа бүтээлээс хэсэгчлэн ашиглах зэрэг гэрээний тодорхой төрлүүдийг хуульчилсан. 
Зохиогч, эрх эзэмшигчдийн эрхээ төлөөлүүлэн хэрэгжүүлэх, хамгаалуулах үндсэн хэлбэр болох хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгосон. Тодруулбал, хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах бүрэн эрх, үүрэг, үйл ажиллагаанд тавих хяналтыг хуулиар зохицуулсан нь онцлог болсон. Хамтын удирдлагын байгууллага нь гишүүн уран бүтээлчдэд тухайн бүтээлийнхээ үр шим, өгөөжийг хүртэх боломжийг бий болгох, менежмент зохион байгуулалт, чадавх, орлого олох зэрэг үйл ажиллагааг сайжруулах зохицуулалтыг нарийвчлан тусгасан.
Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр оюуны өмчийн байгууллагад зөвлөх, бүтээл ашиглалтын тарифыг хянан баталгаажуулах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн эрх, үүргийг тодорхойлж өгсөн.
Зохиогчийн эрхийн тухай хууль батлагдсанаар зохиогчийн бүтээлч үйл ажиллагааны илэрхийллийг хамгаалж, зохиогчид хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгаа бөгөөд аливаа бүтээл туурвигчдыг дэмжин урамшуулах, шинээр бүтээл туурвих боломжийг нэмэгдүүлэх, ингэснээр улс орны эдийн засагт хувь нэмэр оруулах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу