Caakmedee

“Оюутолгой” ус ашигласны төлбөрт Өмнөговь аймгийн төсөвт нийт 122 тэрбум төгрөг төлжээ

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2021/09/09

Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан өчигдөр /2021.09.08/ боллоо.Хуралдаанаар Рио Тинто Зэсийн группийн захирал Б.Болд, “Туркойз Хилл Ресурс” компанийн захирал Стийв Тибоу нараас Ерөнхий сайдад ирүүлсэн захидал, хуулийн зөвлөх, санхүүгийн зөвлөх сонгон шалгаруулалтын талаар хэлэлцэв.
Ерөнхий сайдад ирүүлсэн захидлын танилцуулгыг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго хийлээ. Үүний дараа хуулийн зөвлөх, санхүүгийн зөвлөх компаниудын шалгаруулалтын тухай танилцууллаа. “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн дарга Х.Нямбаатар болон ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын дэд дарга Б. Солонго нар УИХ-ын гишүүдийн асуултад хариулав.
Түр хорооны хурлаар хэлэлцэж, санал солилцсон асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Оюу толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдлын болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг Шалган, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн гишүүд  хуралджээ.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа ахалдаг. “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоолоор “Оюу толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагджээ.
“Оюу толгой” ХХК-ийн албаны хүмүүс ашиглаж буй гүний усны талаар мэдээлэв. Мэдээлэлд, “Оюу толгой”-н уурхайн үйлдвэрлэлийн усан хангамжийн үндсэн эх үүсвэр нь гүний хоолойн газрын доорх усны орд. Уг орд газрыг БОНХАЖЯ-ны Усны нөөцийн зөвлөлийн тогтоолоор баталсан хэмжээнд ашигладаг. Өнгөрсөн сарын 31-ний өдрийн байдлаар нийт 9,278,020 шоо метр ус ашигласан. Гүний хоолойн өндөр давсжилттай усыг зөөлрүүлэн цэвэршүүлж, ус савлах үйлдвэрийг 2011 онд ашиглалтад оруулсан. Уурхайн талбайд ахуйн бохир ус цэвэрлэх дөрвөн байгууламжийг ашигладаг. Үйлдвэрлэлд ашиглах усны 88 хувийг дахин ашигласан гэв. Мөн 2013 оноос 2021 оны 8 сарын 31-нийг хүртэлх хугацаанд ус ашигласны төлбөрт Өмнөговь аймгийн төсөвт 122 тэрбум төгрөг төвлөрүүлсөн.
Монгол Улсын Их Хурлын 92-р тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбогдуулан Гүний хоолойн газар доорх усны ордын ашиглалтын үеийн нөөцийг тооцох хайгуул судалгааны ажил хийхээр Усны газартай ярилцаж байна. Цаашид Улсын усны мониторингийн сүлжээг өргөтгөхөөр төлөвлөж, хараат бус хөндлөнгийн эрх бүхий усны аудитын компани шалгаруулах ажил үргэлжилж байна. Усны аудитын тайланг энэ онд багтааж Засгийн газарт хүргүүлэхээр ажиллаж байна гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ш.Адьшаа өргөтгөсөн уулзалтад хүрэлцэн ирсэн албаны хүмүүст талархал илэрхийлээд тус ажлын хэсгээс Оюу толгойн төслийг гацаах, нийгэмд ташаа мэдээлэл тараах зорилго агуулаагүй болохыг онцлон тэмдэглэв. Засгийн газраас Рио Тинтогийн удирдлагад ил тод нээлттэй хамтран ажиллах талаар удаа дараа байр сууриа илэрхийлсэн. Говийн бүсийн газрын гүний ус нь “Оюу толгой”-н төслийн үр дүнгээс илүү чухал. Олон улсын туршлагад аливаа уул уурхайн олборлолтод хөндлөнгийн байгууллага, шинжээчид дүгнэлт гаргадаг. Гэтэл өнөөдөр “Оюу толгой” өөрөө дүгнэлт гаргаж, түүнийг Засгийн газар олон нийтэд танилцуулж байгаа нь буруу гэв.
Түүнчлэн Цагаан хадаас Гашуунсухайт боомт хүртэлх 20 км шороон замыг арав гаруй жил ашиглаж байгаа нь өнөөдөр “Оюу толгой” хэр ажиллаж байгааг харуулж байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр Өмнөговь аймагт 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг гэж олон нийтэд танилцуулдаг хэрнээ жилийн эцэст үүнийг яагаад “өр” гэж тайлагнадгийг тодруулав.
“Оюу толгой” ХХК-ний Уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Андрю Вилсон аливаа хамтын ажиллагаанд итгэлцэл чухал, ажлын хэсгийн ахлагчийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан итгэлцлийг бэхжүүлэхийн төлөө ажиллана. Гашуунсухайт боомт хүртэлх 20 км шороон замыг шинэчлэх ажил эхэлсэн, ирэх хоёр жилийн хугацаанд дуусгана. Орон нутагт жил бүр 5 сая ам.долларын хөрөнгө оруулж, төсөл хэрэгжүүлдэг. Санхүүгийн албаны хүмүүсээс тодруулж, уг зардал “өр” болгон тайлагнадаг эсэхийг тодруулж, эргэн мэдэгдье гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ш.Адьшаа байгаль орчны хяналт, экологийн тэнцвэрт байдлыг хангахад “Оюу толгой” манлайлагч байх ёстой, удахгүй ажлын хэсгийн гишүүд газар дээр нь ажиллах төлөвлөгөөтэй байгааг танилцуулав.
Уулзалтад “Оюутолгой” ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдлын асуудал хариуцсан Ерөнхий менежер Филип Абрахам, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Шижир-Эрдэнэ, Усны газрын Усны нөөцийн хэлтсийн дарга Д.Өнөржаргал, Эрдэнэс Оюу Толгой ХХК-ий Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу