Caakmedee

Мухар сохроор шүтэн бишрэх нь эрүүл бус үзэгдэл

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2021/09/10
Монгол хүний оюун санааны амьдрал энэ дэлхийн аль ч том шашины шууд нөлөө, оролцооноос өнө удаанаар хол хөндий ангид, чөлөөтэй байсан нэгэн онцлог буй. Өвөг дээдэс маань тэнгэр, газартаа сүсэглэж, эцэг эхээ шүтэж “Дээд хөх тэнгэр эзэн, эцэг минь ээ!, Хөрст алтан дэлхий хатан ээж минь ээ!” хэмээн залбирсаар насыг элээж, уул ус, газар нутгаа өнгөн төрхөөр нь хойч үедээ өвлүүлэн үлдээсээр олон зууныг өнгөрөөжээ.
 
Тэнгэр газар хоёр аав, ээжийн адилаар биднийг бүтээж, төрүүлж, тэвэрч, тэтгэж байдаг нь дээдлэвээс зохих шүтээнүүд мөн билээ. Энэнд эргэлзээ, маргаан үгүй. Тэгвэл бусдын бодож олсон, харь хүмүүсийн бүтээсэн элдэв шашин, түүний урсгалууд, олон бурхад бидэнд хэрэгтэй юу? Ачлалтай юу? Ашиг тус нь хэзээ, яаж, юугаар илэрч байв аа?...
 
Яг үнэнийг хэлбэл Монголчууд биднээс сүүлийн 3 мянган жилийн дотор хичнээн эр, эм хүн бурханы хутагийг олж тэнгэрт гарав аа? Бас хичнээн эр, эм хүн диваажинд шилжин амьдрав аа? Мөнхрөх, мөнх наслах талаарх сураг ажиг, тоон мэдээлэл бий бил үү? Мухар сохроор итгэсэн олон сая хүмүүс 3 мянган жилийн туршид зөвхөн л хууртагдаж явсан гэж үү?...
Бурханы шашны шинээр дэлгэрч байгаа улс орон газар нутагт эхлээд өглөгийн эзэн хэмээгдсэн түших тулах субъектыг олох, түүний тусламжаар сүм хийд барих, тохижуулах, нэр хүндтэй лам багшийг урьж суулгах, шавь нар ба сүсэгтнүүдийг буй болгох, онцолж шүтдэг шүтээнийг залах, сүсэгтнүүдийн хувьд нэр хүндийг олж алдаршсан хутагт, хувилгаадын хойд дүрийг таслалгүй тодруулж байх зэрэг нь уг шашныг дэлгэрүүлж газар авахуулах оновчтой технологи мөн болно.
XVI зууны дунд хавиас эхлэн нийт Монгол даяар амжилттай хэрэгжүүлсэн уг технологи XXI зууны эхээр мөн давтан хэрэглэгдэж эхэллээ. VIII Богдын хойд дүрийг тодруулах, хутагт, хувилгаад гээчдийн хойд дүрийг тодруулах зэргээр уг ажил одоо ч үргэлжилж байна. Төвдийн том толгой лам нарт Монголчууд бид ахиад л хууртагдсаар байх гэж үү? Мэхлэгдэж явжээ гэдгээ бид ойлгочихоод байгаа шүү дээ! Номхон хүлцэнгүй байлгах, баялгийг нь Лхас руу зөөлгөх, хүн амыг нь цөөрүүлэх, хүч чадавхийг нь сулруулах гэсэн харийнхний бодлогыг таслах зогсоох цаг болсон юм биш үү?
Тэгэх аваас ядаж л олон дүрийн Богд гэгээн, хэдэн ч юм хутагт, хувилгаадад өргөл, барьцын хэлбэрээр өгдөг тэр их эд баялаг, эдлэл хэрэглэл, мөнгө төгрөг Монголдоо үлдэх юм даа.
 
Энэтхэгээс, Төвдөөс байн байн ирдэг том лам нарын өвөртлөн буцаж буй валютын (голчлон доллар) хэмжээ 5 жил, 10 жилийн дүнгээр бол олон арван мянга, бүр сая доллар ч хүрэх төлөвтэй болчихоод байна.
Эм, эмчилгээ гээд олон сая доллар хилээр гардаг, шашны эд зүйл гээд олон сая доллар гардаг, их дээд сургууль, магистрантур, докторантур гээд ихээхэн валют гадагшилдаг, дээр нь бараа материал, хүнс, техник хэрэгслийн импорт хэд билээ?... Энэчлэн тоочоод байвал, дээр нь одоо нэгэнт тавьчихаад байгаа өр зээлээ нэмэх аваас юу болж байна вэ хүн ардаа! Эх орон, хувь заяа нэгтнүүд минь ээ!
Өмнө нь байсан 8 Богд гэгээний 2-оос бусад нь Төвд хүмүүс байж, тэднийг дагалдан мөн ч их эд баялаг Төвд рүү урсан одсон билээ. Энэ талаарх мэдээ, баримтын жагсаалтыг наад зах нь Зава Дамдин гавжийн 1931 онд бичиж дуусгасан “Их Монгол оронд Бурханы шашин дэлгэрсэн түүх” (Хор Чойнжун) номоос олж үзэж болох юм. 1558 оноос эхлэн Төвдийн лам нар, хутагт, хувилгаадад Монголын хан нар, ноёдоос өргөн барьсан эд баялгийн ойролцоо хэмжээг мөнхүү номонд буй баримтуудаас (бараг 500 жилийн туршид) үзэж үнэлэх бололцоотой. Зөвхөн л III Далай ламаас эхлэн XIII Далай лам нарт өргөн барьсан алт, мөнгө, эд баялаг гэхэд л хэний ч нүд орой дээрээ гарахуйц их ажээ.
Тэр их хөрөнгөөр Чингис хааны ордон музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний соёлын өв сангийн ордон музей, Үндэсний номын сан хөмрөгийн ордон музей бүхий нэгэн хотыг ч барьж, бүтээж болох байжээ.
 
Сүсэгтэн олонд үйлчилж буй нэрээр ламын шашин бизнес хийж, сүм хийдүүд ашгийн төлөөх байгууллага болж, үлэмж хэмжээний эд баялаг, алт, мөнгө Төвд орны толгой том сүм хийдүүдрүү урссаар олон зуун жил өнгөрчээ.
 
Өнөөдөр дээр нь сүсэгтэн олны өргөл, мөргөлийн холбогдолтой аялал, жуулчлал урагшаа болон хойшоо хичнээн өргөжиж байна вэ?
Ард түмний оюун санааны амьдрал, хувь хүний сэтгэл зүй, ёс зүй, гоо зүй, нийгмийн асуудлуудыг шинжлэх ухаанчаар ойлгох судлах болсон эдүтээ цагт Монголчууд бид Буддагийн хүмүүнлэг энэрэнгүй үзэл, сургаалыг орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг, ололтод тулгуурлан ойлгох, тайлбарлах, хөгжүүлэх бололцоотой болчихжээ. Ингэхлээр түүний үзэл, сургаалыг мухар сүсэг шашны бүх шавааснаас нь салгах, хир буртгийг нь угааж цэвэрлэх боломж мэдлэг, мэдээллийн хувьд ч, онол-аргазүйн хувьд ч, шинжилгээний техник, хэрэгслийн хувьд ч, бэлтгэгдсэн боловсон хүчний хувьд ч бэлээхэн байгаа гэсэн үг юм.
Гэхдээ мухар сохроор шүтэх, сөгдөх, даган баясах, бас "юмыг яаж мэдэхэв дээ” гэсээр хаширлан алга хавсран бөхийдөг хүмүүст “Больцгоо!” гэж би хэлэх гээгүй юм шүү. Шүтэх, бишрэх эрх чөлөөг манай улсын Үндсэн хууль зарлан тунхаглаад бас батлан хамгаалж байгаа билээ. Гэхдээ эх орон, нутаг нэгтнүүд минь ахин дахин эргэцүүлж бодоорой доо. Үр хүүхдүүдээ болж өгвөл шинжлэх ухааны үнэн мэдлэгт түшиглэн аж төрөх чигт үлгэрлэж дагуулж байгаарай.
 
Судлаач, профессор Д.Чулуунжав
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу