Уншигч та санаж байгаа байх л даа. Ноднин зун, намрыг бодохноо амар жимэрхэн сайхан байж дээ гэж. Цар тахал ирж явна гэж арай эрт сүржигнэснээс биш амьдрал яг л хуучнаараа урсаж байлаа. Дэлхийг цочроосон цар тахал хэмээх аюул хаяа хатавчинд тулаад ирчихсэн тэр цагт бид түүнд дийлдээ ч үү, үгүй ч үү гэж эндүүрч байж. Зарим хэсэг маань монголчууд бид тэнгэр заяатай, орчлонгийн хүмүүс дундаас огт өөр төрсөн юм чинь гэж онгирцгоож уг тахалд нэрвэгдчихээд байгаа улс орныг бараг л шоолох янзтай суув даа. Гэтэл ноднин жихүүн цагийн түрүүчээр цар тахал өвчнийг дотооддоо алдаад тэр онгироо зангаа, ончирсон үгсээ мартсандаа. Төр засаг ч эхлээд байдгаараа хөдөлж олон шийдвэр гаргаж тэмцсэн. Улс, хот, аймгийн онцгой комисс өдөр шөнөгүй л ажиллав. Урьд нь ийм гамшигтай учирч байгаагүй юм болохоор алдсан, оносон юм байсан л байх. Хөл хорио, цээрийн дор байж ч үзсэн. Тэр бүхний дүнд цар тахлын халдварыг намдааж байсан үе ч бий. Тэгсээр бараг жилийн нүүр үзлээ шүү дээ.
Дурсамждаа цэг тавьж өнөөдөр цар тахлын нөхцөл байдал ямар байгааг анзааръя.
Багцаа дүнгээр Монголд нийт 270 гаруй мянган хүн “COVID-19”-өөр өвчилж түүний 80 гаруй хувь нь эмчлэгдэн эрүүлжсэн байна. Харин харамсам юм нь энэ өвчнөөр 1020 гаруй хүнээ алдчихлаа. Сүүлийн өдрүүдийн мэдээг харвал 24 цагт халдвар авагсдын тоо зарим үед 3000 хол давсан удаа бий. Бас маш хүнд өвчтний тоо хоногоос хоногт өсч байгаагаас нас барагсдын тоо хоёр оронтой голдуу байх болов. Энэ бол монголчуудад гамшиг нүүрлэжээ гэж хэлэхэд багадна.
Бас болоогүй ээ. Коронавирусийн шинэ хувилбар дельтавирус гэгч ороод ирж гэх. Одоо хоногт бүртгэгдэж байгаа халдварын 60-70 хувь нь тэр дельтавирус гэж оношлогджээ. Уг вирус өмнөхөөсөө илүү халдвартай, хурдан тархдаг гэж судлаачид цэцэрхэн ярих юм билээ.
Тэгвэл энэ үед цар тахалтай хийж буй тэмцэл ямар байна вэ гэвэл олон түмний дунд янз бүрийн л ойлголт байх шиг. Улс, хотын онцгой комисс олигтой ажиллахаа байлаа.
Халдвар хүчтэй тархаж өвчлөл ихсээд байгаа нь тэдний буруу гэх нэг хэсэг байхад, төр, засаг авах арга хэмжээгээ авсан, цаг үедээ тохируулан бэлэн байдлын зэргийг бууруулж тогтоосон. Хоригтой байсан бүхнийг шат дараалалтайгаар нээж өгсөн. Цаашид ч нээх гэж байгаа.
Жил хэрээтэй хоригт байсан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зөвшөөрөв. Энэ нь амьдралын шаардлагаар бий болсон зүйл гэх хүн түүнээс ч олон бололтой. Зах, дэлгүүр худалдаа чөлөөтэй нь аргагүй ажиллаж байна.
Тэгснээр улс орны эдийн засагт нэмэртэй, иргэдийн ахуй амьдралд тусаа өгч байгаа гэж хэлэхэд болно.
Төр, засгаас анхааруулж байгаа гол юм юу байна гэвэл хүн бүр вакциндаа хамрагд, эрүүл мэндээ хамгаалах нь өөрийн чинь үүрэг шүү гэдгийг өдөр бүр сануулж байна.
Дэлхий нийтийн жишиг, бусад улс орны байдал ч тийм байгаа. Гэхдээ халдвар нэмэгдэж, олон хүн амь насаа алдаж байгааг зөвтгөж байгаа хэрэг биш л дээ. Гагцхүү энэ цагт цар тахалтай хийх тэмцлийг хувь хүн авч явах тийм үе болоод байгаа юм гэдгийг онцлоё.
Гэтэл давтан вакциндаа хамрагдаарай гэхээр туршилтын туулай болохгүй, хийлгэх эсэх нь миний эрх гэх хүн байх юм. Бас вакцин хийлгэлээ гээд мөнгө өгөх юм уу гэх бодолтнууд ч тааралдах. Тэд бол хэний төлөө эрүүл яваагаа ухаардаггүйчүүд юм. Хөдөлмөрлөдөггүй хэрнээ халдвар аваад өвчлөхөөрөө төр, засгийн буруу, идэх хоолгүй өлсөх нь төр, засгийн алдаа гэдэгчүүл цөөнгүй л байдаг болжээ. Үүний зэрэгцээ цаг үеээ мэдрэхгүйгээс, хуучин арга сэтгэлгээнээс салж чадахгүйгээс алив тохиолдол, үйл явдлыг улс төржүүлж ярих бас л нөгөө төр, засаг руу бурууг чихэх гэж оролдогчид байна.
Сая даа. Гурав хоногийн өмнө Хүүхэд, залуучуудын паркад болсон “Цахим үндэстэн” хөтөлбөрийн нээлт, шоу арга хэмжээ болсныг ашиглан буруугаар тайлбарлахыг оролдогчид сощиал ашиглан Засгийн газар буруутай гэж орилолдох нь гайхмаар. Цар тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдлын дэг журмыг зөрчиж шөнөөр олон мянган залуусыг цуглуулж шоудлаа. Үр дагавар нь юу болохыг таахад бэрх.
Уг шоуг зохион байгуулсан Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ буруутай. Засгийн газар огцороход ч болно гэсэн сүржин мессеж хөврөв. Уг нь Монгол Улсын Засгийн газар “Цахим үндэстэн” санаачилгыг гаргаж Харилцаа холбоо мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарласан бий. Урьд нь нэвтэрсэн төрийн үйлчилгээний нэгдсэн систем. “E-Mongolia” үр дүнгээ өгч иргэд бид бичиг баримтаа биедээ заавал авч явах шаардлагагүй болж гар утасны аппликейшнээ ашиглах эхлэл тавигдсан. Энэ тухай ойлголтыг улам хөгжүүлэх. 2023 онд улсын хэмжээнд нэвтрүүлэхээр зорьж буй 5G сүлжээний ид шидийг өргөн таниулах зорилготой нэгэн арга хэмжээ нь энэ шоу байлаа.
Гэтэл үүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн дэг журамд хориглосон олон нийтийг хамарсан буруу ажил хийлээ гэж эндүүрэв. Эндүүрсэн гэж хэлснээ тайлбарлавал энэ чинь задгай талбайд зохион байгуулсан ажил. Хэн нэгнийг урилга тасалбараар албадан аваачаагүй, ашгийн бус ажил байсан.
Хүн бүр шахам гар утсаа маажин шинээр суралцах, мэдээлэл авах гэж мэрийдэг болсон цагт яв цав нийцсэн үйл явдал мөн юм. Тэгвэл цаана чинь хар зах дээр, дэлгүүрт халдвар хамгааллын дэглэм яаж зөрчигдөж байнав.
Автобус унаанд юуны зай барихтай манатай шахцалдан холилдож л байгаа. Баар, ресторанд бөөн бөөнөөрөө цуглаад идэж ууж наргиад л. Энэ бүхэндээ халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж байгаа. Тэр олон дүр зургийг саяын шоуныхтай зэрэгцүүлээд үз дээ. Огт өөр харагдана биз. Утга агуулгын хувьд ч ондоо юм.
Тиймээс болж бүхнийг буруутгах, улс төржүүлэх бус иргэн бүр өөрөө эрүүл мэндээ хамгаалах нь чухал байна шүү дээ. Олон хүнтэй газраар болж өгвөл битгий яв, маскаа битгий салга, гараа сайн угаа гэсэн сануулгыг бүү март! Тэгснээр өөрийгөө, гэр бүлээ халдвараас хамгаална. Харин дэлгүүр болон үйлчилгээний газруудад үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмждэг, ОR код уншуулдаг, гарыг ариутгадаг эхлэл нөгөө монголын хууль гурав хоног гэгчээр бараг алдарчээ. Үүнийг сэргээмээр санагдана. Халдвар тархдаг нэг гол юм найр хурим, элдэв цэнгээн. Одоо намрын дунд сарын 17 боллоо энэ тэр гээд найрлах нь ихэдвэл цар тахлын “хоол” болно гэсэн үгийг иргэн бүр саная. Баар, ресторанд очиж нарги, зах руу заавал оч гэсэн албадлага хэнд ч ирэхгүй шүү дээ.
Цар тахлын гамшигтай зэрэгцэж амьдрах тийм хандлага өнөө үед зөвхөн Монголд байгаа юм биш. Дэлхий нийтийн жишиг ч тийм байна. Ер нь тулж ирсэн зовлонг туулж гарахаас өөр зам байхгүй гэсэн үг ч байдаг.
Өнөө цагт улс орон бүр л тийм замаар явж байгаа цаг дор бид амьдарч байна. Гагцхүү шалгарал нь иргэн бүрийн хичээл зүтгэл, үүргээ хэрхэн биелүүлэхээс л шалтгаална шүү дээ.
Эцэст нь хэлэхэд хариуцлагын асуудал хөндөж байгаа болохоор хэн нэгэн халдвар авлаа гэдэг бол өөрөө хариуцлага алдсаных .
Бурууг бусад руу чихэж хэн нэгнээс хариуцлага нэхэх нь цар тахлын энэ цаг үед байж болшгүй зүйл мөнөөс мөн л дөө.
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин