Caakmedee

Шатахуун тасарсны шалтгаан юу байв?!

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2021/09/28


Оросууд санаатай, санаандгүй шатахууны крантаа мушгихад л Монгол Улсын авто хөдөлгөөн нам гацаж байна. Хөнгөхөөн дүгнэвэл Ангарскийн үйлдвэр засварт орж экспортоо багасгасан нь манайд ийм “чичиргээ” үзүүлжээ. Ер нь манай шатахууны хангамж Оросоос шууд 96 хувийн хамааралтай явж ирсэн. Үлдсэн дөрөв орчим хувийг Хятадаас зөөдөг. Гэхдээ Хөх хотын нефтийн үйлдвэрт нь асуудал гарахад шатахууны 4-5 хувийн нийлүүлэлт тасарчихна гэсэн үг.  

МЕНЕЖМЕНТИЙН АЛДАА ЮУ? 
Хэд хоногийн турш хотын замын хөдөлгөөн 20-оос дээш хувиар буурч, нийтээрээ машин тэргээ тавиад алхлаа. Ихэд бухимдацгаав. Аргагүй. Ингээд шатахуун тасалсан буруутнаар Засгийн газрыг тодрууллаа. Тэр дундаа хамгийн гол буруутнаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон тодров. Иргэдээс гадна эдийн засагчдын зүгээс салбарын яам хийгээд албан тушаалтнуудыг буруутгаж байна. Товчоор хэлэхэд, энэ нь менежментийн алдаа гэж байгаа юм. Учир нь Оросын Ангарскийн нефтийн үйлдвэр засварт орж, шатахууны экспортоо хумина гэдгээ 2021 оны наймдугаар сард мэдэгдсэн. Монголд шатахуун нийлүүлэхгүй хэд хоновол явгарах вэ гэдгийг мэдэхийн дээдээр мэднэ. Гэтэл энэ хооронд төрийн зүгээс яриа хэлэлцээр хийж, шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байх бизнес менежментийг хийгээгүй. Хямралд хүргэсэн будилааны эзэд нь ЭХЯ, УУХҮЯ-ны сайд түшмэдүүд, тэдний бүрдүүлсэн баг, харьяалагдах агентлагийн холбогдох мэргэжилтнүүд гэх дүгнэлтийг хийж байгаа юм. Ер нь бол энэ нь дээрх яам, тамгын ажилтан, албан тушаалтнуудын туршлага, ур чадвар муугийнх гэв.

Эцэстээ энэ саатлыг УУХҮЯ-ны төлөөлөгчид шатахуун импортлогч хувийн хэвшлийн компаниудтай хамтдаа явж хэлэлцээр хийж байгаад нэг удаад шийдээд ирлээ. Дүнд нь энэ сарын 23-ны өдөр есдүгээр сард яаралтай нийлүүлэхээр тохирсон 1500 тонн АИ-92 шатахууны үлдсэн 300 орчим тонн АИ-92 авто бензин ачсан таван вагон үйлдвэрээс ачигдан замд гарсан.

Хятадаас худалдан авч буй 2750 тонн шатахуун ачсан эхний 50 вагон Замын-Үүдэд 2021 оны есдүгээр сарын 26-ны 20:00 цагт иржээ.
Ер нь бол есдүгээр сарын 27-30-нд ОХУ болон БНХАУ-аас нийт 9750 орчим тонн АИ-92 авто бензин орж ирэхээр болсон. Энэ  нь манай улсын АИ-92 шатахууны найм хоногийн хэрэглээ ажээ.
 
Энэ талаар УУХҮЯ-наас өчигдөр мэдээлэл өгөхдөө “... Аравдугаар сарын 1-нээс аж ахуйн нэгжүүдийн захиалга 44 мянган тонн болон есдүгээр сарын захиалгын үлдэгдэл 9000 тонн газрын тосны бүтээгдэхүүнийг Оросоос манайд нийлүүлэхээр байна. “Роснефть” компани засварын ажлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа бидэнд мэдэгдсэн. БНХАУ-аас 150 вагоныг есдүгээр сард багтаад нийлүүлнэ. Шилжүүлэн ачих байгууламжид 32 вагоныг шилжүүлэн ачсан бөгөөд үргэлжлүүлэн ажиллаж байна. Дараагийн ээлжийн 50 вагон Эрээнд ирж байгаа гэх мэдээлэл ирсэн. Улаанбаатар хотод өдөрт дунджаар 1000 тонн авто бензин хэрэглэдэг. Шатахууны аж ахуйн нэгжүүдэд жигд хуваарилах ажлыг зохион байгуулж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэд маань хүлээцтэй хандахыг хүсье” гэлээ. 
 
...Өнгөрсөн хэд хоногт шатахууны асуудал нь манай улсын сул тал, эмзэг цэг гэдгийг бид ясандаа тултал мэдэрлээ. Цаашдаа Ангарскийн нефтийн үйлдвэр дахин дахин засварт ороод байвал яах вэ. Хөх хотын нефтийн үйлдвэр бас л асуудалтай болж, Хятадын гүнээс ойгүй өндөр үнээр шатахуунаа зөөхдөө тулах уу. Ингээд байвал юу болох вэ. Эндээс гарах ганц л гарц бий. 
 
ОЮУТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ БАЙСАН УУ? 
Анхаарал татсан нэг мэдээлэл өчигдөр хэвлэлүүдээр түгсэн. “Оюутолгой” компанийн зүгээс нэр бүхий шатахуун импортлогч компаниудтай хамтран ажиллах гэрээгээ үргэлжлүүлэхээр болжээ. Тус компани нь “Петровис”, “М-Ойл”, “Шунхлай”  компанийн Шатахуун нийлүүлэх гэрээг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-нээс дахин хоёр жилээр сунгахаар шийдвэрлэсэн байна. Уг гэрээ нь жилд дунджаар 160 орчим сая ам.долларын өртөгтэй. “Оюутолгой” нь Монголд хэрэгжиж буй хамгийн том төсөл бөгөөд дотоодын компаниуд энэ төсөлтэй хамтран ажиллахын тулд их хүч зардаг. Ер нь ийм хэмжээний дүнтэй гэрээ манай шатахуун импортлогчдын хувьд аманд орсон шар тос гэсэн үг. Тэгээд гэрээгээ хоёрын хоёр жилээр сунгахаар шийдвэрлэнэ гэдэг бол манай хэдэд маш том боломж олгож байгаа хэрэг. 

Харин Засгийн газар Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад ашигтай болгохоор хэлэлцээрийг эхлүүлсэн. Амжилт бий. Бас гацаа саад ч үүсээд байгаа гэх мэдээлэл бий. Учир нь манай талын санал хөрөнгө оруулагчдад таалагдахгүй нь тодорхой бөгөөд Засгийн газар шахалт үзүүллээ гэж үзэж буй юм. Тиймээс шатахуун импортлогчдын гэрээгээр хөшүүрэг хийж Оросоос нийлүүлэх шатахууныг саатуулав уу гэсэн хардлага байна. Учир юу гэвэл хөөрхий Г.Ёндон сайд Оросоос экспортоо хассаныг нөхөхөөр Хятадтай гэрээ байгуулсан. Гэтэл аль аль нь гацаж энэ байдал үүссэн гэж байн байн хэлээд байна лээ. Энэ үнэний ортой бөгөөд Оросын тал өмнө нь нийлүүлж ирсэн шатахууны хэмжээг тал хувиар багасгахаар мэдэгдсэн. Манайхан ч арга хэмжээ авч Хятадаас авах тохироог хийсэн. Гэтэл үлдсэн тал хувь нь ч гэнэт ирэхээ больж, Монголд дажин болжээ. 

Энд бас нэг сонин зүйл харагдаад байгаа юм. Г.Ёндон сайд 2021 оны есдүгээр сарын 21-нд “...Өчигдөр өглөө ОХУ-аас аравдугаар сарын 1 хүртэл 90-10 мянган тонныг нийлүүлэх боломжгүй гэдгээ гэнэт мэдэгдлээ. Мөн БНХАУ-ын Боловсруулах үйлдвэрээс төмөр замд вагон тавих боломжгүй гэж мэдэгдсэн” гэв. Тэгэхээр есдүгээр сарын 20-нд хоёр хөршөөс ирэх шатахуун нийлүүлэлт тасрах нь тодорхой болжээ. Тэгвэл үүнээс долоо хоногийн өмнөөс зарим импортлогч АИ-92 шатахууны түгээлтээ зогсоосон. Өөрөөр хэлбэл, хомсдол үүсчихээд байжээ. Энэ талаар АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр 2021 оны есдүгээр сарын 14-нд мэдээлэл өгөхдөө “...Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний нийт нөөц 28 хоног байна. Тухайлбал, АИ-92 шатахуун 21, дизель түлш 35, АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байна. Хомсдол огт үүсээгүй. Тодорхой хэмжээний нөөц багассан асуудал бий. Бид газар дээр нь очиж ажилласан. “Шунхлай” компанийн 4-5 газарт бүтээгдэхүүн борлуулахгүй байсан бол өнөөдрөөс борлуулалтаа хийж байна” гэсэн байдаг. 
 
ГЕОПОЛИТИК УУ? 
Хамгийн түрүүнд хийж болох дүгнэлт бол энэ юм. Далайд гарцгүй, хоёр том хөршийн дунд оршдог Монгол Улс өдийг хүртэл дотооддоо шатахуунаа үйлдвэрлэдэг болсонгүй. Нефтийн үйлдвэрийг 30 жил яриад гурван жилийн өмнөөс Энэтхэгийн зээл тусламжийн хөрөнгөөр барьж эхлээд байгаа юм. Гэхдээ тэр үйлдвэр хэзээ дуусаж, жил бүр Хятад руу зөөдөг сая гаруй тонн түүхий нефтээ боловсруулдаг болох нь аанай л тодорхой бус.
Ингэж шатахууны хэрэглээ нь хоёр хөршийн хяналтын дор явж ирсэн. Уг нь монголчууд шатахуун үйлдвэрлэдэггүй байх нь хоёр хөршид хэрэгтэй. Манайх жижиг ч гэсэн хөршүүдийн шатахууны зах зээлийн талбар гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Оросын тухайд жилд Монголд 1.8 сая орчим тонн шатахуун экспортолно гэдэг жижиг биш шүү дээ. 
Дээрээс нь тог цахилгаан нь бас хойд хөршийн хараанд байдаг. 
Энэ бүхэнтэй уяад юу хэлэх гээд байна вэ гэхээр сүүлийн 30 жилд Монголд нэн чухал хэрэгцээтэй, шатахуун, цахилгаан хоёрыг өөрсдөө хангачих бүтээн байгуулалтын том төсөл хөдөлж байсангүй. Өнөөг хүртэл энэ улсыг удирдаж ирсэн улстөрчид, улс төрийн хүчнүүд тэмээ гэхээр ямаа гэдэг шиг том төсөл гэхээр баахан жагсаалт ярьдаг. Гэвч усан цахилгаан станцууд, Тавантолгойн цахилгаан станц, төмөр зам, тээвэр ложистикийн төслүүд яагаад гацаанд байсаар ирсэн бэ гэдгийг бодох хэрэгтэй юм. Яг үнэндээ ийм төслүүдэд хоёр хөрш таатай ханддаггүй гэдгийг хаана хаанаа мэднэ. Төр түшиж явсан эрхмүүд мэдэхийн дээдээр мэднэ. Харамсалтай нь энэ хараат байдлаас гарах хэмжээний төслүүд хөдлөх болохоор манай төрийн түшээд, сайд нар хүртэл хоёр хөршийн төлөөлөгч болчихсон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн шийдвэр гаргах түвшний хүмүүс дээрээ орж “үг”-ийг нь дамжуулаад айлгачихдаг гэдэг юм. Тэгээд л нөгөө төсөл нам гацдаг. 
Сая харин 60 жил ярьсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг хөдөлгөлөө. Энэ нь монголчуудын хувьд түүхэн сайн мэдээ юм. Төсөл саатахгүй хэрэгжвэл 61 сар буюу таван жилийн дараа баруун таван аймгийн “унтраалга” Улаанбаатарт ирчихнэ. Энэ төсөл эхэлтлээ ямар “зовлон” туулсныг өнөөдрийн эрхэм түшээд ярьцгааж л байна. Магадгүй засаг дээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг хөдөлгөсөн “алх цохисон” нь шатахууны саатлаар илэрсэн байхыг үгүйсгэх аргагүй юм.
Ер нь тэгээд эхэнд хэлсэнчлэн хоёр их хөршийн дундах юу ч бүтээдэггүй, ангаахай шиг бүх хэрэглээгээ тэднээс харж суудаг монголчууд бид их гүрнүүдийн геополитикийн бодлогын төвд нь биш ч хэрчээсэнд нь явж байдаг гэдгээ мартаж болохгүй. Харвардын профессор Самуэль Хантингтоны онолын “...Орос, Хятадын иргэншлийн хооронд сөргөлдөөн үүсэж, үр дүнд нь Монголыг 47 дугаар өргөргөөр хуваагдана” гэсэн таамгийг санаж л байх ёстой юм. 
 
ЭЦЭСТ НЬ 
Өнгөрсөн хэд хоногт шатахууны асуудал нь манай улсын сул тал, эмзэг цэг гэдгийг бид ясандаа тултал мэдэрлээ. Гэхдээ муу юманд сайн тал байдаг. Цаашдаа Ангарскийн нефтийн үйлдвэр дахин дахин засварт ороод байвал яах вэ. Хөх хотын нефтийн үйлдвэр бас л асуудалтай болж, Хятадын гүнээс ойгүй өндөр үнээр шатахуунаа зөөхдөө тулах уу. Ингээд байвал юу болох вэ. Эндээс гарах ганц л гарц бий. Нефтийн үйлдвэрээ л түргэн барьж дуусгах нь чухал болж байна. Жил бүр урагш нь зөөдөг сая гаруй тонн түүхий нефтээ эндээ нэрж, “монгол шатахуун”-аа гаргах хэрэгтэй гэсэн үг.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу