Caakmedee

“Тамын тогоо” буюу Улаанбадрах суманд ураны олборлолт эхэлжээ-III

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2021/10/04

“Бадрах энержи” ХХК Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээ
хэрхэн батлуулсныг АТГ шалгах хэрэгтэй
 
“Айлын хоттой мал гэдэг чинь дандаа л үхэж байдаг юм биш шүү дээ. Мал өвдөхгүй өдөр гэж байхгүй боллоо. Цөхрөнгөө бараад нутгаасаа дүрвэж хүртэл үзлээ. Даанч  мал нутаг руугаа  гүйгээд тогтохгүй юм. Үргэлж хашаад байлтай биш дээ. Үнэхээр хэцүү байна. Сүүлдээ хүн нь хүртэл өвчилж байна. Хүний санаанд оромгүй хачин жигтэй зүйлтэй нүүр тулж явна даа. Өрөөл татанхай, уруул ам нь сэтэрхий хүүхдүүд гарч байна. Төр түмэндээ зовлонгоо дэлгэж зөндөө л хэллээ. Гэвч бидний үг зүрхэнд нь хүрдэггүй юм байлгүй дээ. Энэ чигээрээ яваад байвал Улаанбадрах сум төгсгөл болох байх” хэмээн ярих малчдын үг үнэхээр уйтай. “Хүүхэд төрүүлэхээс айж, мал маллахаас шантарч” буйгаа өчих Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэдийн үгийг төрийн гурван өндөрлөг,  хууль тогтоогч 76 гишүүн та бүхэн анхааралдаа авч, арга хэмжээ авах сэтгэл, зүрх бий гэдэгт найдаж байна. “Худгийнхаа уснаас сүүтэй цай чанахаар ээдчихээд байгаа” тухайгаа иргэд өгүүлэх юм. Ундаалж буй ус нь уухын аргагүй болж байгаа гэнэ.
Мэргэжлийн байгууллагаас худгийнх нь ус хатуулаг ихтэй, төрөл бүрийн химийн бодисын найрлага өндөр гарч байгааг ч тогтоожээ. Одоогийн байдлаар найман ч худгийн усыг “Хүн, мал ууж хэрэглэж болохгүй” гэсэн дүгнэлт гаргаж, лацдаж хаасан гэх. Харамсалтай нь, хатаж үхэлтэй нь биш малчид тэндээсээ уусаар байгаагаа учирлаж байна. Зарим нэгэн нь нэг талдаа 30 гаруй километр явж, ундныхаа усыг зөөж байгаа аж.
 
Уг нь гэрийнх нь хажууханд худаг байгаа ч дэргэд нь уран олборлолтын уурхай ирээд эзэгнэчихсэн байна.
“Бадрах энержи” нэртэй тус компани Улаанбадрах суманд ураны ашиглалтын гурван ч лиценз эзэмшээд үйл ажиллагаагаа эхлүүлээд амжжээ.
Хамгийн гол нь тус компани ураныг “Газар доор уусган олборлох” технологиор олборлох юм байна. Компанийн танилцуулгад дурдсанаар “Зөөвч-Овоо” ордоос 20 тонн уран олборлохоор зэхэж буй аж. Энд хамгийн том анхаарал татах асуудал үүсээд буй юм. Өнгөрсөн хугацаанд “Дулаан-Уул” ордоос 2.8 тонн ураны шар нутаг гаргаж авахад 440 тонн хүхрийн хүчилтэй шингэнийг хөрсөнд шахсан байдаг нь баримтаар батлагдаад буй. Тэгвэл 20 тонн уран олборлоход 2.8 тонн уран олборлоход ашигласан хүхрийн хүчлийн шингэний хэмжээ даруй 10 дахин их өснө гэсэн үг. Тэр их химийн бодис газрын хөрсөнд шахах цагт Улаанбадрах төдийгүй ойролцоо Хөвсгөл, Зүүнбаян, Сайншанд зэрэг хил залгаа сумдын цаашлаад Дорнын их говийн хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлөх бол гэсэн төсөөлөл тархи, зүрхтэй хэн бүхэнд буй болж байгаа биз. Асуудлын гол нь энд л буй юм.
Манай сонины сурвалжлах баг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант баг, Баянбогд баг, Сайншандын тавдугаар баг, Сайхандулаан сумын нэгдүгээр баг, Зүүнбаянгийн төвөөр явж орон нутгийн малчид иргэдтэй уулзаж ярилцаж үзлээ. Иргэдийн үгнээс нэг л зүйлийг анзаарсан. Тэр нь энэ бүс нутгийн ундны асуудал. Хатуулаг өндөртэй ус ууснаас болж, дотрын өвчлөл ихэссэн гэнэ. Цаашлаад төрөх насны эмэгтэйчүүдийн дунд дутуу төрөлт нэмэгдсэн байна. Цацрагийн хор байж ч магадгүй тухай иргэд хэлж байна. Уран олборлолтоос байгаль орчин, хүний эрүүл мэндэд үүсэх асар их хор уршгийг амтай болгон нь ярьж байна. Сэрэмжилж ч байгаа аж.
Урьд нь буюу 2010 оны эхээр энэ бүс нутагт Францын Арева группийн охин компани “Кожеговь” Дулаан-Уул ордод туршилтын олборлолт явуулснаас үүдэлтэй хор уршиг өнөөдөр хүртэл яригдсаар. Ийм байхад дахин “Бадрах энержи” ХХК уран олборлохоор уухайлан дайрсан нь нутгийн иргэдийн зүрхэнд хутга зоохтой л адил үйл явдал болоод байна. Хуулиараа бол тухайн орон нутагт уул уурхайн компани үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг орон нутгийн иргэд өөрсдөө олгох ёстой. Гэтэл “Бадрах энержи” ХХК Багийн иргэдийн цаашлаад Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталж зөвшөөрөөгүй “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ”-гээ Байгаль орчин, аялал жуучлалын яамаар зөвшөөрүүлсэн байгаа тухай өмнөх цувралд өгүүлсэн билээ. Орон нутгийн Засаг захиргааны байгууллагаас нь уурхай эхлүүлэхийг зөвшөөрүүлээгүй байж, салбарын яамаар давж батлуулсан байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Энэ бүхний цаана албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэсэн авлига хээл хахуулийн хэрэг ч байхыг үгүйсгэхгүй. Тиймээс АТГ “Бадрах энержи” ХХК Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээ БОАЖ-ын яамаар ямар шугамаар батлуулсан бэ гэдгийг шалгах хэрэгтэй.
 
“ДЭЭРЭЭС ЗӨВШӨӨРСӨН”
 
Цаанаасаа, дээрээсээ гэдэг үгээр бамбай хийсэн албаныхныг юу гэж нэрлэвэл зохилтой вэ. Төрийг төлөөлж, түмэн олныхоо эрх ашгийг хамгаалахын төлөө явах учиртай Мэргэжлийн хяналт, байгаль орчны улсын байцаагчдын гол ажил нь үнэнийг олж тогтоож, ураны уул уурхайн компанид хяналт тавих учиртай. Мэдээж өөрт оногдсон чиг үүргийн дагуу ураны олборлолт байгальд хортой эсэх, хүн малын эрүүл мэндэд нөлөөлөх аюултай юу зэрэгт анхаарал хандуулж, төрийн нэрийн өмнөөс шаардлага тавих эрхтэй. Тэгвэл Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналт энэ асуудал дээр хэр ажиллаж байна вэ. Нөхцөл байдлыг тодруулахаар тус аймгийн Мэргэжлийн хяналтын байгаль орчны улсын байцаагч Э.Анхбаяртай утсаар холбогдлоо.
-Танай аймгийн Улаан­бадрах суманд үйл ажиллагаа явуулж байгаа”Бадрах энержи” ХХК-ийн үйл ажил­лагаанд Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж байгаа юу?
-Хийсэн.
-Хэзээ?
-Хамгийн сүүлд энэ оны зургаадугаар сард шалгалт хийсэн. Шалгалтын дүн мэдээ­гээ аймгийн Иргэдийн Төлөө­лөгчдийн хуралд явуулсан.
-Шалгалтаар тухайн компанийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил дутагдал илэрсэн үү?
-Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэл­гээ, ТЭЗҮ нь батлагдчихсан байсан. Тийм болохоор үйл ажиллагаа нь явах нь тодорхой.
-Энэ компани уран олборлоно. Таны хувьд уран олборлох үйл ажиллагаа байгаль орчинд хэр нөлөөлнө гэж хувьдаа бодож байгаа вэ?
-Зөвшөөрлөө дээрээс авчихсан юм чинь үйл ажиллагаа нь явах л байх даа. Миний бодол ийм л байна гэв. Тэрээр үүнээс өөр мэдээлэл өгөхийг хүсээгүй бөгөөд “Шалгалтын дүн мэдээллийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд явуулсан тэндээс мэдээлэл аваарай” хэмээсэн юм.
Харин аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргатай холбогдож, “Бадрах энержи” ХХК-д хийсэн хяналт шалгалтын мэдээлэл авахыг хүссэн боловч цахим хуралтай завгүй байгаа гэх шалтгаанаар гаргаж өгсөнгүй. Ийнхүү Дорноговь аймгийн нутаг дэвсгэр дээр ураны олборлолт албан ёсоор эхэлчихсэн нь нэгэнт тодорхой боллоо. Харин энэ асуудал дээр анхаарч, аюулгүй байдал, байгаль орчинд нөлөөлөх хор хөнөөл, улмаар хүний эрүүл мэндэд хэрхэн хор уршиг дагуулах вэ гэдэг дээр санаа тавих албан тушаалтнууд байна уу.
Ураны уурхайтай хаяа залган суугаа хэдэн малчдаас өөр дуугарах хүмүүс олдох нь уу. Улаанбадрах сумын Аргалант багийн өндөр настан Лянхуа “Төр засаг гэж байдаг юм уу. Бидний амьдрал сүйрч байгааг телевиз, радиогоор зөндөө л хэллээ. Уушги нь устсан, уруул ам нь сэтэрхий хүүхэд төрсөөр байна. Энэ хэвийн үзэгдэл үү. Үлдэж хоцрох үр хүүхэддээ үнэхээр санаа зовж байна. Уг байдлаараа удаан үргэлжилбэл устаад үгүйрээд дуусах юм байлгүй дээ” хэмээн учирлаж, уйлж ярьсныг сонсоод нэг үзээрэй.
Энэ асуудал зөвхөн Улаанбадрахчуудын зовлон биш. Монгол төр мэргэн ухаандаа бодож тунгаах цаг нь болсон шүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу