Caakmedee

Pandora Papers: УИХ-ын гишүүн Сү.Батболдын мэдээллийг ил болголоо

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2021/10/04


Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын задруулсан офшор хөрөнгийн талаарх мэдээлэлд Монгол Улсын хоёр улс төрчийн мэдээлэл багтсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэдний нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд юм байна.
Pandora Papers "Хүчирхэг тоглогчид" хэсэгт оруулжээ. Энэ бүлэгт Иорданийн эзэн хаан II Абдулла, Монгол, Чех, Зааны ясан эрэг, Ливан улсын Ерөнхий сайд, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр, ОХУ, Конго, Кени, Доминиканы Бүгд найрамдах улс, Эквадор, Украин улсын Ерөнхийлөгч, тэдний ойрын хүрээллийн хүмүүс, Сангийн сайд, Ерөнхийлөгчийн зөвлөх, Парламентийн гишүүд зэрэг өндөр албан тушаалтнууд багтсан байна.
С.Батболдыг улс төрд орохоосоо өмнө уул уурхайгаар  хөрөнгөжсөн гэж бичжээ.  Мөн Монгол Улсын хууль тогтоох байгууллага болох УИХ түүнийг Ерөнхий сайдаар сонгохоос өмнө 2000-2009 оны хооронд хэд хэдэн удаа сайдын албан тушаалд томилогдож байсан гэж бичсэн байна. 
Түүнчлэн С.Батболд уул уурхайн гэрээнээс хэдэн зуун сая доллар хууль бусаар ашиг болгон хүртсэн гэх хэрэгт холбогдон Монгол, Их Британи, Сингапур, АНУ-д шүүхэд дуудагдсан гэжээ. Түүний Америк дахь өмгөөлөгч Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумд "С.Батболд өөрт нь тулгасан хэргийг эрс үгүйсгэдэг бөгөөд ямар ч шүүх түүний эсрэг тулгасан хэргийн үнэн эсэхийг тогтоож чадаагүй" гэж ярьжээ. 
2006 оны дөрөвдүгээр сард С.Батболд Монголын худалдааны сайдаар ажиллаж байхдаа Их Британийн Гернси аралд "Квантум Лэйк Траст" гэх хөрөнгө итгэмжлэх компани байгуулжээ.  Энэхүү компани нь Их Британийн Виржинийн арлуудад байдаг Premier Edge компанийг эзэмшдэг байна. С.Батболд 2005 онд тус компанийн анхны хувьцаа эзэмшигч болжээ.
2006 онд Premier Edge компани нь Лондоны нэг байрнаас тансаг зэрэглэлийн хоёр орон сууцыг 8.8 сая гаруй доллараар худалдаж авсан байна.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын асуултуудад С.Батболдын зөвлөх Ерөнхий сайд асан офшор компаниудаар дамжуулан өмчлөх, хөрөнгө оруулахдаа хууль ёсны дагуу үл хөдлөх хөрөнгө худалдаж авч, зарж борлуулсан, мөн Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдсөн гэжээ.
Эх сурвалж: ICIJ
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу