Caakmedee

Эрүүгийн хэргүүдэд мөрдөгдөж буй Дангаагийн Ганбат УБТЗ-ын дарга болох уу?

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2021/10/18


Манайхан Монгол, Оросын УБТЗ ХНН-ийн Замын даргаар хүнээ томилуулах гэж бүтэн найман сар үзэж байна. 2021 оны хоёрдугаар сарын 20-ноос хойш Г.Сэрээнэндорж, Ц.Хүрэлбаатар, Б.Даваасүрэн гэсэн гурван хүнийг санал болгож үзэв. Мөн энэ томилгоог шийдүүлэхээр УБТЗ ХНН-ийн Ерөнхий хороог хуралдуулах саналыг Оросын талд удаа дараа тавьжээ. Гэвч хурал зарлахгүй л байв. Ингэж ингэж өнгөрсөн долоо хоногт, энэ сарын 12-нд Эрхүүд хуралдлаа. Нэр дэвшсэн гурван хүнийг зөвшөөрөөгүй байна. Харин “заал”-наас ЗТХ-ийн сайд асан Дангаагийн Ганбатын нэр дэвшжээ. Томилгоо одоогоор эцэслэн шийдэгдээгүй, Д.Ганбатыг зүтгүүлж буй “хүчин” нэлээд хүчин тавьж ажиллаж байна.
Хамгийн гол нь Монголд эрүүгийн хэрэгт шалгагдаж буй энэ хүн Орост болсон хурал дээр хамтарсан нийгэмлэгийн “CEO” болохоор зориглож гарч ирсэн нь анхаарал татлаа. 
 
Д.ГАНБАТЫН ХОЛБОГДСОН “ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР ШИЛЖҮҮЛСЭН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТ ЯВУУЛЖ БАЙНА 
Д.Ганбат нарын хэргийн талаарх албаны мэдээлэл хамгийн сүүлд 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр цацагдсан. Тэр өдөр Улсын дээд шүүх энэхүү ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат нарын холбогдсон “... “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх хэргийг хянан шийдвэрлэсэн юм.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн энэ шүүх хуралдаанаар дээрх долоон хүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл, Д.Ганбат нарт холбогдох хэрэг одоо нэмэлт мөрдөн байцаалтад явж байна гэсэн үг.
 
ХАВТАСТ ХЭРГЭЭС: Д.ГАНБАТ “К Э С” ХХК-Д ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН, 200 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВСАН ТУХАЙ 
Тэгвэл Д.Ганбат энэ хэрэгт яаж яваад холбогдчихсон бэ. Ямар үйлдэлд буруутгагдаж байна вэ. Энэ талаар баримт сөхье.
Нэг. Д.Ганбатыг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад Засгийн газрын 2016 оны 77 дугаартай “...1. Концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлсэн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос тус аймгийн Ерөө суманд орших төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт төрийн өмчит “Монголын төмөр зам” ХХК-ийн өмчид шилжүүлэн авсугай” гэсэн тогтоол гарчээ.

Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах чиг үүрэг “Монголын төмөр зам” ХХК-ийн хувьд ТУЗ-д хадгалагдаж байхад, түүнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Төмөртэйн ордоос орших төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын албан ёсны үнэлгээг тогтоогоогүй, томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт гараагүй, батлагдсан ТЭЗҮ-гүй, төмөр замын барилгын ажлын зураг төсөлд магадлалын ерөнхий дүгнэлт гараагүй, төрийн өмчид бүртгэж аваагүй, ТУЗ-д аливаа шийдвэр гаргуулахаар танилцуулалгүйгээр “К Э С” ХХК нь ТЭЗҮ, төсөвт магадлал хийгээгүй байхад Сангийн сайд Б.Болор, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, “К Э С” компанийн захирал Э.Шижир нартай санаатай нэгдэн, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогджээ.
 
Тодруулбал, “К Э С” компанийн захирал Э.Шижирээс 2016 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн 1-10 дугаартай “Концессын зүйлийг шилжүүлэн өгөх тухай” бичгийг үндэслэн тэр өдөрт нь “Монголын төмөр зам” ТӨХК-иас 01-165, 01-64 дугааруудтай “К Э С” ХХК-ийн “барих-шилжүүлэх” төрлөөр гүйцэтгэсэн 36.56 км дэлгэмэл урттай төмөр зам, ачиж буулгах терминалын хамт 112.66 сая ам.доллараар тооцон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн өмчид шилжүүлэн авч байгаа гэсэн албан бичгийг үйлдэж, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Болор нарт хүргүүлжээ.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат энэ бичгийн дагуу 2016 оны хоёрдугаар сарын 22-нд 01-519 дугаартай “.. “К Э С” ХХК-ийн концессын зүйлд оруулсан бодит хөрөнгө оруулалт болох 112.66 сая ам.долларыг улсын төсөвт тусгах, эсхүл хүүтэй векселиэр санхүүжүүлэх замаар төлөх саналтай байна” гэсэн утга бүхий бичгийг Сангийн яаманд илгээжээ. Сангийн сайд Б.Болор ч үүнээс дөрвөн өдрийн дараа 2016 оны хоёрдугаар сарын 26-нд 72 дугаартай “2016 онд төлөх бодит хөрөнгө оруулалтын 80 хувь болох 90 130 557.78 ам.доллартай тэнцэх төгрөгийг 14.941 хувийн хүүтэй шилжих вексель хэлбэрээр баталгаажуулан концесс эзэмшигчид олгох арга хжмээ авахыг даалгасугай” гэсэн утга бүхий тушаал, төлбөр гүйцэтгэх акт зэргийг баталжээ. 

Ингээд “К Э С” ХХК нь Сангийн яамнаас гаргуулан авсан 18 ширхэг шилжих векселиэс “У” банкинд 2016 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны тавдугаар сарын 23-ны өдрийг хшртэлх хугацаанд таван ширхгийг мөнгөжүүлж 53 608 605 210.6 төгрөгийг, “ХХ” банкинд 2016 оны тавдугаар сарын 23-наас 2016 оны зургадугаар сарын 17-ныг хүртэл 13 ширхгийг мөнгөжүүлж 125 501 562 739.73 төгрөгийг, нийт 183 608 605 210.60 төгрөгийг, уг шилжих векселүүдийг эзэмшсэн хугацааны хүүд 5 501 562 739.73 төгрөгийн хамт “ХХ” банкнаас авах замаар, нийт 189 110 167 949 төгрөгийн орлого олж, Д.Ганбат нь энэхүү эдийн засгийн давуу байдлыг хамтран зохион байгуулсан үйлдэлд буруутгагдсан байгаа юм.

Хоёр. Д.Ганбат нь үргэлжилсэн үйлдлээр ЗТХ-ийн сайдаар ажиллаж байхдаа тус яамны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, албаны даргаар ажиллаж байсан Б.Минжбадам нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буй албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийжээ. Төв аймгийн ЗДТГ-ын захиалгаар тус аймагт тавигдах 3.5 км, 2.5 км автозамуудын шинэчлэлийн зураг төсвийн ерөнхий гүйцэтгэгчээр “А С С С” ХХК ажиллаж, төсвийн тооцоо хийснийг Зам, тээврийн хөгжлийн төвөөс 2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны Магадлалын ерөнхий дүгнэлтээр 4 121 092 907 төгрөгөөр хянаж магадлажээ. Гэтэл уг магадлалыг үндэслэл болголгүйгээр “А С С С” ХХК-ийн урьд гаргаж, экспертизээр батлуулсан зураг төсөв дээр гараар бичсэн тэмдэглэл бүхий цаасыг Б.Минжбадамаар дамжуулан урьд төсөв бодсон Г.Түмэнзулд өгүүлж “Дараах хэлбэрээр оруул” гэсэн чиглэлийг 2017 оны дөрөвдүгээр сард өгсөн байна.

“А С С С” ХХК-иар замын зураг төсвийг дахин бодуулж, 4.8 тэрбум төгрөгийн төсөв гаргуулж, нэмэгдсэн төсөвт магадлалын дүгнэлт гаргуулалгүйгээр уг дүн болон шууд гэрээ байгуулахаар Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулах чиг үүргийг Д.Доржхандаар дамжуулж бусдад өгчээ. Улмаар 2017 оны тавдугаар сарын 10-ны Засгийн газрын хуралдаанд “Шууд гэрээ байгуулах” заалт болон ямар нэг үндэслэлгүй, Магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулаагүй “4.8 тэрбум төгрөг” гэх тоог Засгийн газрын 140 дугаартай тогтоолд оруулсан. Энэ тогтоол гарсны дараа төсвийг эрх бүхий этгээд дахин хянаад мөн оны зургадугаар сарын 5-нд Магадлалын ерөнхий дүгнэлт гаргаж, төсвийг 4 338 847 126  төгрөг болохыг хянаж магадласан байна. 

Ингэснээр дээрх 4.8 тэрбумдаа хүрэхгүй болсон тул хүргэх зорилгоор ЗТХЯ-ны Газрын дарга Д.Доржханд нь 2017 оны зургадугаар сарын 16-ны өдрийн 06-2777 дугаартай албан бичгээр “Монголын автозамчдын холбоо” гэх автозамын төсвийг хянаж, магадлах чиг үүрэггүй ТББ-аар 2017 оны зургадугаар сарын 28-ны өдрийн А-133 дугаартай албан бичгээр “4.8 тэрбум төгрөг” гэх хөндлөнгийн дүгнэлт гэх зүйлийг гаргуулжээ. 
Улмаар энэ зөрүүтэй үнийн дүнг 2017 оны наймдугаар сарын 3-ны өдрийн хурлаар хэлэлцэж, “4.8 тэрбум төгрөг”-ийн үнийн дүнг хамгаалж, төсвийг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн ажлыг гүйцэтгэсэн “Я” ХХК”д давуу байдал бий болгосон байна. Ингэж Д.Ганбат нь улсад 420 672 910 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд байхдаа хамтран зохион байгуулсан байна.
Гурав. Д.Ганбат нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод багийн 3.5 км, Баянхошуу багийн 2.5 км хатуу хучилттай автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийлгэхийн тулд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Л.Санжаадоржоос 2017 оны наймдугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт 200 сая төгрөгийн хахуулийг бэлнээр авсан хэрэгт буруутгагдсан. 
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ШҮҮГЧ З.БОЛДБААТАР САЙД АСАН Д.ГАНБАТЫН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН “ХЭРЭГ”-ЭЭР ШАЛГАГДАЖ БАЙГАА ЮУ 
Дээрх 187 хавтас эрүүгийн хэргийг НПГ-аас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд шилжүүлжээ. Тус шүүх 2020 оны наймдугаар сарын 17-ны өдөр хэлэлцэж эхлээд есөн өдөр буюу нийт 55 цаг орчим шүүсэн байдаг. Шүүгч нь З.Болдбаатар байв. Ингээд шүүгдэгч Д.Ганбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ганбат, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Санжаадорж нарт холбогдох хэргийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр НПГ-т буцаан шийдвэрлэсэн байдаг. 

Зарим эх сурвалжийн мэдээллээр шүүгч З.Болдбаатар нь сайд асан Д.Ганбатын Д.Эрдэнэбат, Б.Болор нартай хамт шүүгдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, 200 сая төгрөгийн авлига авсан хэргийг тусгаарлаж, мөрдөн байцаалтад буцаасан нь сүүлд асуудал дагуулсан гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, шүүгч З.Болдбаатар сайд асан Д.Ганбатын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон “хэрэг”-ээр шалгагдаж байгаа юу гэсэн асуулт гарч ирээд байгаа юм.
 
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу