Caakmedee

Эрүүл мэндийн салбараас төрсөн "ОЛИГАРХИ" буюу Б.Бямбадоржийн ОВЛИГОГҮЙ ҮЙЛДЛҮҮД-II

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2021/10/22



Монголчууд бид цар тахалд нуруугаа авахуулж байна. Наад захын өрхийн эмнэлгийн үүдээр шагайгаад үзээрэй. Үнэхээр өр өвтгөм дүр зургийг тэндээс харж болно. Корона туссан иргэдийн цуваа тасралтгүй хөвөрч, эмч, сувилагч нар борви бохис хийлгүй ажиллаж байна. Эмнэлгийн хүрэлцээгүйн улмаас гэртээ нас барагсдын тоо ч олшрох болов. Ийм л хэцүү цаг үед Нийслэлийн эрүүл мэндийн салбарыг удирдлага менежментийн тогтолцоогоор хангаж ажиллах үүрэгтэй НЭМГ-ын дарга юу хийж байна вэ.

Энэ талаар сураг тавьж, хийж хэрэгжүүлж буй ажлыг нь тодруулахыг хичээв. Харамсалтай нь, тус газарт юун цар тахалтай тэмцэх бодлого.  Шинэ дарга нь томилогдон ирсэн цагаасаа буюу өнгөрөгч найман сарын хугацаанд албан тушаалын халаа сэлгээний ажил амжуулаад толгой өөд татах завгүй яваа аж. Та бод доо, улсын төсөв хүндхэн байгаа энэ цаг үед төрийн албыг данхайлгаж, таван хэлтэстэй байсан НЭМГ-ыг найман хэлтэстэй болгон өргөтгөсөн гэх.

 

Ингэхдээ өөрийн гэх хүмүүсээр эргэн тойрноо хүрээлүүлж, нутаг ус, урьд нь хамт ажиллаж байсан хүмүүсээр удирдлагын багаа хүрээлүүлэхээр улайрч байгаа сурагтай. Эрх ашигтаа нийцүүлж, албан тушаалын томилгоо хийхийн тулд НЭМГ-ын дарга Б.Бямбадорж Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоол, журмыг удаа дараа зөрчиж буй талаар эх сурвалж мэдээлээд буй юм. НЭМГ бол төрийн захиргааны байгууллага.


Тийм ч учраас  хууль ёсны байх, хуульд захирагдах, гаргасан шийдвэр нь хуулийн үндэслэлтэй байх зэрэг зарчмыг хатуу баримтлах ёстой газар. Гэтэл бодит байдал эсрэгээрээ. Баримт түшье.

 

ТӨРИЙН АЛБЫГ ТАНИЛЫН АЛБА БОЛГОСОН НЬ...

 

Б.Бямбадорж нь хувийн байгууллагадаа ажиллаж байгаа мэт дураар авирлах, мэргэжилтнүүдийг эрхэлж буй ажлаас нь болж хардах, дарамтлах, албан тушаалын тодорхойлолтод заагдаагүй үүрэг даалгавар өгөх зэргээр ёс зүйгүй авирлаж байгаа олон баримт бидэнд олдоод буй юм. Түүний гаргаж буй овлигогүй байдал нь эцэстээ хууль бус үйлдэл болон хувирч байгааг мэргэжлийн хуульч дараах байдлаар тайлбарлав. Б.Бямбадорж НЭМГ-т томилгоо хийхдээ доорх хуулиудыг зөрчсөн байж болзошгүй байна. Үүнд, Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1 дэх хэсэг "Агентлаг нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана гэх заалтыг зөрчөөд байна.


Мөн Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2016 оны дөрөвдүгээр тогтоол. Түүн дотор  "Хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлаг нь 100-гаас дээш ажилтантай бол дэд дарга (орлогч дарга) нэгтэй, зуугаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх чиглэл баримтлах, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй зохион байгуулж ажиллуулах шаардлагыг харгалзан агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг орлогч даргагүй, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь тасаг, албагүй, орон тоог нь долоогоос доошгүй байх чиглэл баримтлахыг зөрчжээ. Энэ бүхэн нь төрийн албаны томилгоонд мэргэшээгүй алба хаагчдыг томилж, улмаар хоёр ч орлогч дарга, найман хэлтэстэй, хоёр зөвлөхтэй болгож, бүтцийн өөрчлөлт хийснээс нь нотлогдож байгаа аж.


 

Б.Бямбадорж томилогдож ирснээсээ хойш НЭМГ-аас 3ахиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Одгэрэл, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга 3.Отгонбаяр, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр нарыг чөлөөлсөн байна. Тэдний хувьд эрхэлсэн ажилдаа хариуцлага алдсандаа бус удаа дараагийн дарамт шахалтын улмаас болж, ажлын байраа орхиход хүрсэн гэнэ.


Хамгийн гол нь энэ олон халаа сэлгээ нь НЭМГ-ын ажлыг сайжруулах, удирдлагын менежментийг боловсронгуй болгоход чиглэгдсэн бол хамаа алга. Харамсалтай нь Б.Бямбадоржийн зорилго чиглэл өөр байжээ. Үүнийг гэрчлэх нэгэн мэдээллийг эх сурвалжаас манай сонинд ирүүлээд байна. Тодруулбал, Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар шинээр томилогдсон Д.Х нь Б.Бямбадоржтой урьд нь хамт ажиллаж байсан, нэг нутгийн хүмүүс аж. Түүнчлэн Эмнэлгийн тусламжийн хэлтсийн даргаар томилогдсон Б.Н нь мөн л Б.Бямбадоржтой нэг аймгийнх аж. Энэ мэтчилэн Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Б.А, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар томилогдсон П.А нар нь эрх ашгийн зөрчилтэй тухайн албанд томилогдсон тухай мэдээлэл ч байна. Тэрбээр төрийн албыг танилын алба болгоод зогсохгүй хувийн эмнэлгийнхээ нэрийг өөрчилж, тендер "түүж” эхэлсэн тухай баримтуудын талаар өгүүлэх болно.

Үргэлжлэл бий...

Өмнөх хэсгийг ЭНД дарж уншина уу.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу