Caakmedee

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Гэрээ хэлэлцээр хийхэд авлига авах ямар ч боломжгүйг Х.Нямбаатар ухаарсан байх

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2021/10/29



Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Оюутолгойн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Үе үеийн Засгийн газрууд Оюутолгойн том төсөл хөтөлбөртэй холбогдуулан холбогдох шийдвэрүүдийг тухайн үеийн эдийн засаг, улстөрийн нөхцөл байдалтай холбогдуулан гаргаж ирсэн байдаг. Тухайлбал,
  • 2009 онд С.Баярын Засгийн газрын үед Оюутолгойн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрүүдийг батлах, байгуулах, ил уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн асуудлыг шийдвэрлэсэн байдаг.
  • 2011 онд Сү.Батболдын Засгийн газрын үед Монгол Улсад ирэх Засгийн газрын үр өгөөжийг 1 тэрбум ам.доллараар сайжруулах нэмэлт өөрчлөлтүүдийг хийсэн байдаг.
  • 2015 онд Манай Засгийн газрын үед та бидний хэлж заншсан Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг баталж чадсан. Хэдийгээр тэр үед эдийн засгийн хүндрэл, бэрхшээл маш их, хямрал нүүрлэсэн, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан нөхцөлд бид энэ бүхнийг хийж чадсан.
"Рио Тинто" компани "Хоёр жил байтугай хэсэг хугацаанд бид нар далд уурхайн бүтээн байгуулалт эхлүүлэхгүй, ил уурхайгаа үргэлжлүүлээд явж байна" гэсэн байр суурьтай байсан хүнд нөхцөлд бид Монгол Улсын Засгийнгазрын үр өгөөжийг 53 хувьд нь хүргэж чадах гэрээ хэлэлцээрүүдийг байгуулж чадсан.

Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсний ач холбогдол нь, хоёрхон жишээн дээр тайлбарлая.
-Та бидний мэдэх Тавантолгойн нүүрсний уурхайтай жишихэд, Өнөөдөр Тавантолгойн нүүрсний уурхай авто машинаар өөрийнхөө экспортыг хийж байгаа. Хэрвээ бид цаг хугацаанд нь зөв төмөр замыг зөв царигаар нь хийж чадсан бол Тавантолгойн бүтээн байгуулалт, экспорт хэд дахин нэмэгдэх үү. Түүнтэй адилхан далд уурхайн бүтээн байгуулалт өөрөө энэ ордын нөөцийн 80 хувийг ил гаргаж байгаа тул хуучин ил уурхайг зөвхөн экспортлоход 3-4 дахин далд уурхайн энэ үйлдвэр эхэлснээр хэрэгжээд явах боломжтой.
-2023 он хүртэл 8 жилийн бүтээн байгуулалт хэрэгтэй байсан. Хэрвээ манай Засгийн газар энэ шийдвэрийг гаргаж байгаагүй бол 2030 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалт явагдаагүй, ажиллаж эхлэхгүй байсан гэж бодохоор Монгол Улс хэчнээн хэмжээний ашгаа алдах байсан юм гэдэг нь зөвхөн энэ 2 жишээнээс харагдаж байна.
Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Учир нь "Рио Тинто" хоёр байтугай хэсэг хугацаанд хүлээнэ гэж байсан асуудлууд нь байхгүй болсон. Учир нь Дубайн гэрээний ач тусаар олон улсын банк санхүүгийн 15 байгууллага хөрөнгө оруулалтын зээлийг өгсөн тул "Рио Тинто" тийм цаг хугацаагаатай хойш тавьж, хүлээж суух бололцоо байхгүй болсон. Тэдний хувьд цагийн тоолуур адилхан ажиллаж байгаа учир гэрээ хэлэлцээрийн ширээнд суухаас өөр аргагүй. Тиймээс энэ нөхцөл байдлуудыг ашиглах хөзрийг Монгол Улсын Засгийн газар ч ашиглах хэрэгтэй. Магадгүй энэ хэлэлцээрийн үр дүнд 50, 60, 70 хувиар асуудлыг шийдчихэд Монгол Улсын Засгийн газрын хувьд том амжилт болно. Гэхдээ ард чинь популист улстөрчид хүлээж байгаа. Заавал 50, 60, 70 хувиар шийдэж байгаа юм бэ. Яагаад 80, 90, 100 хувиар шийдэж болоогүй юм бэ гэх улстөржилт явагдана.

Том төсөл цаг хугацааны хувьд байнга шинэчлэгдэж сайжирч байдаг.
Үүнийг таны сайн мэдэх Эрдэнэт төсөлтэй харьцуулж тайлбарлая. Эрдэнэт үйлдвэрийн төсөл бол анх 1973 онд Монгол Улс өөрөө нийгмийн огт өөр байгуулалтай байх үед анх гэрээ хэлэлцээр нь байгуулагджээ. Тухайн үед ЗХУ, Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг нэг тэрбум шилжих рублээр үнэлж, үүний тал хувь буюу 500 мянган шилжих рублийг Монгол Улс өөрөө хөрөнгөөрөө гаргана. Энэ хөрөнгөө Эрдэнэтийн зэсийн хүдэр, баяжмалаасаа Монгол Улс төлнө шүү гэдэг үндсэн нөхцөлтэй гэрээг тухайн үед хийж байсан.
Гэхдээ ЗХУ дэлхийн зах зээлийн үнээр Эрдэнэтийн зэсийн хүдэр, баяжмалыг аваагүй. Маш олон жил дэлхийн зах зээлийн үнээс хамаагүй доогуур буюу өөрсдөө хийсвэрээр тогтоосон хамгийн бага үнээр авч байсан. Мөн Монгол Улс 1973 оноос эхэлсэн энэ төслийн олонхи хувь буюу 51 хувийгаа авах шийдвэрийг 1991 онд анх гаргаж байсан байдаг.

1998-1999 оны үед дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ 1300 доллараас доош унаж байх үед тус үйлдвэрээс татвар, ашиг авах битгий хэл, улсын төсвөөс ямар татаас мөнгө өгөх вэ гэдэг хүртэл асуудалд хүрч байсан үе ч байдаг.
1973 онд эхэлснээсээ хойш гэрээ хэлэлцээрийн тодорхой нөхцөл байдлаас шалтгаалан 2002 оноос зарим татвараа төлж эхэлж байсан түүх ч бас байдаг. 2016 онд манай Засгийн газрын үед Эрдэнэт үйлдвэрийн харь улсад байсан 49 хувийг Монгол Улсад авчрах, Монгол Улсын нийт 100 хувийн өмч болгох түүхэн шийдвэрийг гаргаж байсан. Үүний ач тусыг ч айл өрх бүр өнөөдөр хүртэж байгаа нь бас маргашгүй баримт билээ. Үүгээр миний хэлэх гээд байгаа санаа бол том төсөл хөтөлбөр дандаа цаг хугацааны явцад ийнхүү сайжирч, Монгол Улсад ирэх үр ашиг нь улам бүр нэмэгдэж байдаг утга учиртай. Тийм учраас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч гэсэн ийм шийдвэрийг гаргаж байгаа эхний Засгийн газар ч биш, бас эцсийн Засгийн газар ч бишээ гэдгийг бас ойлгох учиртай. Дараа дараагийн Засгийн газрууд Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг сайжруулах асуудлуудыг бас өөрийнхөө цаг хугацаанд, өөрийнхөө бүрэн эрхийн хугацаанд цаашид хэрэгжүүлээд явах нь дамжиггүй.
Үүнээс гадна одоо Ажлын хэсгийг ахалж байгаа Х.Нямбаатар сайд нэг зүйлийг маш сайн ойлгож байгаа болов уу гэж бодож байна. Учир нь олон улсын ийм том Транснационал компанитай ил тод гэрээ хэлэлцээ хийж байх үед ямар нэг авилга авч өгөх тухай асуудал, эсхүл хууль бус ямар нэг асуудал гаргах боломж огт байдаггүй юм гэдгийг алхам тутамдаа ухаарсан байх. 2009 онд ч ийм байсан, 2015 онд ч ийм байсан, өнөөдөр 2021 онд ч бас ийм байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Цаашид УИХ дээр мэдээж дагасан асуудлууд үүснэ. Зөндөө поп улстөрчид та нарыг дараа нь шүүмжилнэ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гэрээ хэлэлцээр дуусаад л маргаашаас нь эхлэн яагаад та нар 100 хувь шийдээгүй юм, яагаад тэр асуудлаа шийдээгүй, яагаад энэ асуудлаа орхигдуулсан юм гэдэг улс төржилт бол байнга явагдана. Тийм учраас Засгийн газар гэдэг бол дандаа урагшаа харж асуудлаа шийдэж явдаг, тэрнээс биш урд урдах Засгийн газруудтайгаа улс төрийн хэрүүл хийгээд улс төрийн хилс хэрэг үүсгээд энэ асуудалтай холбогдож байсан тухайн үеийн Засгийн удирдлага, тэр үеийн хүмүүсээ ийнхүү улс төрийн хэрэгт холбогдуулж явах нь ямар ч утга учиргүй зүйл юм. Тийм учраас би Засгийн газарт Улс төрөө бага хий, PR-аа бага хий, урдах ажлаа нугал, урагшаа харж ажилла. Тэртэй тэргүй та бүхэнд дайсан зөндөө олдоно. Гэхдээ Засгийн газрын, Гүйцэтгэх засаглалын Үндсэн хуулиар олгогдсон нэг том үүрэг, ажил чинь бол энэ асуудлуудыг цаг хугацаанд нь шийдээд явах ёстой. Энэ шийдлийгээ гаргаж яв, улс төр хийх цаг хугацаа бол хэзээд олдоно.

Манай Засгийн газар ч гэсэн 2015 онд Дубайн гэрээг байгуулсаны дараа Засгийн газарт итгэл хүлээлгэх үү, үгүй юу гэдэг асуудлыг тухайн үеийн УИХ дээр шийдвэрлүүлж байсан. Тухайн үед УИХ-д АН өөрөө олонхийн суудал аваагүй байсан хэдий ч Дубайн гэрээнээс шалтгаалж эсвэл Оюу толгойн том төслөөс болж ЗГ-ыг огцруулах асуудал байхгүй гэдэг улстөрийнхөө шийдвэрийг тухайн үеийн Парламент гаргаад явж байсан түүх бий. Цаашдаа ч тухайн цаг хугацаа, нөхцөл байдлаас шалтгаалан ОТ төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөж нь байнга улам сайжирч явна гэдэгт би огт эргэлздэггүй. Тийм учраас энэ амаргүй, хүнд хэцүү гэрээ хэлэлцээний ажилд чинь та бүхэнд амжилт хүсч, урагшаа харсан зохих шийдвэрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гаргах болтугай гэж үнэхээр чин сэтгэлээсээ хүсч байна.
Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу