Caakmedee

Хавдар судлалын үндэсний төвд Хөхний төв нээлтээ хийлээ

  • Мэдээ мэдээлэл
  • 2021/10/29


Хавдар судлалын үндэсний төвд Хөхний төвийн нээлт өнөөдөр боллоо.
ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “Жилээс жилд хөхний хорт хавдрын өвчлөл ихсэж байгаа. Хөхний тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх шаардлагатай гэж үзэн Хөхний төвийн үйл ажиллагааг албан ёсоор нээж байна.
Дэлхийн хэмжээний тоног төхөөрөмжтэй Монгол Улсад жишиг болохуйц Хөхний төвийг ХСҮТ-д нээж байна. Энэ үед төрийн бус байгууллагуудын үүрэг их чухал. Хиймэл оюун ухаан бүхий эхоны аппарат ХСҮТ-д нэмэгдэж байгаа” гэлээ.
2022 онд хорт хавдрыг эрт илрүүлэх төсөвт 60 тэрбум төгрөг тусгасан
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Зардал өндөртэй эмчилгээний төрөлд хөхний хорт хавдар орж байсан. Нэг эмэгтэй хөхний хорт хавдраар өвдлөө гэхэд жилдээ ойролцоогоор 22 орчим сая төгрөгийн зардал гардаг. Учир нь мэс заслаас эхлээд хими туяаны эмчилгээ ороод, дээрээс нь бай эмчилгээг 6-8 курс хийлгэх шаардлагатай болдог.
Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоог өөрчилснөөр ХСҮТ дээр эмчлүүлж байгаа иргэн хамтын төлбөр төлөх шаардлагагүй болсон. Эрүүл мэндийн хуульд хорт хавдрын эмчилгээг төр даана гэж заасан. Тэгвэл одоогоор жинхэнэ утгаараа төр даадаг болсон. Өөрөөр хэлбэл даатгалаас 75 хувь, иргэнээс 25 хувь гэдэг төлбөр хорт хавдрын эмчилгээнд байхгүй болсон. Иргэдэд очих санхүүгийн дарамт алга болсон гэж ойлгож болно.
2022 онд хорт хавдрыг эрт илрүүлэх төсөвт 60 тэрбум төгрөг тусгаж өгч байгаа. Энэ ажлын үр дүнд томоохон ахиц гарна гэдэгт эргэлзэхгүй байна. ХСҮТ-д эрт илрүүлгийн төвийн удирдах хэсгийг бий болгоно.
Хөдөлмөрийн чадвар алдалтыг багасгаж, амьдрах хугацааг нь уртасгадаг Монгол Улс болохын төлөө бид хичээж байгаа. УИХ эрүүл мэнд тэр дундаа хорт хавдрын чиглэлд ихээхэн анхаарал хандуулж байгаа гэдгийг хэлмээр байна” гэв.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу