Caakmedee

Хууль зөрчсөн газруудад хэдэн зуун саяар үнэлэх хашаа барьжээ

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2021/11/02

"Өглөөний сонин"-оос "Олон улсын чанартай авто зам дагуу хууль бусаар олгосон газрыг цуцалъя”"Хууль зөрчин олгосон газрыг цуцлах шийдвэр гарсан ч барилгын ажил үргэлжилж байна” зэрэг нийтлэлийг цувралаар гаргасан билээ.

Тэгвэл энэ удаа газар дээрээс нь сурвалжлан хүргэхээр зорьсон юм. Асуудлын гол нь Монгол Улсын Авто замын тухай хуулийн 16.2-д "Олон улсын, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100 метр буюу авто замын төв тэнхлэгээс хоёр тийшээ 50 метр байна” гэж заасан байдаг. Гэтэл  энэхүү заалтыг илтэд зөрчин Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах хуучин 22-ын товчооны дэргэд, олон улсын чанартай авто зам дагуу төв замын тэнхлэгээс таван метр ч хүрэхгүй зайд 15 жил эзэмших эрхтэйгээр хоёр ч байршилд газар олгосон байв.

Хууль зөрчин олгосон хоёр газрын эхнийх нь 1599 метр квадрат талбайтай, 2028 он хүртэл эзэмших эрхтэй Д.Баттүшиг гэх хүний газар. Харин хоёр дахь нь 1499 метр квадрат талбайтай, 2033 он хүртэл эзэмших эрхтэй, Д.Мөнхжаргал гэх хүний нэр дээр байдаг газар байгаа юм. Тус хоёр газар нь хуучин 22-ын товчооны ард буюу нийслэлээс баруун тийшээ явдаг төв замын яг хойно байх бөгөөд асуудал нь 2008 оноос эхэлсэн бөгөөд газар эзэмших эздүүд нь солигдсоор өдийг хүрсэн аж. Товчхондоо, энэ олон улсын чанартай замыг ирээдүйд өргөтгөх, дагууд нь ногоон байгууламж байгуулах, явган хүний зам тавих аргагүй болгосон гэсэн үг.

Бид бүхнийг газар дээр нь очиход тухайн газруудыг бүрэн хашаалж дуусаад иргэн Д.Баттүшигийн нэр дээр байх газар дээр барилгын суурийн цутгалтын ажлыг хийж байлаа. Уг нь бол Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас өнгөрсөн сарын 23-ны өдөр Д.Баттүшигт газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох мэдэгдэл хүргүүлсэн байгаа юм. Гэтэл хууль зөрчин авсан, тэгээд хуулийн дагуу эрх, гэрчилгээг нь хүчингүй болгосон гэх газарт очиход байдал тэс ондоо байв.

Өнгөрсөн сар орчмын хугацаанд дээрх газруудыг хашаалах, тордох ажлыг тасралтгүй хийж байгааг ч хүмүүс хэлж байлаа. Олон улсын чанартай авто замд тулган авсан хууль бус газраа тойруулан барьсан хашаа нь хоёр метрээр тогтохгүй өндөртэй байна. Суурь цутгалтынх нь тавцан дээр гараад гараа өргөхөд хашааны өндрийн талд ч хүрэхээргүй сүрлэг төмөр хашаа тойруулан босгожээ. Түүгээр барахгүй энэ шовх төмрөн хашааны мандалыг дагуулан тортой төмөр ороомог татсан нь мал, хүн нэвтрүүлэх бүү хэл шувуу ч суулгахгүй байхыг зорьсон нь илт. Эгээ л шорон гяндангийн хашааг санагдуулах юм билээ.

Хашааны өндөр том бол нэг хэрэг. Нөгөө талаас өнгөрсөн нэг жилийн хугацаанд барилгын материалын үнэ ханш хэд дахин нэмэгдсэн. Төмөр хашааны мандалаар тор татах нь бүү хэл хил гаалиар хэрэгцээт эм, тариагаа ч авч чадахгүй нөхцөлтэй байгаа шүү дээ. Ийм байтал холбогдох хууль журмуудыг зөрчин газар авсан этгээдүүд жинхэнэ "бяр зааж” байгаа нь илт байна. Энд байрлуулж буй зузаан төмөр хашааны үнэ нэлээд хэдэн төгрөг болох байх. Ямар ч байсан "100 айл”-д байрлах барилгын дэлгүүрүүдээр ороход үүнээс илүү нам, жижиг хашаа буюу өндөр 1.5метр, урт нь хоёр метр төмөр савхан хашаа нэг бүр нь 40 мянган төгрөг гэж байна лээ. Тэгвэл жишээ нь дээрх хоёр газрын нэг болох 1599 метр квадрат талбайг ийм үнээр хашаална гэвэл хэдэн төгрөг болох вэ. Дагуу нь бодоход л хоёр метр урттай хашаа 800 ширхэг хэрэгтэй байгаа биз. 32 сая төгрөг болж байна шүү дээ.


Мэдээж, энэ бол жишээ авсан илүү жижигхэн хашааны төсөв. Дээр нь барилгын ажлын зардал чирэгдэл гэж юм байна. Хашаа барихад лавтай арваад хүнийг багагүй хугацаанд ажиллуулсан бололтой. Тэдний цалин мөнгөнөөс гадна төмөр хашааг зүгээр бариагүй, доор нь газраас 50 орчим см илүү гарсан цементэн суурь цутгаж бэхэлсэн байлаа. Үүнд зарцуулсан мөнгө төгрөгийн тооцоог яг нарийн гаргах хэцүү ч чамгүй өндөр гэдэг нь шууд мэдрэгдэхээр юм билээ. Дээр нь хашаалагдсан газруудын доторх байгалийн төрхийг нь хүнд даацын машин техникээр тэгшлэн барилгын ажилд бэлтгэж байгаа дүр зурагтай болгожээ. Эдгээр зардлыг энэ удаагийн сурвалжлагандаа жишээлэн авч буй хоёр хашаагаар үржүүлэн үзвэл хэдэн зуун сая төгрөг ч хүрэх бололцоо байна.

Хэрвээ хууль журмын дагуу зөвшөөрөлтэй, хийж буй бүтээн байгуулалт нь олон нийтэд хийгээд эзэмшигчдээ хэрэгтэй байсан бол ингэж элдэв юм хэлэх хэрэггүй нь ойлгомжтой. Гэвч энэ хашаалаад байгаа газрууд нь өөрөө анхнаасаа хууль бус замаар бусдын эзэмшилд очсон газрууд шүү дээ. Төрийн байгууллагууд газрынх нь эрхийг цуцална гэж сануулсаар байтал ингэж их үнээр хашаалж буй нь ямар учиртай юм бэ. Тийм болохоор мөнгөтэй хүн яаж ч дураараа авирлаж болдог тод томруун жишээ 22-ын товчооны ойролцоох олон улсын чанартай авто замын дагуу байна шүү гэдгийг л хэлэх гээд байна.

Магадгүй цаашид ч оруулсан мөнгөн дүнгээ нэхэмжлэх замаар хууль шүүхийн байгууллага дээр будлиантуулах, эсвэл өөр төрийн албан тушаалтнуудтай үгсэх замаар тус газрыг ашиглаж, эзэмших хүслээ орхихгүй гэдэг хар буухаас аргагүй байгаа юм. Монголын төр, нийслэлийн эрх бүхий байгууллагууд үүн дээр хэрхэн ажиллахыг цаашид ч шаардаж, сурвалжлан хүргэнэ гэдгээ л бидний зүгээс хэлж чадах байна.

Үйл ажиллагааг хязгаарлах, газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох мэдэгдэл анх хүргүүлсэн аравдугаар сарын 23-ны өдрөөс хойш ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй хэвийн үргэлжилсээр байгааг тус газарт ажиллаж байсан хүмүүс ч хэлж байсан. Нэг үгээр бол дүүргийн Газрын албанаас гаргасан албан мэдэгдлийг газар эзэмшигч юман чинээ бодоогүй байна гэсэн үг. Барилгын ажил хийж байгаа хүмүүсээс энэ талаар тодруулахад "Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас зургийн дагуу ажил үргэлжилж байна гэсэн юм билээ” хэмээн ямар нэгэн асуудал үүсээгүй гэх байр суурь хэлж, илтэд дургүйцлээ илэрхийлсэн юм.

Мэдэгдэл хүргүүлсэн ч барилгын ажлыг үргэлжлүүлсээр байгаа нь нөгөө талаар "Суурь цутгалтын ажлыг дуусгачих юм бол ямар нэгэн байдлаар газраа авч чадна” гэх өнцгөөс хандан, хуулийн цоорхой ашиглаж байх вий гэсэн хардалтыг ч олон нийтийн дунд үүсгээд байгааг дээр дурдсан. Үүнээс гадна Сонгинохайрхан дүүрэгт энэ мэтчилэн хууль бусаар газар олгосон гэх асуудал олон жилийн өмнөөс гарч ирснийг гэрчлэх хүн цөөнгүй. Ийм боловч тус дүүргийн Газрын албанаас нь үүнд ямар нэгэн хяналт, шалгалт, хязгаарлалт хийж, хуулийн арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрсэн нь ингэж даамжирахад хүргэсэн гэж хардах хүмүүс ч байгаа юм.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга Б.Оюунгэрэлээс энэ талаар тодруулахад "Манай дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас энэ сарын 23-ны өдөр Д.Баттүшигт газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдлээрээ газрын тухай хууль, тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсвэл шүүх уг хууль бус шийвдэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. Хуулийн хугацаа нь арваннэгдүээр сарын 5-наар дуусаж байгаа” гэсэн юм.

Хуулийн хугацаа хэмээх энэ хооронд тухайн газар эзэмшигч харьяа Газрынхаа албанд албан ёсоор тайлбараа ирүүлэх ёстой аж. Харин энэ хугацаанд үйл ажиллагаагаа зогсоох нь бүү хэл барилгын ажил эхлүүлсэн нь мэдэгдлийг нь хүлээн авч, хуулийн дагуу хариу тайлбараа ирүүлэх хүсэлгүй байгааг илтгэнэ.

Эдгээрээс гадна анхнаасаа Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба Авто замын тухай хуулийн заалтыг мэдсээр байж хууль бусаар газар олгосон үйлдэл нь энэ бүх маргаан үүсэх нөхцөл болоод байгаа юм.  Төв замын тэнхлэгээс хамгийн багадаа 50 метрын зайд байрлах хуулийн зохицуулалттай ч замаас 2.5 метр зайд хашаа хатгасан уг газарт ногоон байгууламж, явган хүний зам тавих газар үлдээгүй нь ойлгомжтой.

Мөн тарьж, суулгасан моднууд барьсан хашаанаас ганцхан алхмын зайд байж байна. Хэрвээ уг газрын асуудал цуцлагдахгүйгээр бүтээн байгуулалт үргэлжилсээр байвал олон жилийн турш хүч хөдөлмөр гарган тарьсан моднуудыг ч тайрах нөхцөл үүсжээ. Өнөөдөр Монгол Улс даяар "Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг Ерөнхийлөгч толгойлон хэрэгжүүлж эхлээд байгаа. Ийм цагт ууланд биш хотын ойролцоо бодлогоор ургуулсан ганц ширхэг мод ч үнэ цэнтэй биш гэж үү. Ер нь олон улсын зориулалттай авто замыг цаашдаа хот төлөвлөлтийн бодлоготой уялдуулан өргөтгөх ажил хийдэг онцлогтой. Үүнийг ягштал бариагүйгээс үүсэх эрсдэлийг тэгвэл хэн хүлээх болж байна вэ.

Энэ мэт хууль бусаар олгосон газар, тэдгээрийг эзэмшигчид нь зориулалтын дагуу ашиглаагүйгээс болоод олон улсын чанартай авто замын зурвас хэсгийг дахин өргөтгөх боломжгүй болдог гэдгийг мэргэжлийн эх сурвалжууд хэлж буй. Хууль сахиулахад гаргах зардал, хүч хуулийг сахиулаагүйгээс гаргах хохирол, эмгэнэлт явдлаас уг нь маш бага юм шүү дээ. Ердөө энэ шалтгаанаар л Монгол Улсын Авто замын тухай хуульд тодорхой заалтууд суусан байж таарна.


Тэр хууль тогтоомжийг Монгол Улсад хэнбугай ч биелүүлэх ёстой. Гэвч байдал газар дээрээ ийм л байна. Тийм ч болохоор хуулиас дээгүүр эрх мэдэлтэй, танил талтайгаараа дулдуйдан улсын ажлыг үл тоож, өөртөө өчүүхэн ашиг бодож Газрын албаны албан шаардлага, мэдэгдлийг юман чинээ үзэхгүй байгаа энэ мэт үйлдлийг нэн даруй таслан зогсоох хэрэгтэй байгааг бид цувралаар хөндөж байгаа юм.


Д.МЯГМАРЗАЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу