Caakmedee

Шинээр койн гаргах, арилжаанд оруулахыг ТҮР ХУГАЦААНД ХЯЗГААРЛАЛАА

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2021/11/09

Монгол Улс өнгөрсөн оны аравдугаар сард Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага \ФАТФ\-ын сааралт жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орны жагсаалтаас гарсан.
Улмаар 2023 онд харилцан үнэлгээний тайлангаа хамгаалахдаа виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг зохицуулах хууль эрх зүйн зохицуулалттай болох, санхүүгийн салбарт гарч байгаа шинэ технологи, бүтээгдэхүүн үйлчилгээний эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоотой болох үүрэг хүлээсэн. Үүний хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт виртуал хөрөнгийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж хуульчлахаар болж Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл боловсруулаад байгаа юм.
Ингэж хууль эрх зүйн зохицуулалттай болсноор энэ салбарт үйлчилгээ үзүүлэгч, оролцож буй иргэд, аж ахуйн нэгжийг бүртгэх, тусгай хориглолтод орсон мөнгө орж ирэхийг хянах, татвар оногдуулах, тухайн хөрөнгийн эх үүсвэр болон бусад зүйлсэд хяналт тавих боломж бүрдэж байгаа талаар хууль санаачлагчид хэлж буй.
Харин энэхүү хуульд Монгол Улсад олноор гарч буй койн буюу виртуал хөрөнгө, түүнээс үүдэж ирээдүйд учрах аливаа хохирлыг төр хариуцах ямар нэг зохицуулалт багтаагүй юм.
Энэ талаар, Виртуал хөрөнгө нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд хамрагдах хувьцаа, үнэт цаас, төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий, мөнгөн хөрөнгөөр баталгаажаагүй, Монголбанкны зөвшөөрөлтэй төлбөрийн хэрэгслийн шинжийг агуулаагүй, компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажих боломжгүй тул ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг төр аливаа хэлбэрээр хариуцахгүй гэдгийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдсэн байдаг.
Өнөөдрийн байдлаар манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа дөрвөн дижитал бирж байгаа ба иргэдийн койн худалдан авах замаар богино хугацаанд ашиг олох сонирхол нь өндөр эрсдэлийг дагуулж болзошгүй байгаа юм.
Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооноос өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 8-ны өдөр мэдэгдэл гаргаж, Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл"-ийг эцэслэн батлагдаж, хэрэгжих эхлэх хүртэл хугацаанд шинээр олон нийтэд койн гаргах (IEO), арилжаанд шинээр оруулах болон тэдгээртэй холбогдсон үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хязгаарласан байна.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу