Монголчууд бидний босгож өгсөн гэх Хятадын Эрээн хот хилээ хаагаад багагүй хугацааг өнгөрөөхөд бидэнд тулгамдаж байгаа асуудал ч шил шилээ даран босож байна. Худалдаа, эдийн засгийн гол түнш болох Хятадын хилийн хотод хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд манай улсын экспорт, импорт тэг зогслоо. Цаашид энэ байдал үргэлжилбэл яах вэ. Ямар сайндаа л Засгийн газрын хуралдаанаар урьд хөршөөс нарийн ногоо оруулж ирэх тухай асуудал хэлэлцэж суухав дээ. Уг нь бүрэн улс Засгийн газрынхаа хуралдаанаар бодлогын том том асуудал хэлэлцэж байх ёстой биз дээ. Нарийн ногоо мэтийн зүйл бол захын нэг бизнесмэны л хийх асуудал. Ёстой дүүрчихсэн улс гэж энэ байх.
Хамгийн наад зах нь гэхэд хүнсний ногооны зах зээлийг атгаж байгаа нөхөд эх орондоо тариалж ургуулна гэхээсээ илүүтэй хилээр хямд өртөгтэй хүнсний ногоо оруулж, ард түмэндээ зарж ирснээр гучаад жилийн нүүр үзжээ. Үүнээс улбаалан хэлэхэд бидэнд үйлдвэрлэл хөгжих боломж тун хомс юм. Тодотговол, зах зээл ч хумигдмал байна. Нөгөө талаар үйлдвэрлэл хөгжүүлэх сонирхол манай үе үеийн эрх баригчид, хятад, орос түншүүдэд байгаагүй гэхэд болно. Хоёр их гүрний дунд хавчуулагдан орших бидэнд өөр гарц гаргалгаа ч алга, гарц хайдаггүй ч үгүй бололтой. Албаны эх сурвалжуудын хэлж байгаагаар бол Гадаад харилцааны яам үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өдөр бүр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Бээжин, Хөх хот, Эрээн хот дахь Элчин сайдын яам, Консулын газарт хилийн боомтын үйл ажиллагааг хурдан сэргээх чиглэлд хүсэлт тавьж ажиллаж байна гэх зүйл ярьж сууна. Мөн БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайдтай холбогдоход "Бидэнд төвөөс авсан албан ёсны мэдээлэл ирэхээр хэлнэ. Хилийн боомтыг нээх хугацааг хэлж мэдэхгүй, шинжилгээний хариунаас хамаарна" гэжээ.
Энэ байдал цаашид үргэлжлээд байвал юу болох вэ. Бидэнд чадах юм юу байна. Хэдэн сая малдаа найдаад суухаас өөр ямар гарц байгаа юм гэх мэт асуудал бий. Үнэн хэрэгтээ жилийн хэрэглээнийхээ гурилыг ч дотоодоосоо бүрэн хангаж чаддаггүй улс шүү дээ. Их Монгол Улс, туурга тусгаар гүрэн гээд цээжээ дэлдээд байгаа болохоос бус туурга тусгаар зүйл гэж алга. Уг нь цар тахал давалгаалсан энэ цаг хугацаа бидэнд ихийг ойлгуулсан ч бодит байдалдаа дэндүү дасчихсан сууна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН