Caakmedee

Оюутолгойн хэлэлцээрт Монголыг төлөөлөх 20 хүн

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2021/11/17

Монголын 3.2 сая иргэний эрх ашгийг хамгаалж Оюутолгойтой хэлэлцээрийн ширээний ард суух ажил хэрэг ид үргэлжилж байна. Бүр нухацтай авч үзвэл,  өнгөрсөн 11 жилийн турш 34 хувийг эзэмшигч Засгийн газрыг үл тоож ирсэн хэмээдэг "Рио Тинто”-г хөдөлгөх, шахах, Монголд өгөөжтэй шийдвэр гаргуулах эгзэгтэй үе яг энэ төрийн үед таарч байгаа бол түүнийг нь үр дүнд хүргэх төлөөлөл маш том хүлээлт, хариуцлагыг үүрч буй. Энэ цаг үеийг ашиглаж чадвал боломж, алдвал манай улсад нөхөж боломгүй хохирол учрах эрсдэлтэй.
Олон нийтийн харж буйгаар "Рио Тинто”-гоос Засгийн газар руу байсхийгээд л захидал илгээсэн байдалтай гэх ерөнхий мэдээлэл явж буй. Сүүлд "Рио Тинто”-гаас  2.3 тэрбум ам.долларын өрийн 1.6 тэрбумыг "тэглэх”, 350 сая ам.долларын "урьдчилгаа” өгөх зэрэг саналуудыг ирүүлээд буй. Харин Засгийн газар далд уурхайн зардал хэтэрсэн буюу Дубайн гэрээг цуцлах, өнөөг хүртэл Монголын 34 хувьд оногдох өрийг тэглүүлэх саналыг сөргүүлэн тавьж байгаа аж.
 
Тэгвэл Монголын төрийг төлөөлж Оюутолгойтой ширээний ард сууж байгаа багт хэн хэн багтаж байна вэ гэдгийг танилцуулья. Эдгээр хүмүүсийн ур чадвар, уран мэхээс хамаарч хэлэлцээр хэр дүнтэй байх нь шийдэгдэнэ. Эс бөгөөс гавьяа хүртэх бус эргээд шийтгэл яригдах ч эрсдэл гарч болзошгүй. 
"Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. Тэгвэл Оюутолгойтой ширээний ард суух багт парламентын гишүүд, сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газар, "Эрдэнэс Оюутолгой”  компанийг төлөөлсөн 20 хүн багтаж байна.
 
Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байна. Гишүүдэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Г.Тэмүүлэн,  О.Цогтгэрэл, Н.Наранбаатар нар байгаа юм. Харин сайдуудаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх,  Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо байгаа бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Батбаатар, "Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, Нарийн бичгийн даргаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж ажиллаж буй аж.
"Рио Тинто” болон Засгийн газрын Ажлын хэсэг хэд хэдэн удаа уулзаад байгаа. Ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэлцэрийн талаар "Хэлэлцээр тодорхой хэмжээнд урагшилж буй. Гэхдээ бидний хүссэн үр дүнд хүрэхгүй байна. Хамгийн чухал нь, бидний хүсч буй зүйл хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхийг хэлэлцэгч талд удаа дараалан тавьсан. Гэвч хэлэлцээр хийж буй талаас хөрөнгө оруулалтын гэрээнд өнөөдрийг хүртэл хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах, ямар нэгэн зүйлийг одоогоор гаргаагүй. Нөгөө тал Хөрөнгө оруулалтын гэрээг нэг ч хөндөөгүй тохиолдолд бид мянган зөвлөх авчраад хэлэлцээр урагшлахгүй.
 
 
 
Тиймээс улс төрийн болон бүх арга хэрэгслүүдийг ашиглаж хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Оюутолгойн хэлэлцээрт дотооддоо нэгдмэл байр суурьтай, хөрөнгө оруулалтын гэрээний үр өгөөжийг наашлуулах, олон түмэнд хүртээмжтэй болгох чиглэлээр нэгдмээр байгаа юм.
 
 
 
Арбитрын маргаан шийдвэрлэх хянан шалгах ажиллагаа  2023 оны сүүлч хүртэл үргэлжилнэ. Энэ бол яаран дүгнэж, хэлэх зүйл биш. Гэхдээ бид хуулийн ферм, зөвлөхүүдтэйгээ энэ чиглэлээр ажиллаж байгаа. Нэмэлт нотлох баримтуудыг гаргаж өгөх тал дээр тодорхой ажлуудыг хийж байгаа. "Рио Тинтогийн зүгээс зардлынхаа хэтрэлтийг Засгийн газраар зөвшөөрүүлж, дараагийнхаа мөнгийг босгож, далд уурхайгаа яаралтай дуусгах саналыг л тавьж байгаа. Дубайн гэрээг цуцлах гэж байгаа. Дубайн гэрээний ихэнх нь нэмэлт зардлын төлөвлөгөө байсан.
Гэтэл батлагдаад, хэрэгжээд, дахиад зардал хэтэрчихээд байна. Үүнээс гадна хэд, хэдэн суутгал, шимтгэлтэй холбоотой давуу байдал үүсгэснийг энэ гэрээгээр цуцална. Дараагийн шатанд, арбитрт маргаан үүсгэх, хөндлөнгийн аудит томилох, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн дараагийн зарга маргаан үүсгэх төлөвлөгөөнүүд байгаа” хэмээн мэдэгдээд буй. Тэгвэл өчигдөр Төрийн ордонд "Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороо хуралдсан юм.
 
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу