КОВИД-19-ийн цар тахлын тоос дарагдаж байгаа энэ үед Монгол Улс уул уурхайн үйл ажиллагаанаас асар их ашиг хүртэх, бүр тодруулбал эрчим хүчний хүчирхэг гүрэн болох ирээдүйтэй талаар эдийн засаг, санхүүгийн зах зээлийн талаар голчлон нийтэлдэг "Benzinga news”-т дурджээ.
Түүнчлэн тус сайтад "Дэлхийн эрчим хүчний гол эх үүсвэр нүүрс нь уул уурхайн олборлолтод давамгайлах хэтийн төлөв ажиглагдаж байна. Гэвч уул уурхай маргаантай салбарын нэг бөгөөд улс орнууд олборлолт, нөөцийн асуудлаар зөрчилдөж байдаг. Өнөөдөр дэлхий нийтийн тулгамдаж буй асуудлын нэг бол найдвартай, тогтвортой эрчим хүчний хүртээмж юм. Харин эрчим хүчийг тогтвортой байлгах гол нөөц нь Азийн орнуудад байгаа. Нүүрс дэлхийн эрчим хүчний дийлэнх хэсгийг бүрдүүлдэг хэвээрээ байгаа бөгөөд уг түүхий эд үгүй бол дэлхий дахин эрчим хүчний хомсдолд орохоор байгаа нь олон жишээнээс харагдаж байна.
Тухайлбал, Хятадын нүүрс олборлодог хэд хэдэн бүс нутаг үерт автсанаас болж уг түүхий нүүрс хомстож, эрчим хүчний хямрал нүүрлэсэн. Хэдийгээр БНХАУ шаардлагатай нүүрснийхээ дийлэнхийг Австралиас авдаг байсан ч тус улсын эсрэг хориг арга хэмжээ аваад байгаа билээ. КОВИД-19-ийн цар тахал дэгдэж эхэлсэн цагаас эхлэн Австралийн талаас халдварын тархалтад Хятадыг буруутгаж, тус улсын эсрэг мөрдөн шалгалтын ажил эхлүүлэхийг уриалсан утга агуулгатай мэдэгдлүүдийг хийж байсан нь хоёр орны харилцааг хүйтрүүлж, Бээжин өнгөрсөн тавдугаар сараас эхлэн тус улсаас нүүрс импортлохоо зогсоосон юм.
Харин энэ үеэр Монголын Засгийн газар "Эрдэнэс-Тавантолгой” (ЭТТ) компанитай хамтран нүүрс олборлолтын салбарыг дотооддоо хөгжүүлэх хэд хэдэн шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Албан ёсны хэвлэлийн мэдээнд дурдсанаар, эдгээр төслийн зорилго нь "Улсынхаа нөөц баялгийг ашиглаж, иргэддээ урт хугацааны үнэ цэнийг бий болгох" аж. "Эрдэнэс тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.
Уг хөтөлбөрөөр "ЭТТ" өөрийн орлогоор баталгаажсан хоёр их наяд төгрөг хүртэлх үнийн дүнтэй төгрөг, ам.долларын "ЭТТ бонд"-ыг гурван транч буюу үе шаттайгаар гаргахаар Хөрөнгийн биржид бүртгүүлсэн юм. Үүнээс эхний транчийн өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжаа энэ оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 9-нд болж, хоёрдогч зах зээлд идэвхтэй арилжиж байгаа” хэмээжээ.
Нүүрсний ландшафт
Түүнчлэн "Benzinga news”-т "Эрдэнэс тавантолгой” энэ бүх төслөө эрчим хүчний салбарын маш чухал үед хэрэгжиж байна. Өнөө үед олон улс эрчим хүчний тогтвортой байдалд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд Индонезид тохиолдсон байгалийн гамшиг нүүрсний салбарыг нэлээд эрсдэлд оруулсан. Тавантолгойн нүүрсний орд нь Эрдэнэт, Оюу толгой зэрэг бусад ордын адил өмчлөлийн маргаангүй. Уг ордыг төр 100 хувь эзэмшдэг бөгөөд ЭТТ-ээс хэрэгжүүлэх гэж буй энэхүү төсөл нь Монгол Улсын иргэдэд ашигтай байх зорилготой юм.
1940-өөд онд анх нээгдсэн тус орд нь 7.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд Монголын Өмнөговь аймагт оршдог. Энэхүү стратегийн түншлэл амжилттай хэрэгжвэл Хятад зэрэг дэлхийн хүчирхэг гүрнүүд нүүрсний нийлүүлэлтэд санаа зовох шаардлагагүй болж, Монгол Улс нүүрс олборлолтоороо болон нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч орон болж чадна” гэжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН