Caakmedee

Монгол “улбар шар” зэрэгтэй ч “ногоон”-оор амьдарч байна

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2021/11/18

COVID-19 цар тахлын хор, хохирол хэзээ, яаж дуусахыг өнөөдөртөө хэн ч хэлж мэдэхгүй. Өчигдрийн байдлаар дэлхийн 255 098 000 мянга гаруй хүн цар тахлын халдвар авсан, 230 609 000 хүн эдгэрсэн гэсэн тоо гараад байна.
Эцэст нь хүн төрөлхтөн энэ цар тахлын өвчлөлийн хүндрэлээс вакцин хамгаалж байгааг ойлгов. Тиймээс улс орнууд ч вакцинжуулалтын хувиа нэмэхээр бүх хүчээ шавхацгааж байна. Шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байх шиг байна.
ОХУ-ын Роспотребнадзор буюу тус улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газраас вакцин хийлгэсэн хүмүүсийг тусгаарлах дэглэмийг сулруулах тухай шийдвэр гаргажээ. Европын орнууд вакцинд хамрагдаагүй хүмүүстээ хөл хорио тогтоож эхлэв. Мөн үйлчилгээний газруудынхаа үйл ажиллагааг хязгаарлах зэргээр вакцинжуулалтыг нэмэхийг зорьж байна. Мөн Австри улс вакцинд хамрагдаагүй иргэддээ энэ даваа гарагаас хөл хорио тогтоож эхэллээ. Тэдгээр иргэдээ 25 ба түүнээс дээш хүнтэй арга хэмжээнд оролцох, үсчин, ресторанаар үйлчлүүлэхийг хоригложээ.
"...Вакцин хийлгэснээс хойш 6-8 сарын дараа эсрэг биетийн титр буурч, халдварын шинэ давалгаа үүсэх аюул нэмэгдэж байна. Бусадтай харьцуулахад эрт вакцинжуулалтад хамрагдсан орнуудад халдварын тоо нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс вакцинжуулалтын гурав дахь тунг эхлэх нь чухал” гэж Японы коронавирусын тархалттай тэмцэх Засгийн газрын шинжээчдийн комиссынхон мэдэгдсэн байна.
 
 Украйны ерөнхийлөгч В.Зеленский өнгөрсөн даваа гарагт "...Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэддээ 38 ам.доллар өгнө” гэлээ.
 
Ер нь бол дэлхийн бараг бүх улс оронд вакцинтай иргэдээ аль болох нийгмийн харилцаанд оруулж, вакцинд хамрагдаагүй бол тусгаарлах, үйл ажиллагаанд оролцох, үйлчилгээ авахыг хориглох арга хэмжээ авч эхлээд байна.
Харин Монгол Улсын хувьд вакцины эхний тунд хүн амын 69.4 хувь, хоёр дахь тунд 66 хувь, харин гурав дахь тунд 16 хувь нь хамрагдаад байгаа юм.
 
Гамшгийн дөрвөн зэргийн гурав дахь буюу "улбар шар” түвшинтэй байна. Засгийн газар, УОК-оос вакцины гурав дахь тунд хүн амын 50 хувь хамрагдсаны дараа "шар” түвшинд шилжүүлнэ гэсэн мэдээлэл бий.
 
Хэдийгээр гамшгийн "улбар шар” түвшинтэй байгаа ч бид бодит байдал дээр "ногоон” буюу энгийн амьдралын түвшинд амьдарч байна.
Энэ сарын 1-нээс урлаг, соёлын арга хэмжээг чөлөөтэй болгосноор "хорионд” үлдсэн үйлчилгээ үлдээгүй. Бараг бүх аж ахуйн нэгж, бүх үйлчилгээ хэвийн явагдаж байгаа гэсэн үг. Уулзъя гэвэл хэнтэйгээ ч уулзаж болж байна. Улс төр хийгээд гудамж талбайд жагсах чөлөөтэй байна. За тэгээд үзвэр, үйлчилгээ, ер нь бүгд нээлттэй байна.
Гэвч вакцинд хамрагдсан, хамрагдаагүй хүмүүсийн халдвар хамгааллын дэглэм чухал байсаар байгаа. Мөн ЭМЯ-наас вакцины гурав дахь тунд хамруулах явуулын үйлчилгээ, түр цэгүүдийг ажиллуулах зэргээр бүх талын арга хэмжээг авч байгаа юм. Ингэхээр Монгол Улсын хувьд ямар ч байсан вакцинжуулалт маш амжилттай явчихаж байгаа юм.
Ингэж хүн амын эрүүл мэндийг хамгаалах вакцинжуулалтыг шийдсэний дараа Засгийн газар маш том асуудалтай тулна. Тэр нь дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал юм. Өөрөөр хэлбэл, хэдийнэ үүд тогшоод эхэлсэн их хямралыг Монгол Улс хэрхэн даван туулах вэ гэдэг Засгийн газрын хувьд хүндхэн даваа болоод байна.
 
Б.Баяр
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу