Caakmedee

Нийслэл хот хилийн цэсийн маргаанаа цэгцэлнэ

  • Нийгэм
  • 2021/11/19


Нийслэл Улаанбаатар хот Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний газар нутагтай. Энэхүү хилийн цэсийг анх 1982 онд, БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 131 дүгээр зарлигаар тогтоож байжээ. Түүний дараа 1996 онд УИХ-ын тогтоолоор нийслэл болон дүүргүүдийн хилийн цэсийг тэлж, шинэчлэн баталсан байна.
 
сонин mn
 
Энэхүү тогтоолын хоёрдугаар заалтаар Улаанбаатар хоттой хил залгаа Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Эрдэнэ, Сэргэлэн, Баяндэлгэр, Баян, Баянчандмань сумдын хилийн цэсийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхийг тухайн үеийн Засгийн газарт даалгасан байдаг. Харамсалтай нь, энэ асуудал одоог хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүйн улмаас нийслэл хот болон дээрх сумдын газар нутагт тодорхой хэсэгт давхцал үүссэн байна. Тиймээс өчигдөр хуралдсан Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар дээрх асуудлыг хэлэлцэв.
 
сонин mn
 
Хилийн цэсийн маргааныг шийдвэрлэхийн тулд энэ онд Засгийн газрын 146 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 66 дугаар захирамж, Барилга, хот байгуулалтын сайдын 67 дугаар тушаал гарч, маргааныг эцэслэх Ажлын хэсэг байгуулаад байгаа юм. Ажлын хэсэгт салбарын яам, мэргэжлийн байгууллагууд, нийслэлийн  Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх  дүүргийн төлөөлөл,  Төв аймаг болон Алтанбулаг, Аргалант, Эрдэнэ, Сэргэлэн, Баяндэлгэр, Баян, Баянчандмань сумдын Засаг даргын орлогч гэхчлэн 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, энэ онд хэд хэдэн удаа хуралджээ. Нийслэл хотын зүгээс 1996 онд баталсан хилийн цэсээр газар нутгаа бататгах хүсэлтээ илэрхийлсэн бол сумдын зүгээс дахин хуваалт хийх саналтай байгаа аж.
 
Тиймээс Улаанбаатар хотын хилийн цэсийг 1996 оны УИХ-ын тогтоолоор тогтоох асуудлыг НИТХ-д өргөн мэдүүлж, цаашлаад  Ажлын хэсэг, Засгийн газар, УИХ-д өргөн барьж, хилийн цэсээ баталгаажуулж авах нь зүйтэй юм гэдэгт Зөвлөлийн хурлын гишүүд санал нэгдэв.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу