Caakmedee

Богд Зонховын хөшөө МАН-ын дотоод уур амьсгал сэрүүссэнийг илэрхийлэв

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2021/11/24

Улсын төсвийн 32 тэрбум төгрөгөөр Богд Зонховын хөшөөг барихаар төсөвлөсөн нь санаатай санамсаргүйгээр олон зүйлийг нийгэмд ил болгож өгч байна. Ёстой л мөнөөх буян "бузар"-ыг нь ялгаж салгаад өгөв гэдэг шиг.
Хөшөө тойрсон эргэлзээ эхнээсээ учиг уяа нь тайлагдаж эхэлсэн ч зарим нэг кейс нь мань мэт байтугай Сангийн сайд, УИХ-ын гишүүд ч учрыг нь олж хужрыг нь тунгааж чадахгүй байгаа нь тэдний хэлсэн ярьснаас анзаарагдав.
Сангийн сайд улсын төсвөө “ХӨГЖИЛ”-ийн  “ХЭМНЭЛТ”-ийн гэсэн сайхан тодотгол дагалдуулсан. Гэвч тоон дотор үсэг гэдэг шиг хөшөө барихаа хөгжил гээд харчихсан эндүүрэл энэ дунд цогиж явсан нь ил болов.  
Бурхны цогцолбор МАН-ын дотоод уур амьсгалын атмосфер сайнгүй байгааг хамгийн түрүүнд бүр тодоор мэдрүүлж буян болов.
Өчигдөр МАН-ын бүлэг хуралдсан. Бүлгийн дарга  Д.Тогтохсүрэн мэдээлэл хийх үеэрээ “Хөшөөний асуудлыг бүлгийн хурлаар яриагүй. Засгийн газар Богд Зонховын хөшөөний санхүүжилтийг царцаахаар болсон. Энэ асуудлыг УИХ оруулж ирээгүй. Нийгмээс маш хүчтэй шүүмжлэл ирж байна. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгч хүмүүс дуудаж, тодорхой чиглэл өгсөн. Түүний дагуу царцаах шийдвэр гаргаж байгаа юм байна. Засгийн газар  ойрын үед мэдээлэл хийх байх. Төсвийн хуулиараа шийднэ. Засгийн газраас төсвийн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг өргөн барьж шийдүүлнэ гэсэн үг” гэлээ.
 “Энэ асуудлыг УИХ оруулж ирээгүй” хэмээн асуудлыг бүлгээсээ холдуулж, Засгийн газарт нааж, өөрсдөө  мэдээлэл хийнэ биз гэсэн өнгө аясаар хэлэв. Гэвч Сангийн сайд Б.Жавхлан “Энэ асуудлыг анх Засгийн газраас оруулаагүй. УИХ дээрээс санал ороод явсан” гэж хэлсэн. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар ч бас үүнийг хэлж байгаа. Асуудлыг УИХ, Засгийн газар хоёр хоорондоо шидэлцэх янзтай.
УИХ хамтын шийдвэрээ хамтдаа хариуцахын оронд  Засгийн газраа буланд шахаж,  нийгмээс маш хүчтэй шүүмжлэл ирж байна гэсэн үгээр   олон нийтийн бухимдлыг өөрсдөө дагаж ташуурдав.
Богд Зонхов төслийг анхлан санаачлагч нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаа ажээ. Үүнийг нь дэмжиж хүчтэй лоббидсон гишүүд нь МАН-ынхан. Бурхны хөшөөг 32 тэрбумаар барих төсөвт сөрөг хүчнийхэн сөрвөлзөөгүй нь  өөрсдийнх нь автортой  ажил байсантай холбоотой болж таарав. МАН-ын бүлэг 32 тэрбумыг бурхны хөшөөнд зарцуулах гэж байгаад иргэд зайлшгүй бухимдана, ихээхэн шүүмжлэлд өртөнө гэдгийг тооцохгүй байна гэдэг юу л бол.  Тэгэхийн цагт нь баруун хойд талын хар овоохойгоор Засгийн газраа нэрлэж бурууг үүрүүлнэ гэдгээ арай тооцоолчихсон байсан юм биш биз.  
Засгийн газрын алдааг засуулахаар Ерөнхийлөгч зарим нэг хүмүүсийг дуудаж үүрэг даалгавар өгч байгааг бүлгийн дарга  алдуул малын сураг дуулгаж байгаа эрэлчин аятай хэлнэ билээ. Тэгэхээр энэ 32 тэрбумын төсөв УИХ-тай, тэр дундаа олонхын бүлэгтэй огт холбоогүй гэсэн мессэжийг л уншуулах гээд байна аа даа, янз нь. Тэр дээгүүрээ тэгсхийгээд шийдээд төсвийн тодотголоо өргөн барина биз гэсэн хайнгадуухан хандлага ажиглагдсан.
МАН дотроо институци хоорондын  нягт цул байдал, эв эе суларч байгаа юм биз гэсэн  хар сэр эндээс сэвэлзэж байна.
Баталсан хуулиа мэддэггүй, санадаггүй мартамхай гишүүд
Хууль тогтоогчид аль хэр ажил хэрэгч вэ, тэд хууль батлахдаа хэр нягт нямбай ханддаг вэ гэдгийг бурхны хөшөөний дуулиан бас ил болгов. УИХ-ын гишүүдийн ихэнх нь төсөвт 32 тэрбумаар бурхны хөшөө барих гэж байгааг анзаараагүй, мэдээгүй. Бүр сонгогдсон тойрогт нь ийм өндөр үнийн дүнтэй бүтээн байгуулалт хийгдэж байгааг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг нар мэдээгүй. Гишүүд дундаа тулхтай  туршлагатайд тооцогддог Х.Баделхан гишүүн “Төсвийн хууль дотор “Богд Зонхова” цогцолборын бүтээн байгуулалтын талаар байсан юм уу?” гэж асуултыг асуултаар хариулжээ. Богд Зонхов цогцолборыг санаачлагч УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хүртэл “Таван тэрбумын төсөл яагаад 32 тэрбум болсныг мэдэхгүй. Би анх 5.5 тэрбум гэдгээр санаачилсан гишүүний нэг мөн. Надтай хамт санаачилсан гишүүдийг одоо би санахгүй байна” гэжээ.
УИХ-ын гишүүд хуулиа уншдаггүй,  камерийн өмнө  уншсан  ганц нэг зүйл заалт дээрээ амбицладаг дүр төрх харагдаж байна. Тийм болхоороо баталсан хуулиа санадаггүй, мэддэгүй байх нь аргагүй биз. Бидний төрд сонгосон төлөөллүүд маань иймэрхүү янзаар хуулийг  “гурилддаг” юм биш үү.
Нийт 124 төслийн төсөвт өртөг нэмэгдсний нэг нь  Богд Зонхов бурхны хөшөө
Гуравдугаарт, Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлэл дунд нэгэн ноцтой гэмээр баримт дурдагдлаа. Тэрбээр “2021 оны төсвийг 2020 онд хэлэлцэх үеэр УИХ-ын нэр бүхий гишүүдээс санал гараад, УИХ дээр дэмжигдээд 2021 оны төсөл дээр суусан. Тэр үед 5.5 тэрбумын төсөвт өртөгтэй төсөл байсан.
Зун наймдугаар сард төсөл нь Барилга хөгжлийн төвөөр ороод төсөвт өртөг нь нэмэгдсэн. Барилгын материалын үнэ нэмсэн. Хоёрдугаарт ажлын обьем нь нэмэгдэж, төсөв нь 32 тэрбум болж нэмэгдсэн. Энэ жил нийт 124 төслийн 184 тэрбум төгрөгийн төсөвт өртөг магадлангаар нэмэгдсэн. Үүний нэг нь Богд Зонхов бурхны хөшөө” гэжээ.
Эндээс тодорхой болж байгаа бас нэг зүйл нь ганц Богд Зонховын хөшөө бус нийт 124 төслийн төсөвт өртөг нэмэгдэж байгаа юм байна. Тэд арай бурхны хөшөө шиг анхны өртөгөөсөө 6 дахин нэмэгдчихээгүй байгаа.
Төсөв нь батлагдаагүй, ганц ч төгрөг зарцуулаагүй хөшөөний барилгын ажил эхэлжээ
Сангийн сайд “Цогцолбор барилга юм билээ. Тендер нь зарлагдаагүй байхад хаанаас ямар компани гарч ирээд барилга барьсаныг мэдэхгүй. Төсвөөс нэг ч төгрөг гараагүй байгаа” гэдгийг хэлсэн. Энэ бас  үнэхээр гайхшрал эргэлзээ төрүүлээд байгаа юм. Та доорхи зургийг харж байгаа байх. Цогцолбор маань бүр ийм хэмжээнд бараа сүртэй болтлоо баригдчихаад байна. Ганц ч төгрөг төсвөөс зарцуулаагүй төслийг ингэж "сайн дураараа" хэн нэг нь санаачлагаараа бариад эхэлчихжээ.  
Хэний шийдвэрээр ямар тохиролцоогоор төсөв нь батлагдахаас өмнө барилгын ажлыг эхлүүлчихсэн, хэдийнэ хана туурга нь хэзээ  босгочихоо вэ. Тэр “сайн санаат” шуурхай гүйцэтгэгчийг нэрлэх хүн байна уу.
Г.Учрал
http://www.toim.mn/article/2d94bg04
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу