Caakmedee

Оторлохгүйгээр өвлийг давахгүй, З.Мэндсайхан сайд аа

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2021/11/24

Намрын урт шаргал өдрүүд жолоо цулбуураа эвхэж, өвлийн эхэн сар тал дундаа ороход хөрсөн дээр цочир хүйтэрч, ихэнх нутгаар хур тундас орсон мэдээ бий. Өнгөрөгч зун зарим аймгуудад зуншлага тааруу байсан учраас өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг орон нутгаас мэдээлж байгаа бол зарим аймагт цас унахгүй байгаа учраас харын зуд болно гэх мэтээр ярьж байна. Үүнээс гадна өнгөрөгч өвөл отроор өвөлжсөн малчид нутаг буцаагүй, нэмж оторчид ирж байгааг дуулгасан. Үүнээс болсон маргаан дэгдэж, урьд өмнөх жилүүдийн адил малчид хоорондын зохисгүй нөхцөл үүсчээ. Энэ нь  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан бодлогоос үүдэлтэйг малчид хэлэх болов.
Учир нь Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас малчдыг оторлуулахгүй, орон нутагт нь өвөлжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тодотговол, отроор явах малын талаарх судалгааг гаргаж, малчид иргэд орон нутагтаа өвөл, хавар ая тухтай байх зохицуулалт хийхээр тусгажээ. Улсын хэмжээнд жилдээ ойролцоогоор 10 гаруй сая толгой мал өөр аймгийн нутаг, хилийн зурвас, улсын тусгай хамгаалалттай газарт отроор өвөлждөг байна.
Харин энэ өвөл тоо хэмжээг багасгаж,  малчид орон нутагтаа ая тухтай өвөлжих, хаваржих ажлыг зохион байгуулж байгаагаа салбарын яамнаас мэдэгдсэн. Гэтэл өнгөрөгч өвөл өөр аймаг, сумын нутагт өвөлжсөн малчид нутаг буцаагүй байгааг яах юм. Учир нь өөрийнх нь аймаг, суманд зуншлага тааруу болсон учраас өвөлжилт хүндрэх төлөвтэйг малчид хэлж байна, Ус, цаг уур шинжилгээний газраас ч анхааруулсан. Нөгөө талаар өвөлжилт хүндэрсэн, хүндрэх төлөвтэй нутгаас газрын гарц, өвсний соргогыг дагаж нүүдэллэж ирсэн түмэн. Нүүдлийн уламжлалт мал аж ахуйн онцлог ч өөр, олон зуу, мянган жилийн турш өвсний соргог цасны нимгэн дагаж оторлож ирсэн түүхтэй. 
Гэтэл З.Мэндсайхан сайд түүний багийнхан малчдыг отроор өвөлжүүлэхгүй гэх тогтоолыг халуун намраар үйлдсэн байна. Үүнийг шууд утгаар нь буруутгах гэсэнгүй. Ямар ч малчин өөрийн нутагтаа мал сүргээ адуулах нь юу юунаас таатай байдаг төдийгүй мал сүрэг ч нутаг усаа үгүйлдэг амьтан. Хамгийн гол нь тэд энэхүү тогтоол шийдвэрээ цагийн байдал, олон талын судалгаагүй шуудхан үйлдсэнд л хамаг учир бий. Тэр нь орон нутгийн удирдлагууд, малчдад нөлөөлж байгааг л шүүмжлээд байгаа хэрэг. Яагаад гэхээр салбар яам, Засгийн газраас нэгэнт ийм тогтоол шийдвэр гарсан учраас малчид төдийгүй орон нутгийн удирдлагууд оторчдыг оруулахгүй хэмээн ад шоо үзэж байна.
Засгийн газар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан судалгаа шинжилгээнд суурилж, долоодугаар сарын 28-ны өдөр хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай тогтоолдоо тусгажээ. Яахав, энэ тогтоолын гол зорилго нь хөдөө аж ахуйн салбарын тогтвортой байдлыг хангах, цаг агаарын эрсдэлийг бууруулах, энэ эрсдэлийг бууруулсны үндсэн дээр бүх талын хамгаалалт, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа нь олзуурхууштай. Бид шүүмжлэлтэй хандаад байгаагийн учир нь салбар яам юуны өмнө Ус цаг уур орчны шинжилгээний газрын айсуй төлөв байдлыг анзаарч хараагүй. Тиймээс зарим аймагт цаг хүндэрч, яах аргагүй отор нүүдэл хийх болж байна.
Мөн Монгол Улсын хэмжээнд 2021 онд хэрэгцээлэх малын тоог аймаг, нийслэлийн хэмжээнд гаргах, экспортлох малын төлөвлөгөө, хуваарийг гаргах, энэ чиглэлээр хүнсний болон хөнгөн үйлдвэрийн газруудтай хамтран ажиллана. Нөгөө талдаа үйлдвэрийн хэрэгцээнд шаардлагатай түүхий эд, малаас гарах бүтээгдэхүүний тооцоолол боловсруулж, тээвэрлэх, анхан шатны боловсруулалт хийх талаар төлөвлөгөө гаргасан байдаг. Гэтэл олон аймгийн нутагт шүлхий өвчин гарч, экспортлох ямар ч аргагүй болжээ. Энэ мэт зүйлээ бодолцоогүй учраас шүүмжлэл дагуулж байна.  
Ингэхдээ өвөлжилтөд ихээхэн нөлөөлдөг их цас, цасан шуурга, цочир хүйтрэл, хүчтэй салхины талаарх богино, урт хугацааны төлөв байдлыг тодорхойлж, малчид иргэдийг мэдээллээр хангана. Мөн өвөл хаврын бэлчээрийн даацын судалгааг тодорхойлсны үндсэн дээр эрсдэлийг багасгах арга хэмжээг авч, төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хангана гэх мэтээр цаасан дээр бичиж, тамга тэмдэг үйлдсэн ч бодит байдал дээр өөр болж байгаа юм. Хадлангийн талбайг оновчтой хуваарилах, зохистой ашиглах, говийн бүсийн болон хадлангийн нөөц бага аймгуудад хадлан бэлтгэх талбайг гэрээгээр ашиглуулах, малчин, мал бүхий иргэнээр байгалийн хадлан, гар тэжээл бэлтгэх ажлыг технологит хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэх, өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэхэд анхаарна хэмээсэн ч ихэнх аймагт нөөц бүрдүүлээгүй байгааг малчид ч хэлж байна, алба хаагчид ч хэлж байна. Тухайлбал, энэ жил 44900 тонн өвс, 2900 тонн ногоон тэжээл, 14850 тонн тэжээл бэлтгэх ёстой ч бодит байдал дээр хэм хэмжээндээ хүрээгүй гэх шалтгаан ч бий.
Энэ мэт хүчин зүйлс нөлөөлж байгаа төдийгүй оторлохгүйгээр өвлийг давах арга тун ховор. Монгол орон даяар өвөлжилт хүндэрсэн ч хүндрээгүй ч ямар нэгэн байдлаар отор нүүдэл хийхээс өөр арга байдаггүй юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу