Caakmedee

Дэлхийн улс орнууд шатахууны үнийг хэрхэн тогтоодог вэ!

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2021/11/25

 

Дэлхийн 187 улс 1991 оноос хойш "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д нэгдэж охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж байна.   Харин Монгол Улсад Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс санаачлан  1997 оноос жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон нийтийн ойлголт, оролцоог нэмэгдүүлэх зорилготой энэ аяныг зохион байгуулж эхэлсэн. Энэ цагаас хойш Засгийн газар, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхэн энэ   санаачилгад нэгдэж Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн хамтдаа 24 жилийн турш хичээн ажиллаж байна.  

Тодруулбал, 2004 оноос хувь хүмүүс, төрийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон хувийн хэвшлийн компаниуд "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д нэгдэж эхэлсэн. Энэ хамтын ажиллагаа, түншлэл нь аяны 16 хоногийн хугацаанд өрнөөд зогсох бус, хувь хүмүүс, олон нийтийн санаачилга, бүтээлч оролцоог дэмжиж, шинэ санаа, шинэ хамтын ажиллагааг өрнүүлдэг онцлогтой. Харин энэ оны аянг "Жендерт суурилсан хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай” уриан дор  Монгол Улсын Засгийн газар, Жендерийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

 

Х.Амаржаргал: Манай компанийн хувьд ажилтнуудын аюулгүй байдал үргэлж нэгд байдаг

 

Жендерт суурилсан хүчирхийлэл буюу гэр бүлийн хүчирхийллийн эсрэг аянд хувийн хэвшлийн компаниудыгаа манлайлан оролцож, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаараа үлгэр жишээ болдог нь "Рио Тинто Монгол”  компани билээ. Тухайлбал, тус компанийн хамт олон "Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт Яг одоо #хүчирхийллийг цэглэе” уриатай 2020 оны Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдэж, жендерт суурилсан  хүчирхийллийн бүх  хэлбэрийг таслан зогсоох тэмцэлд дуу хоолойгоо нэгтгэж байв. Энэ хүрээнд компанийн нийт ажилтныг  ажлын байрандаа аюулгүй байх, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсвэл өртөх эрсдэлтэй бол дэмжлэг авах бололцоогоор хангах зорилгоор "Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зааварчилгаа”-г мөрдөж эхэлсэн нь бусад компанид үлгэр жишээ болсоор байна.

Тухайлбал, "Рио Тинто Монгол”  компанийн Удирдах ажилтнуудад өгөх зааварчилгаанд "Ажилтны аюулгүй байдал, аюулгүй тайван орчинд амьдарч байгаа эсэхийг нягтлах, ямар дэмжлэг хэрэгтэй байгааг нь асууж лавлах нь чухал. Мөн сэтгэлзүйчид хандахыг зөвлөж, боломжит дэмжлэг, тусламж үйлчилгээ эсвэл мэдээлэл хайж өгөх, ажлын гүйцэтгэлийг уян хатан байдлаар зохицуулж, тогтмол уулзаж ярилцах, асуудлаа гаргаж ярих нь зөв гэдгийг ажилтанд ойлгуулж тайвшруулах хэрэгтэй. Ажилтанг анхааралтай, шүүмжлэхгүй нухацтай сонсож, ярилцах, мэдээллийн нууцлалыг чанд хадгалахад анхаарч ажиллана” гэж бичжээ.

Энэ талаар "Рио Тинто Монгол”  компанийн захирал Х.Амаржаргал "COVID-19 цар тахал нь бидний амьдралд их хүндрэл бэрхшээлийг учруулж байгаа энэ  хүнд цаг үед гэр бүлийн хүчирхийлэл нь бидний ярих ёстой чухал сэдвүүдийн нэг болоод байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хэн нэгэнд өөрчлөлт хийх зориг, өөртөө итгэх итгэлийг эргэн олж авахад тогтвортой ажлын байртай байх, санхүүгийн хувьд биеэ даасан байх нь аливаа нэгэн хүчирхийлэлтэй харилцаанаас  гарахад нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг болж байдаг. "Рио Тинто Монгол” компанийн хувьд ажилтнуудын маань аюулгүй байдал үргэлж нэн тэргүүнд байсаар ирсэн. Ажилчдын аюулгүй байдал гэдэг зөвхөн ажлын байраар хязгаарлагдахгүй. Тиймээс "Рио Тинто Монгол” компани "Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зааварчилгаа”-г боловсруулан мөрдөн ажиллаж байна. Энэ зааварчилгааны хүрээнд хамт олны хэн нэгэн гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртөж байгааг таньж мэдэх, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд ажилтнуудад үзүүлэх дэмжлэг туслалцаа, зөвлөгөөнөөс гадна удирдах ажилтнуудад зориулсан заавар зөвлөгөө багтсан байдаг. Манай хамт олны зүгээс Монгол Улсын иргэн бүрийг ялангуяа, хувийн хэвшлийн байгууллагуудыг хүчирхийллийн эсрэг тэмцэж, хүчирхийллийн бүх л хэлбэрийг таслан зогсооход дуу хоолойгоо нэгтгэн хамтдаа тэмцэхийг уриалж байна” гэж ярилаа.

 

Ажлын байранд гэр бүлийн хүчирхийллийн талаар яагаад ярих хэрэгтэй вэ?

 

Гэр бүлийн хүчирхийлэлд хэн ч өртөж болзошгүй.  Эрэгтэй, эмэгтэй хэн ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч эсвэл хохирогч байж болно. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хэн нэгнийг эрт мэдэж, цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэх нь хүчирхийллийг таслан зогсооход бидний оруулах хамгийн чухал хувь нэмэр билээ. Тэгвэл "Рио Тинто Монгол” компани хүчирхийлэлд өртсөн ажилтандаа олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Нэгдүгээрт, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой төрийн зохих  үйлчилгээнд  холбон зуучлах. Хоёрдугаарт, шаардлагатай тохиолдолд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, гуравдугаарт, олговортой чөлөөг олгох багтдаг. Мөн  ажлын уян хатан зохицуулалт санал болгох,  ажлын байрыг хэвээр хадгалах нь ажилтанд дэмжлэг үзүүлэх итгэмжлэгдсэн сэтгэл зүйн хөтөлбөрийн талаарх мэдээллээр хангах үйлчилгээ үзүүлдэг нь тус компанийн ажилтнуудын тогтвор суурьшилтай, аюулгүй ажиллах үндэс суурь болдог юм.

Хамтран ажиллагчдаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнийг хэрхэн таних талаарх мэдлэгийг "Рио Тинто Монгол” компани бүх ажилтандаа олгожээ. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хамт ажилладаг хэн нэгнээ таньж мэдэх шинж тэмдэгт ажлын гүйцэтгэл доголдох, ердийн үеэс өөрчлөгдөх, тодорхой шалтгаангүйгээр бачимдах, гомдох зэргээр зан ааш нь  огцом өөрчлөгдөх, ойр ойрхон чөлөө авах, ажлаас хоцрох багтдаг хэмээн тус компанийн ажилтнууд ярилаа.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр арваннэгдүгээр сарын 25-ныг  "Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон 1999 онд  зарласан байдаг. Тиймээс "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г  жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас 16 хоногийн турш зохион байгуулдаг билээ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг устгах олон улсын өдөр болох арваннэгдүгээр сарын 25-наас эхлэн Олон улсын хүний эрхийн өдөр болох арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэлх 16 хоногийн турш үргэлжилдэг юм.

Өмнөх жилүүдэд 16 хоногийн аяныг гэр бүлийн хүчирхийллийн асуудалд чиглүүлэн, жендерт суурилсан хүчирхийллийг  ихэвчлэн "эмэгтэйчүүдэд хамаатай” асуудал гэж харж зөвхөн хохирогчийг хамгаалах чиглэлд илүүтэй анхааран үйл ажиллагаагаа чиглүүлж байв. Хэдийгээр эрэгтэйчүүд, хөвгүүд хүчирхийлэл үйлдэгчдийн дийлэнх хувийг эзэлсээр байгаа ч тэднийг энэ асуудлын гадна үлдээсээр байна гэж үзэж байна.

Иймээс энэ жилийн аяныг жендерт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл нь  хүн бүрт хамаатай асуудал гэсэн үндсэн агуулгыг олон нийтэд хүргэх, хамгийн энгийн хэлбэрийн хүчирхийллийн тохиолдлыг зүгээр хараад өнгөрүүлэх нь олон нийт тухайн хүчирхийллийг хүлээн зөвшөөрч, хор хөнөөл бүхий ийм үйлдэл үргэлжлэх боломжийг олгож байгааг олон нийтэд ойлгуулахыг зорьжээ.  Энэ жилийн  16 хоногийн аяны хүрээнд хувь хүмүүсийг тэдний өдөр тутмын амьдралд тохиолдож байгаа жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг зогсож, манлайлан оролцох боломжийг бүрдүүлэх тийм орон зайг олон нийтийн дунд бий болгохоор төлөвлөжээ. "Рио Тинто Монгол” компани уламжлал ёсоор  "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д нэгдэж, хүчирхийллийн эсрэг тэмцэж, хүчирхийллийн бүх л хэлбэрийг таслан зогсооход дуу хоолойгоо нэгтгэн хамтдаа тэмцэхийг уриаллаа.


Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2021.11.25 ПҮРЭВ № 232 (6709)

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу