Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-н Улс тунхагласны өдөр тохиодог. Тэртээ 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан нь Монгол Улсын түүхэнд тохиосон томоохон үйл явдал юм. Туурга тусгаар Монгол Улсыг дэлхий дахинд зарлаж, Үндсэн хуульт Бүгд найрамдах байгууллыг сонгосонд уг өдрийн ач холбогдол оршдог.
Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч хэмээн анхлан зарлаж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийн асуудлыг хуульчилж, Азид анх удаа эмэгтэйчүүд, эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөнөөс хойш 97 жил өнгөрчээ. Харин өнөөдөр энэ түүхэн өдрийг, ямар чухал өдөр болохыг хүүхэд, залуучууд маань хэр мэддэг бол гэсэн бодол төрдөг юм. Эцэг, эхчүүд хүүхдүүддээ энэ л өдрийн учир холбогдол, түүхэн гавьяаг хэлж ярьж байхаас гадна, сургуулиудад түүхийн хичээл дээр түлхүү орох ёстой ч юм шиг. Зүгээр нэг баярлаад өнгөрөх биш, бүх нийтээр мэдлэг, мэдээлэл түгээдэг, хуваалцдаг өдөр байх хэрэгтэй. Тэгж гэмээнэ эх түүхээ мэддэг, эх орондоо хайртай хойч үе өсөж өндийнө. Харин ийм л иргэд эх орноо хөгжүүлж, дэлхийн бусад орнуудтай мөр зэрэгцэн явах боломжийг бүрдүүлнэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН