COVID19 цар тахал хүн төрөлхтөнд байсгээд л шинэ "үр төл”-өө танилцуулж байна. Тэр бүрт нь дэлхийгээрээ хямарч, дарж авах вакцины аянд мордоцгоох аж. Өөрөөр хэлбэл, мутацилагдсан хувилбарууд илрэх бүрт эхлээд эрүүл мэнд амь насаа бодох хэрэгтэй болж байна. Харин дараагаар нь эдийн засгаа анхаарах ёстой.
Тиймээс манай улс бусдын л адил COVID19 цар тахал хэзээ дуусна, ард нь гарчих санаатай үзэж тарж байна.
Монголчууд COVID19 цар тахалтай хамт амьдарч буй хоёр жилийн сүүлийн арван сард энэ Засгийн газар ажиллалаа. Нэгдүгээр сарын сүүлчээр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж, Засгийн газраа байгуулж байв.
Засгийн газар, зарим сайд нь сайнаар, саараар хэлэгдсээр өнөөдрийг хүрлээ. Шүлхий алдсан сайд, шатахуун тасалсан сайд, шахмал түлш дээр барьц алдсан сайд, бас бурханы хөшөө, Дарханы зам дээр "ойчсон” зэрэг салбарынхаа ажлыг салам унагаасан "хэрэг”-тэй хэд хэдэн сайд бий. Угтаа энэ нь тэр сайдын удирдлага, менежментэд тавигдаж буй дүн юм.
Гэхдээ энэ Засгийн газрын арван сарын хийснийг эргээд харахад том төслүүд дээр үнэхээр том "хөдөлж” чадсан. Үнэн юм үнэнээрээ сайхан л даа.
Хамгийн түрүүнд Оюутолгойн гэрээг онцолмоор байна. Монголын төр Оюутолгойн 2009 оны гэрээг ашиггүй болсон гэдэгт бүрэн итгэлтэй болж, тогтоол шийдвэрүүдийг гаргасан. 2015 оны Дубайн гэрээ буюу далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө ч эргээд Монголд халгаатай болох нь батлагдсан. Нэг мэдсэн чинь, Монгол Улсын ашиг хүртэх хугацаа хэдэн арван жилээр хойшилж, харин өндөр дүнтэй өртэй болчихсон байв. Энэ талаар "...Монгол Улсын Засгийн газрын 1.4 тэрбум ам.доллар бүхий 34 хувийн өрийн бичилт 2009 оноос хойш 2.3 тэрбум ам.долларын өр үүссэн. Энэ чигээрээ ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр төлж байж ашиг хүртэх тухай яриа хөөрөөндөө орж болно” гэж "Рио Тинто” манайд мэдэгдсэн.
Уг нь 2009 оноос хойш манай талаас "...Алдаагаа засаач ээ, ашиг авмаар байна” гэж янз бүрийн байдлаар маш олон удаа түнш "Рио Тинто”-д хандаж байжээ. Хачирхалтай нь тэр бүгдийг нэг ч удаа анхаарч үзэж байсангүй. Дунд 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газар татварын маргаан үүсгэж, 2015 онд Ч.Сайханбилэг Дубайд очиж далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж, ингэж хоёр удаа "харьцсан” байдаг юм.
Тэгвэл энэ Засгийн газар "Рио Тинто”-тай хэлэлцээрийн ширээнд сууж, үр дүнг бодитойгоор гаргаж чадлаа гэж болно. Засгийн газраас хэлэлцээрийн явцад далд уурхайн зардал хэтэрсэн буюу Дубайн гэрээг цуцлах, өнөөг хүртэл Монголын 34 хувьд оногдох өрийг тэглүүлэх "санал”-ыг тавьсан. Харин "Рио Тинто”-гийн зүгээс 2009 оноос хойш үүсэн 2.3 тэрбум ам.долларын өрийн 70 хувийг "тэг”-лэж, ашгийн урьдчилгаа нэг их наяд төгрөг санал болгосон. Манай талын хувьд эдгээрийг хүлээж авах эсэхээ шийдээгүй. Харин Дубайн гэрээг цуцлах шахалтыг үзүүлсээр байгаа юм. Хамгийн сүүлд, энэ сарын 22-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмтой уулзахдаа "...Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудалд "Рио Тинто” компани хариуцлага хүлээж, шаардлагатай нэмэлт зардлыг санхүүжүүлэх ёстой.
Монголын төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг тэглэж, ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлж ажиллах хэрэгтэй. Дубайн гэрээг ойрын үед цуцлахад "Рио Тинто” компани анхаарах хэрэгтэй” гэсэн. Үүнд Якоб Стаусхольм "...Монгол Улс дахь үйл ажиллагаандаа анхаарч, аль болох ил тод, нээлттэй хамтарч ажиллахад бэлэн” гэжээ.
Мөн Уржигдар "Туркойз Хилл Ресурс”-ээс Оюутолгойн гүний уурхайн ажлыг үргэлжлүүлэх нэмэлт санхүүжилтийг баталснаа зарласан байна. Ингэхдээ "...Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто” компанийн хооронд үргэлжилж буй хэлэлцээрт ахиц дэвшил гарсантай холбогдуулан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн чухал ажлуудыг үргэлжлүүлэхийн тулд 75 сая ам.долларын төсвийг баталсан” гэж мэдээлжээ.
Хэлэлцээр үргэлжилж байна. Тэгвэл энэ хэлэлцээр явагдаж байх үед Засгийн газар нэг том төслийг хөдөлгөсөн. Тэр нь олон жил "чагт”-тай байсан Тавантолгойн цахилгаан станц юм. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай тус цахилгаан станцыг 2024 онд ашиглалтад оруулахаар болж, ажлыг нь хавар зуны заагаар эхлүүлсэн. Энэ цахилгаан станц нь өмнийн говь дахь уул уурхайн эрчим хүчийг найдвартай эх үүсвэрээр хангах, нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэх, цахилгаан дамжуулах агаарын шугамын алдагдлыг бууруулах, төслийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдол өндөртэй юм.
Мөн л олон жил яригдаж байгаа ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсаар дамжин өнгөрөх хийн хоолой барих ажилд тодорхой ахиц гарч байна. Одоогоор энэ төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж буй аж. Манай ЭХЯ, ОХУ-ын "Газпром” корпораци болон түүний охин компанийн хамтаар хийн хоолойн олон бүтээн байгуулалтын ажлыг 2021 оны сүүлчээр дуусгахаар ажиллаж байгаа юм байна. Саяхан ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч В.Абрамченко Монголд ирж хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралд оролцох үеэрээ "...Энэ төслийг амжилттай хамтран хэрэгжүүлнэ гэдэгт ОХУ найдаж байна” гэчихээд явсан.
Бас нэг том төслийг "хөдөлгөсөн” нь хотын автозамын түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Эхний 2022 оныхыг төсөвт суулгасан. Урьд өмнө нь замын түгжрэлийг бууруулахад жилд 30-50 тэрбум төгрөг зарцуулдаг байж л дээ. Үнэнийг хэлэхэд хотын замын түгжрэл улсын хэмжээний асуудал болоод удчихсан. Хотын иргэд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий. Одоо хотын удирдлагууд төсвөө зөв зарцуулж, шийдвэртэй, үр дүнтэй ажиллах шаардлагатай.
Мөн хотын түгжрэл, төвлөрлийг сааруулах, Монгол Улсын дэд бүтцийн болон тээвэр ложистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Төв аймгийн нутаг дэвсгэрт шинэ дагуул хот бий болгох зорилгоор "Богдхан төмөр зам”-ыг барьж эхэлсэн. Бүтээн байгуулалтын ажлыг нь наймдугаар сард эхлүүлчихсэн. Энэ төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдоно. Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сум, Улаанбаатар хотын Багахангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин нийт 135.8 км үргэлжлэх зургаан зөрлөг, гурван өртөө бүхий бүтээн байгуулалт аж. Түүнчлэн 16.6 км урттай хоёр туннелийг Монгол Улсад анх удаа барих юм байна.
Үүнээс гадна энэ Засгийн газар "...Авлигатай тэмцэж байж ажил явна” гэдэг бодлого хийж эхэлсэн. Өнгөрсөн зуны Зам-Үүд дээр болсон явдлыг санаж байвал, түүнээс хойш энэ ажил эрчимжсэн гэхэд болно. АТГ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдсан. Ерөнхий сайд толгойлдог. Энэ үйл ажиллагааны хүрээнд суурь үзүүлэлт болох авлигын индексийг бууруулахаар ажиллаж эхэлсэн.
Өнгөрсөн зунаас хойш албан тушаалтнуудын холбогдсон авлигын 70 хэрэг шүүхээр шийдэгджээ. Авлигын индекс 111 байснаа нэг тоогоор буурсан байна. Энэ ажлын зорилго нь ойрын хугацаанд авлигын индексийг хоёр оронтой тоонд оруулах гэж байгаа юм. Үүний хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулж УИХ-д өргөн барьсан.
За, тэгээд ирэх 2022 оноос Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орох "хуваарь”-тай. Дараа нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орно. Дагаад Зүүнбаянгийн төмөр замын ойролцоох 23 орчим орд газрыг шинээр ашиглалтад оруулна. гэх мэт томоохон асуудлуудыг Ерөнхий сайдын орон нутагт хийсэн албан томилолтын "Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн зэс баяжуулах үйлдвэр барих тухай шийдвэрийг бас гаргасан.
Ийм томоохон төслүүдийг "хөдөлгөж” чаджээ. Эдгээрийг сайлах нь байна, муулах нь ч байна. Ганц л зүйл тов тодорхой байгаа юм. Дэлхийн эдийн засаг хэрхэх нь тодорхой бус боллоо. COVID19 цар тахлаас болж шүү дээ. Биднээс хамааралгүй хямралыг бид туулах л болох нь. Харин тэр үед энэ Засгийн газрын хөдөлгөсөн том төслүүд л аминд орно шүү.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин