Caakmedee

Сурагчдын амралтын хуваарийг ӨӨРЧИЛЛӨӨ

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2021/12/01


Коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцгой комисс танилцуулга хийв.

Үүнтэй холбоотойгоор хилийн хяналтыг сайжруулах, ЕБС-ийн сурагчдын амралтыг зохицуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Улсын онцгой комиссын зөвлөмжөөр томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг энэ сарын 10-наас цахим сургалтад шилжүүлнэ. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 18-наас эхэлж, 45 хоног үргэлжлэх аж. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ талаар "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд сурагчдын амралтын асуудлаар мэдээлэл өгсөн. Засгийн газрын зүгээс салбар яаманд дахин эрсдлийн үнэлгээ хийх үүрэг өглөө. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 18-наас хоёрдугаар сарын 3 хүртэл амраах. Ингэхдээ арванхоёрдугаар сарын 11-нээс эхлэн цахим хувилбарт шилжүүлэх чиглэл барьж байна. Гэхдээ сурагчдыг хэрхэн амраах талаар эцсийн шийдвэр гараагүй. Цэцэрлэгийн хүүхдүүдийг мөн хугацаанд цахимаар хичээллүүлэх талаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 10-наас Цагаан сар дуустал цахимаар хичээллүүлэх тухай ярилцлаа.  

Их, дээд сургуулийн хувьд арванхоёрдугаар сарын 6-наас нэгдүгээр сарын 10 хүртэл шалгалт цахимаар явагдана.

Танхимаар өгөх шалгалтыг хоёрдугаар сарын 1-нээс хойш өгүүлэхээр ярилцлаа. Иймд арванхоёрдугаар сарын 10 хүртэл гуравдугаар тунд хамруулах ажлыг эрчимтэй үргэлжлүүлэх хэрэгтэй байна" хэмээн мэдэгдлээ. 


Сануулахад, өмнө нь сурагчдын I улирлын амралтыг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлж, 6 долоо хоног амрааан, 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр дуусгахаар төлөвлөж байсан юм.

БШУЯ-наас хичээлийн шинэ жилийн эхэнд танилцуулж байсан АМРАЛТЫН ХУВААРИЙГ эргэн сануулъя.


Боловсрол, шинжлэх ухааны сайдын "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” 2020 оны А/244 дүгээр тушаалаар баталсан "Хичээлийн жилийн бүтэц”-ээр хичээлийн жилийг гурван улиралтай болгосон. Тэгвэл ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32, IV-V ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног тус тус суралцана. 

Хичээл, амралтын хуваарь:



I улирал


  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 16 долоо хоног суралцана.
  • Амрах: Бүх ангийн суралцагчид 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 6 долоо хоног амарна. Амралт 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр гүйцнэ.

II улирал

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр эхэлж, 8 долоо хоног суралцана.
  • Амрах: Бүх ангийн суралцагчид 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1 долоо хоног амарна. Амралт 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр гүйцнэ.

III улирал

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр эхэлнэ.
  • Амрах: 

      I-III ангийн суралцагчид 8 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 5 дугаар сарын 30-нд эхэлнэ.

      IV-V ангийн суралцагчид 9 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 6 дугаар сарын 6-нд эхэлнэ.

     VI-XII ангийн суралцагчид 10 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 6 дугаар сарын 13-нд эхэлнэ.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу