Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Геологи, уул уурхайн эдийн засагч Т.Балжинням
УИХ, Засгийн газар Оюу толгой төслийн нийт хөрөнгө оруулалт, үүний дотор Монголын талд ногдох хувь, хэмжээ болон энэ төслийн хэрэгжилтийн үр дүнд Хөрөнгө оруулалтын гэрээнд оролцогч Талуудад өгөх үр ашиг, өгөөж хийгээд Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэх гэрээ зэрэг асуудлаар байр сууриа Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушолмд тодорхой илэрхийлсэн тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд өргөн сурталчилсаныг олон нийт хүлээн авсан.
Талуудын хэлэлцээний явцын талаар уг хэлэлцээний ахлагч нараас үе үе олон нийтэд хийсэн мэдэгдлээс ажиглахад дараах зүйлс ойлгогдож байна. Үүнд:
Рио Тинтогийн Зэсийн группийн захирал Б.Болд: Монголчууддаа өр биш өв үлдээх нөхцөл бүрдлээ гэж Зариг сайтад ярилцлага өгөхдөө "ӨР”-ийг ямар арга замаар тэглэх, Монголчууд "ӨВ”-ийг хэрхэн яаж бодитой эзэмших талаар тодорхой зүйл яриагүй байна. Тухайлбал Оюу толгой төслийг хэрэгжүүлэхэд өнөөг хүртэл 15.0 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт зориулсан гэх боловч үүнийг гэрээнд оролцогч Талууд хөндлөнгийн аудит хийлгэж баталгаажуулаагүй, энэ асар их тоон дүн зөвхөн Оюу толгой ХХК-ийн санхүүгийн тайланд л тусгагдсан байгаа юм.
Хөрөнгө оруулалтын гэрээнд оролцогч Талууд Оюу толгой төслийг бүрэн хэрэгжүүлэхэд 4.4 тэрбум ам. доллар шаардлагатай гэж гэрээний 9.5 болон 3.6-р зүйлд заасан байна. Төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээг Америкийн McIntosh Engineering Inc., Австралийн МИНПРОК, Канадын АМЕC, AUSENCO, SRK Consulting Ink., SGS Lakefield Research Limited зэрэг уул уурхайн төсөл боловсруулдаг мэргэжлийн компаниудын гүйцэтгэсэн Оюу толгой ордын зэс, алтны бүлэг ордыг ашиглах 2010 оны ТЭЗҮ-д тооцож тогтоосон юм.
Өнөөдөр Оюу толгойн төсөлтэй холбогдсон Хөрөнгө оруулалтын гэрээ (ХөОГ), Хувь нийлүүлэгчдийн гэрээ (ХНГ), 2010 оны ТЭЗҮ гэсэн хууль, эрх зүйн чадамжтай 3 баримт бичиг хүчин төгөлдөр үйлчилж байна. ХөОГ болон ХНГ-д олон зүйл заалтууд Монгол Улсын үндэсний язгуур эрх ашигт өнөө ба ирээдүйд ноцтой хор хохирол учруулахуйц, харин Хөрөнгө оруулагч талд ихээхэн ашигтай, тэдний нэг талын сонирхол, эрх ашиг давамгайлсан байдалтай тусгагдсан байдаг. Уг заалтуудын талаар тодорхой ойлголтыг миний бичсэн Оюу толгой Аз уу?, Эз үү? номоос авах боломжтой.
Засгийн газар Рио Тинтотой Оюу толгой төслийн хэрэгжилтийн талаарх яриа хэлэлцээг явуулахдаа ХөОГ болон ХНГ, ТЭЗҮ-ийн биелэлтийг нэгбүрчлэн гаргаж, тэдгээрт бодитой үнэлэлт дүгнэлт өгөх ажил, асуудлаас эхлэх нь зүйтэй байсан. Хэлэлцээ ингэж эхэлсэнгүй бололтой харамсалтай.
Талуудын хооронд гэрээ болон ТЭЗҮ-тэй холбогдсон асуудлаар үүссэн маргаантай зүйлүүдийн талаар бүрэн үндэслэлтэй, хөдөлбөргүй нотолгоо баталгаатай тооцоо судалгаа гаргасан эсэх нь ч олон нийтэд тодорхойгүй байна. Хэлэлцээний явцад Оюу толгой төслийн бүх үе шатыг, тодруулбал ил уурхай, баяжуулах үйлдвэр, хаягдал хадгалах байгууламж, дулааны уурын зуух, уурхайн газрын дээрх, доорхи цахилгааны, холбооны дэд бүтцүүд, далд уурхайн 1-р босоо амыг төслийн нэгдүгээр үе шатад байгуулж, 2012 оны эцсээр ашиглалтад оруулсан, мөн энэ хугацаанд далд уурхайн уулын нэвтрэлтийн ажил хэвийн үргэлжилж 15.7 км хэвээ малталт гүйцэтгэсэн зэрэг асуудлыг хамруулан авч үзсэнгүй. Эдгээрийг нарийвчлан авч үзсэн бол Монголын талд их чухал ашигтай байв. Засгийн газар ингэж ажилласангүй нь олон нийтэд илт харагдаж байна.
Ажлын хэсэг зөвхөн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг тойрсон асуудал буюу энэ гэрээгээр олон улсын банк, санхүүгийн байгууллагаас Оюу толгой ордын нөөц, баялаг, ОТ ХХК-ний биет болон мөнгөн хөрөнгө, ашигт малтмалын ордуудын тусгай зөвшөөрөлийг зээлийн баталгааны барьцаанд тавьж Рио Тинтогийн мэдэлд анхлан шилжүүлсэн 5 тэрбум 340.0 сая ам. долларын зарцуулалтын хүрээнд хэлэлцээ хийж байна. Энэ нь Монголчуудын, Засгийн газрын хүсэн хүлээж байгаатай нийцсэн нааштай үр дүн гарна гэхэд бүрэн итгэл төрөхгүй байна.
Чухам яагаад гэхээр Рио Тинтогийн захидлын,
Нэгдүгээрт: Монголын талын 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэнэ гэсэн мөртлөө үүнийг Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтад хамааруулахгүй гэж заагаагүй, ногдол ашгийг хэдэн оноос авч эхлэх нь тодорхойгүй байгаа юм.
Хоёрдугаарт: Дубайн гэрээг цуцлана гэсэн болохоос энэ гэрээгээр Рио Тинтогийн мэдэлд очсон 5.34 тэрбум ам.долларыг Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтад хамааруулахгүй гэж заагаагүй байна.
Гуравдугаарт: Хөндлөнгийн аудитыг зөвхөн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хийлгэнэ гэж хязгаарласан. Энэ аудитыг Оюу толгой төслийн нийт хөрөнгө оруулалтын зарцуулалтыг хамруулан хийлгэх нь Монгол Улсад ашигтай юм. Яахаараа энэ аудитыг Монгол Улсын хяналт шалгалтын болон мэргэжлийн аудитын байгууллагаар хийлгэдэггүй юм. Монголын байгууллагууд энэ аудитыг хийх бүрэн боломжтой. Ямар огторгуйн уудам сансар хорвоог судлах гэж байгаа бус, энэ бол Монгол хүний оюун ухаанаас хальсан асуудал биш билээ.
Дөрөвдүгээрт: Далд уурхайгаас олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;
Тавдугаарт: Оюу толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах байдлаар гүний уурхайн хяналтын талаар арга хэмжээ авч холбогдох зардлыг харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу Оюу толгой ХХК төлөх,
гүний уурхайг ашиглалтад оруулах огтлох малталтыг 2022 оны 1-р сард багтааж хийх, энэ ажлыг эхлүүлэх урьдал нөхцөлүүдийг Ажлын хэсгийн хүрээнд хамтран шийдвэрлэх асуудлыг Монголын Засгийн газарт санал болгосон байна. Эндээс харахад тодорхой зардалтай холбоо бүхий 1, 2, 4, 5-р заалтуудын, мөн огтлох малталтыг 2022 оны 1-р сард багтааж хийх зэргийн зардлыг уг чанартаа Оюу толгой ХХК-ийн борлуулалтын орлогоос цаашид төлүүлэх, ингэснээр нөгөөх хэл ам дагуулсаар байгаа Оюу толгой төсөлд зарцуулсан гэх 15.0 тэрбум ам.долларын дүн Оюу толгой ХХК-ийн санхүүгийн тайланд тусгагдсан байдалтай үлдэх өндөр магадлалтай байх юм. Хэрэв хөрөнгө оруулалтын энэ дүн хэвээр үлдэх аваас юун Засгийн газар орлогын албан татвар, ногдол ашиг хүртэх байтугай хүнд асуудалтай тулгарах болно.
Уг нь Засгийн газар ХөОГ-ний нөхцөлөө сайжруулах санал тавьж, Рио Тинтогийн саналын дагуу 2.3 тэрбум ам.долларыг Монголын талаас Оюу толгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалт гэж тооцох, энэ тохиолдолд Засгийн газар 1.496 тэрбум ам.долларыг өөрт ногдох ногдол ашгаараа нөхөж ОТ ХХК-д хөрөнгө оруулалт хийх замаар ордын нөөц, баялагт Монголын талын хувь эзэмшил 51 хувиас (2.3+1.496) дээш байх нөхцөлийг Рио Тинтотой тохиролцох хувилбарыг авч үзэх байв.
Өнөөдөр Оюу толгой уурхайн үйлдвэрлэлийн процессын бүхий л үйл ажиллагааг Монголчууд гардан гүйцэтгэж, зөвхөн удирдлага болон цөөн тооны гадаадын зөвлөх мэргэжилтэн ажиллаж байна. Анх Эрдэнэт үйлдвэр ийм л байдлаар ажиллаж эхэлсэн одоо 100 хувь монгол хүмүүс үйлдвэрийг ажиллуулж чадаж байна. Энэ бүхнийг улирах цаг хугацаа Монголчууд бидэнд нотлох нь гарцаагүй.
Түүнчлэн дээр дурдсанаас гадна Монголчуудын сэтгэлийг зовоож байгаа олон асуудлын ганц нэгээс дурдахыг хичээе.
Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний Монголын талд нэн хор хохиролтой, Хөрөнгө оруулагч болон Оюу толгой төсөл хэрэгжүүлэгч Рио Тинтогийн эрх ашиг давамгайлсан, тэдэнд их олз ашиг, өгөөжтэй заалтуудыг яах эсэх нь тодорхойгүй хоцрохгүй байх гэж бодож байна.
Оюу толгойн бүлэг ордуудыг, ялангуяа далд аргаар ашиглах Жавхлант (Херуга), Шивээ толгой (Хюго Дамметын өмнөд, мөн Хойд хэсгийн давхар-2)-г цаашид ямар замаар хэрхэн ашиглах нь маш бүрхэг бүдэг байгааг зайлшгүй нягтлах ёстой санагдана. Уг нь Хөрөнгө оруулагч болон Оюу толгой төсөл хэрэгжүүлэгч Рио Тинто анх ХөОГ, ХНГ-г Засгийн газартай байгуулж, тохирохдоо Оюу толгой ордыг эхний ээлжинд 65 жил, үргэлжлүүлээд 100 шахам жил хамтарч ашиглана гэснийг ч яах гэж байгаа нь мөн тодорхойгүй. Тэдний өнөөгийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг ажиглаваас ордын зэс, алтны өндөр агуулгатай хэсгийг сорчлон ашиглаж буй, ашиглахаар зэхэж байгаа юм шиг ойлгогддог.
Рио-Тинто компанийн Гүйцэтгэх захирал асан Жан Себасьтян Жак Блуумберг ТВ-ийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө: Рио-Тинто компани Оюу толгой ордод 40 орчим жил үйл ажиллагаа явуулахаар тооцоолж байгаа тухайгаа дурдсан байдаг.
Мөн Якоб Стаушолм Монголоос буцаж очоод Оюу толгой ордын ашиглалт 40 жил үргэлжилнэ гэж мэдэгдсэн байна. Рио Тинтогийн эрх мэдэл бүхий шийдвэр гаргадаг түвшний хүмүүс зүгээр ч нэг амандаа орсон үгийг санамсаргүй хэлээгүй байх гэж бодогдох юм.
Зүй нь Гэрээ болон ТЭЗҮ-ийн тооцооллын дагуу Монгол Улс өнөөдөр орлогын албан татвар, ногдол ашиг хүртэж байх ёстой. Гэтэл Оюу толгой компани өнгөрсөн хугацаанд ил уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанаас 4,641.6 сая ам.долларын алдагдалтай ажилласан дүн мэдээ байна. Энэ тоо баримт мэргэжлийн хүнд бол үнэхээрийн үнэмшилгүй бөгөөд бодит үнэнд нийцээгүй гэдэг нь харагдаж байгаа юм.
Оюу толгой компанитай ижилхэн үйл ажиллагаатай Эрдэнэт үйлдвэр 2019-2020 онд Монгол Улсын төсөвт бараг 2 их наядын орлого оруулж, борлуулалтын төгрөг тутмаас 28.7-31.5 мөнгөний ашиг олсон байхад Оюу толгой компани борлуулалтын ам.доллар тутамд дунджаар 1.46 ам.доллар зарцуулсан байх жишээтэй. Зэс, алт, мөнгөний зах зээлийн үнэ өндөр байхад Оюу толгой компани алдагдалтай ажилласан нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд Оюу толгой компани зэсийн баяжмал, алт, мөнгөний борлуулалтаас 10.1 тэрбум ам.долларын орлого олсон атлаа 4.6 тэрбум ам.долларын алдагдал гаргасныг манай эрх бүхий байгууллага нягталж зөв эсэхийг тогтоох нь чухал.
Оюу толгой ордын ашиглалтын эхний жилээс алдагдал хүлээх байсан бол энэ төслийг хэрэгжүүлэх шаардлагагүй нь ойлгомжтой. Рио Тинто, Туркойс Хиллийн мэдэгдэж байгаагаас харахад Монгол Улс 30 жилийн дараа орлогын албан татвар, ногдол ашиг хүртэх эсэх нь тодорхойгүй явдал хэмээс хэтэрсэн басамжлал, доромжлол гэж үзэж байна. Хэн ч гэсэн 30 жилийн хугацаанд ямарч ашиг хүртэхгүйгээр хөрөнгөө зарцаах уу?. Рио Тинто ийм байдлаар Монголын ард түмэнд, Засгийн газарт хандаж буйг хэрхэн ойлгох вэ?.
Оюу толгой төслийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд техник ажлын зураг, төсвийг зайлшгүй боловсруулж бэлэн болгосон байх учиртай. Гэтэл Монголын тал өнөөдрийг хүртэл Оюу толгой төслийн бүх обьектын техник ажлын зураг, төсвийг Хөрөнгө оруулагч гэх ОТ ХХК-иас авч чадаагүй байна. Ил уурхай, баяжуулах үйлдвэр, хаягдал хадгалах байгууламж, дулааны уурын зуух, уурхай дээрх цахилгааны болон холбооны дэд бүтэц зэрэг обьект ашиглалтад ороод арав шахам жил болж байхад эдгээр обьектын зураг, төсвийг Монголын талд өгөөгүй байхад Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын хэтрэлт гэгчид хяналт шалгалтыг бодитой хийх боломжгүй юм.
Монголын Засгийн газар болон Хөрөнгө оруулагч харилцан тохиролцсон Оюу толгой төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээг 2021 оны байдлаар 10.4(14.8-4.4) тэрбум ам.доллараар хэтрүүлсэн мэт харагдаж байгаа боловч энэ дүнг Монголын эрх бүхий байгууллагууд хянаж зөв буруу эсэхийг нотлоогүй, мэргэжлийн байгууллагаар аудитлагдаагүй, баталгаагүй дүн мэдээ зөвхөн цаасан дээр л байгаа юм.
Оюу толгой төслийн ТЭЗҮ2010-ийн хөрөнгө оруулалт, үр ашгийн тооцоог 1.9-6.5 дахин алдаатай тооцсон гэхэд эрүүл саруул ухаантай хэнбугай ч үнэмшихгүй. Орчин үеийн дээд зэргийн нарийвчлалтай программаар байж болох бүх хувилбараар Оюу толгой төслийн ТЭЗҮ2010-ийг шинжлэн судалж үзлээ гэхэд хэд дахин алдаатай тооцсон байна гэж нотлохгүй нь ойлгомжтой.
Хэрэв Рио Тинто болон Оюу толгой ХХК нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт материалаар бүрэн нотлогдоогүй Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын хэтрэлт гэх олон тэрбум ам.долларын луйвраа зөвтгөхийг оролдох аваас ТЭЗҮ2010-ийг үндсээр нь үгүйсгэж, Рио Тинто компани хуурамч баримт бичиг бүрдүүлж, Монголын Засгийн газрыг үндэслэл, нотолгоогүй бодит бус мэдээллээр төөрөгдүүлэх замаар өөрийн бусармаг зорилгоо биелүүлжээ гэж үзэх үндэстэй болох юм.
Одоо цаасан дээрх олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэтрэлт гэгчид аудит хийж, үнэн худлын алин болохыг магадлан шалгаж тогтоох үүрэг Монголын Засгийн газарт ногдож байгаа юм.