Caakmedee

“Давхар дээл”-нд даанч дуртай Л.ОЮУН-ЭРДЭНЭ

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2021/12/30
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “дан дээл”-тэй сайд нараа явуулж, “давхар дээл”-тэй сайд нараар танхимаа дүүргэх гээд тунчиг завгүй явна. Ингэхдээ Засгийн газрын талаас илүү хувийг нь УИХ-ын гишүүдээр бүрдүүлж, цөөн хэдэн сайд нараа л “дан дээл”-тэй ажиллуулах юм гэнэ. Үүнд аль эртнээс л бэлдэж, сөрөг хүчнийхээ гишүүдээр эхлэлийг нь тавиулаад авсан зайтай толгой. 

         Уг нь шинэ оны босгон дээр энэ тохироогоо хийчих санаатай их зүтгэсэн ч амжилт олсонгүй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн даваа гарагт болсон Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар “давхар дээл”-тэй сайд нарын асуудлыг хэлэлцэх товтой байлаа. Харамсалтай нь Ерөнхий сайд Цэцийнхэнтэй тохироон дээрээ ойлголцсонгүй юү, өөр шалтгаан байв уу ямартай ч Цэцийн дунд суудлын хуралдаан хойшилж, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудал ч түр амжив. 

 
      Гэвч Ерөнхий сайд танхимын сайд нартаа сэлгээ хийж, шинэ бүтэц бий болгох нь цаг хугацааны л асуудал. Ярьсан яриа, тохирсон тохироо Ардын намынханд бий. Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа хүчтэй харагдуулахын тулд “давхар дээл”-тэй сайд нарыг танхимдаа ажиллуулах сонирхол их байгаа гэнэ. Ямар сайндаа л цагийн цэвүүнд хамт байж, хамаг ачаагаа үүрүүлсэн “дан дээл”-тэй нөгөө хэдэн сайдаа “ад” үзэж, эхнээс нь сайн, муу пи-ар мэр сэр явуулж эхэлсэн гэх цуу яриа ч олны дунд гарч эхэлжээ. Мэдээж одоогийн сайд нар жил орчимын хугацаанд гялалзтал ажиллаж, хийсэн ажлаараа олны гайхшруулаагүй ч цар тахлын амаргүй үед хэрэндээ л эрвийх дэрвийхээрээ ажиллах шиг боллоо. 
 
      Харин гишүүд давхар дээлтэй сайдын суудалд суух сургаар эхнээсээ нэр нь тодорч, зарим нь өөрсдийгөө сайд болгочих санаатай пи-ар ч хийгээд эхэлсэн сураг бий. Түүгээр ч зогсохгүй зарим нь албан тушаалдаа хэдийнээ оччихсон аятай аяглаж, мөнөөх Засгийн газрын хэдэн бор сайддаа лүндэн буулгаад эхэлсэн гэх бор шувуу саарал ордноор нисэх болжээ. Өчигдөр гэхэд л чуулганы нэгдсэн хуралдаанаар Цар тахлын тухай хуулийг сунгах эсэхийг хэлэлцэх явцад гишүүд Засгийн газрын сайд нарт хатуухан үгс чулуудаж, хариуцлага, ёс зүй яриад эхэлсэн харагдана лээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд үй зайгүй магтаж, өөрсдөө толгойг нь илчихээд адаг сүүлд нь хамаг буруугаа чихэж байгаа нь улс төрийн соёлд яав ч нийцэхгүй баймаар. 
      Гэтэл Ерөнхий сайд танхимын сайд нараа хамгаалах нь битгий хэл таг чиг шагнал гардуулаад завгүй байх. Уг нь одоогоос гуравхан сарын өмнө л “Манай сайд нар сайн ажиллаж байгаа. Танхимын сайд нараа явуулахгүй, хэрвээ сайд нараа явуулахаар бол өөрөө суудлаа өгнө” гэх агуулга бүхий үгийг хэлсэн санагдах юм.  Гэтэл өнөөдөр түүний байр байдал цаанаа л өөр. Чуулганы хуралдаанд сайд нараа оруулчихаад “Өөрсдөө учраа ол” гэсэн байртай алсаас ажиглаад сууж байгаа харагдана лээ. Улааныг харж урваж, шарыг харж шарвадаг байж болохгүй гэдгийг Ерөнхий сайдад сануулах нь зүйтэй биз ээ. 

       Л.Оюун-Эрдэнэ сайдын харж байгаа өнцгөөр “давхар дээл”-тэй сайд нарыг танхимдаа оруулаад санаачилсан хууль болгон нь ногоон гэрлээр батлагдаж, хүчтэй Засгийн газрыг бий болгох юм байх. Гэвч жилийн дотор Засгийн газрын гишүүд солигдоод байвал улсад ямар ч төрийн залгамж халаа гэж байхгүй болох нь. Дээдэх нь суудлаа олохгүй бол доод тал нь гүйдлээ олохгүй гэх ардын үг бий: Өөрөөр хэлбэл, 2020 онд МАН төрийн эрхэнд засаглаж эхэлснээсээ хойш улс төрийн тохироо хийсээр хоёр ч Засгийн газрын нүүр үзэв. Засгийн газар солигдоод амьдрал сайжирдаг бол өдийд Монгол Улсын хөгжил цэцэглэж байхаар байлаа. Гэвч төрийн бодлого, залгамж халаа улам бүр алдагдаж, гадаад хамтын ажиллагаа ч байхаа болив. Ерөөсөө сайд дарга нарын хийрхэл хэрээс хэтэрч, ард түмний амьдрал өдрөөс өдөрт уруудаж байгаа нь нууц биш юм. 

“Давхар дээл”-тэй сайд нарт даанч дуртай Ерөнхий сайд үүнийг ойлгох л байгаа даа.

https://ergelt.mn/news/35/single/16634
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу