Caakmedee

“e-Mongolia” Төрийн 606 үйлчилгээг нэгтгэж, 8 аймгийг цахимжуулж, 65.1 тэрбум төгрөг хэмнэжээ

  • Нийгэм
  • 2022/01/03
“e-Mongolia” төрийн 59 байгууллагын 606 үйлчилгээ болон 8 аймгийн нутгийн захиргааны 498 үйлчилгээг цахимжуулж, нэгтгэснээр 2021 оныг үдэж байна. Тус системд цахимжаад буй 606 үйлчилгээний 164 нь лавлагаа, тодорхойлолт, 436 нь олон шатлалт үйлчилгээ байгаа юм.
 Мөн “e-Mongolia” систем нь 2021 оны 10 дугаар  сарын 01-нд шинэчлэгдсэн “e-Mongolia 2.0” хувилбарыг танилцуулсан бөгөөд иргэн бүрт Digital ID үүсгэж, эхний ээлжид иргэний болон жолооны үнэмлэхийг цахимжуулаад байгаа юм.

Монгол Улсын иргэн бүрт дунджаар 10-12 бичиг баримт байдаг бөгөөд үнийг цахимжуулах ажлыг ирэх 2022 онд хийхээр төлөвлөж байна. Цахим баримт бичгийг цаасан баримттай адилтан үзэх хууль эрх зүйн орчин нь бүрдсэн бөгөөд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар энэхүү зохицуулалтыг хийх юм. Мөн ирэх 2022 онд гадаад амьдарч буй Монгол Улсын иргэд, Монгол Улсад амьдарч буй гадаад иргэдийг “e-Mongolia” системд бүртгүүлэх нэвтэрч, төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлнэ.

“e-Mongolia” нь олон нийтэд танилцуулагдаад 1 жил гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 2 сая орчим хэрэглэгч давхардсан тоогоор 7,5 сая төрийн үйлчилгээг цахимаар үзүүлсэн байна. Үүний 56 хувь нь нийслэлчүүд байгаа бол 44 хувь нь орон нутгийн иргэд байгаа юм.

Мөн энэ хугацаанд төлбөртэй үйлчилгээнээс 4.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бол иргэн төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага руу ирж, буцах үйл ажиллагааны зардал, төрийн үйлчилгээ авахад зарцуулж буй хугацаа, шаардагдах баримт бичиг бүрдүүлэх зардал гээд нийт 65.1 тэрбум төгрөгийг иргэнээс хэмнэсэн байна. Түүнчлэн “e-Mongolia” системийг ашиглахад хүндрэл, бэрхшээл тулгамдаж буй иргэдэд зориулан иргэд олон нийтэд заавар, зөвлөгөө өгөх төвийг Төв шуудангийн 1 давхарт нээгээд даруй хагас жил болж байна.

Тус төвөөр өдөр 100 орчим хүн үйлчлүүлж, төрийн үйлчилгээг цахимаар авч байгаа бөгөөд тэдний дийлэнх ахмад настнууд  байдаг ажээ. “e-Mongolia” иргэд, олон нийтэд тусламж, заавар, зөвлөгөө өгөх төвөөр дамжуулан иргэд төрийн байгууллагын талаар санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархлыг биечлэн хүргэх боломжтой.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу