Caakmedee

Омикрон цар тахлын сүүлийн давлагаа юу?

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2022/01/11

ӨАБНУ-д өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бүртгэгдсэн коронавирусийн сүүлийн хувилбар болох "омикрон” дэлхийн 100 гаруй оронд тархаад байна. Харин манай улсад нэгдүгээр сарын 9-нд таван тохиолдол бүртгэгдсэнээр дөрөв дэх давалгаа эхэлж байгааг ЭМ-ийн сайд С.Энхболд мэдээлсэн. Тэгвэл омикрон хувилбарын өвчлөл, халдварлах чадвар, хор хөнөөл, вакцины эсрэг үйлчлэлийн талаар эрдэмтэд судалгааны үр дүнгээ танилцуулж эхлэв. Тухайлбал, зарим орны судлаачид омикроныг цар тахлын төгсгөл байж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлээд байгаа юм. ӨАБНУ-д бүртгэгдсэн омикроны анхны халдварын тохиолдлуудад хийсэн судалгаагаар омикрон хувилбарын халдварлах чадвар өндөр ч өвчлөл хөнгөн байгаа нь цар тахлын цочмог халдварын үе дуусч байгааг илтгэж байж магадгүй гэжээ. Тодруулбал, судлаачдын үзэж буйгаар омикрон нь COVID-19-ын халдвар нь ханиад шиг эндемик өвчин болох үе шатыг эхлүүлж байгаагийн дохио байх магадлалтайг дурдсан байна.


Омикрон хувилбарыг цар тахлын төгсгөл байж магадгүй гэсэн таамаглалын үндэслэл нь нас баралт, хүндрэл бага байгаатай холбоотой. Тухайлбал, Японы судлаачид омикрон нь дельтатай харьцуулахад хоёр дахин хурдацтай тархаж байгааг онцолжээ. Энэ талаар Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн Халдварт өвчний тандалтын төвийн дарга Сүзүки Мотой "Омикрон нь дельта хувилбартай харьцуулахад ноцтой хүндрэл үүсгэх эрсдэл багатай боловч халдварын хурдацтай өсөлт нь эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлэх магадлалтай. Энэ хувилбар тархахаас сэргийлэхийн тулд яаралтай арга хэмжээ авах ёстой” гэжээ. Мөн Их Британи улсад хийсэн судалгаагаар омикрон хувалбарын давлагааны үед хүндрэл, нас баралт бага байхыг тогтоож хөл хорио, бусад урьдчилан сэргийлэх зорилгоор авах арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасан байна.


Харин ДЭМБ-аас үхлийн аюултай омикроныг хөнгөн гэж үзэхгүй, анхаарлаа сулруулахгүй байхыг сануулж дархлаажуулалтаа эрчимжүүлэхийг уриалж байгаа юм. Тухайлбал, сүүлийн долоо хоногт дэлхийн хэмжээнд халдварын тохиолдол 71, Америкт 100 хувиар өссөн байна. Манай улсад ч мөн халдварын тохиолдол сүүлийн хоногуудад эрс нэмэгдсэн. Тодруулбал, энэ сарын эхний долоо хоног болон өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын. сүүлийн долоо хоногт батлагдсан тохиолдлын тоо дөрөв дахин нэмэгдсэн байна. Мөн дэлхий даяар хүнд хэлбэрийн тохиолдлын 90 хувь нь вакцинд хамрагдаагүй байгаа аж. Энэ талаар ДЭМБ-ын дарга Тедрос Адханом Гебрейесус "Омикрон нь дельтатай харьцуулахад, ялангуяа вакцин хийлгэсэн хүмүүст бага зэрэг хүндэрдэг ч энэ нь хөнгөн гэж ангилагдах ёстой гэсэн үг биш юм. Өмнөх хувилбаруудын нэгэн адил омикроны хувилбараар өвчилсөн иргэд эмнэлэгт хэвтэж, нас барж байна.

 

Омикрон хувилбарын халдварлах чадвар өндөр бөгөөд коронавирусын эсрэг дархлаажуулалтад бүрэн хамрагдсан байсан ч халдвар авна. Гэхдээ коронавирусын эсрэг вакцин нь хүндрэлээс сэргийлэх тул чухал ач холбогдолтой хэвээр байгаа” гэдгийг онцолсон байна. Тэгэхээр ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу манай улс коронавирусийн дөрөв дэх давлагаанд бэлдэх шаардлагатай болоод байгаа юм. Учир нь манай улсад энэ сарын дунд үеэс омикрон давлагааны оргил үе эрчимжиж өдөрт 15-20 мянган тохиолдол илрэх урьдчилсан тооцоолол гарсныг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдэгдсэн. Тиймээс ЭМЯ-наас иргэдийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтын нэмэлт тундаа идэхтэй хамрагдахыг уриаллаа.


Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 7 (6739)

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу