Монгол Улсын боловсролын Их Сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирал А.Энхмааг өөрийн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий хүнд давуу эрх олгосон асуудал нийгмийн сүлжээнд анхаарал татаж байна. Тодруулбал А.Энхмаа нь өөрийн харъяа сургуулийн мэргэжилтэн Ч.Жавзандуламтай хамтран албан тушаалаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн хэмээх үндэслэлээр Нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл МУБИС-ын ДУТС-ийн захирал А.Энхмаа нь 256-р хугацаат цэргийн ангид алба хааж байсан өөрийн төрсөн хүү болох Б-г МУБИС-ын ДУТС-н Дүрслэх урлаг дизайны ангид шилжүүлэн сургасан. Тэр ч бүү хэл судлаагүй хичээлийн дүнг, ирцийн бүртгэл зэргийг хариуцан ямар нэгэн асуудалгүй гүйцэтгэхийг мэргэжилтэн Ч.Жавзандуламд үүрэг болгосон. Улмаар А.Энхмаа нь өөрийн хүүг гадаадын тэтгэлэгт тэнцүүлж, явуулсан аж.
Ингэхдээ мөн л хууль бус аргаар тэнцүүлсэн төдийгүй бусад оюутан дунд сонгон шалгаруулалт явуулаагүй, гагцхүү өөрийн хүү Б-д давуу эрх олгосон байгаа юм. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчиж эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан МУБИС-ын салбар сургуулийн захиралын асуудал олны анхааралыг ихээхэн татаж байна.