Caakmedee

Агаарын бохирдлын гол шалтгаан шахмал түлшний “но”-г М.Ганбаатар захирал хэр удаан нуух байсан бол?

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2022/01/21

Нийслэлийн гэр хорооллоос гарч байгаа түлшний утаа өмнөх хоёр жилээс эрс нэмэгдсэн нь иргэдийн дургүйцлийг төрүүлж байна. Албан тушаалтнууд хотын утаа өтгөрч буйн шалтгаан юунд байгааг эрэн хайж, гэр хороололд хүртэл ажиллаад эцсийн дүгнэлтээ гаргаж чадсангүй.

Хотын утаа ихсэж буйд гэр хорооллын иргэд буруутай гэж үзсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дрон нисгэж, нүүрсээр галладаг айлуудыг шалгаж үзнэ хэмээн мэдэгдээд хоёр хоногийн дараа огцорлоо. Сайд огцроод утаа буурдаг бол Улаанбаатар өнөөдөр утаагүй болсон байх байв.

Гэр хорооллынхон гурав дахь өвлөө төрөөс олгож буй, төрийн өмчийн дэмжлэгтэй шахмал түлшээр галлаж байгаа. Тодорхой хэлбэл, нийслэлийн гэр хорооллыг бүрдүүлдэг 220 мянган айл өрх төрийн өгсөн нүүрсийг л түлж байгаа гэсэн үг. Гэвч төрийн байгууллагын алба хаагчид утааны бурууг өөрсдөөсөө, түлш үйлдвэрлэж байгаа үйлдвэрээсээ биш иргэдээсээ хайж буйд иргэд дургүйцэж байгаа юм.

Шулуухан хэлэхэд гэр хорооллыг дулаан өвөлжүүлэх үүрэг хүлээсэн "Тавантолгой түлш” ХХК энэ өвөл үүсээд байгаа нийслэлийн агаарын бохирдолд хамгийн өндөр хувь нэмэр оруулж байна. Галлагаатай өвөлждөг айлууд нүүрсний чанар муу, утаа тортог их гарч байна, чийгшил ихтэй байна гэсэн гомдлыг тасралтгүй өгүүлж буй.

Гэсэн ч Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар үйлдвэрийн алдаагаа нуух гэсэн үү, амиа хоохойлж, албан тушаалдаа хоргодох гэж үзсэн үү, ямартай ч "Үйлдвэрт технологийн алдаа гараагүй” хэмээн мэлзэж ирлээ.

Өчигдөр шинээр томилогдсон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Тавантолгой түлш ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр дээр ажиллажээ. Ингэхдээ шинэ сайд Улаанбаатар хотын агаарын бохирдлын нууц сайжруулсан түлшний үйлдвэрт нуугдаж байгааг харж орхисон бололтой.

Тэрбээр өчигдөр Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатарт "Шахмал түлштэй холбоотой стандартын горимд алдаа гарч байгаа эсэх дээр Мэргэжлийн хяналтын байгууллагууд нэг мөр хариулт өгөх шаардлагатай. Үйлдвэр гаргаж байгаа бүтээгдэхүүн дээрээ анхаарах ёстой. Зүүн бүсийн үйлдвэрийн хатаах технологийг засаж сайжруул. Аль аль талдаа асуудлуудаа яриад алдаагаа шийдвэрлэмээр байна. Бие биенийгээ хуураад яваад байж болохгүй. Ард иргэд рүүгээ буруу чихээд суугаад баймааргүй байна” ” гэсэн үүрэг өгөөд явжээ.

Харин Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар: Таван толгой түлш компанийн зүүн бүсийн үйлдвэрийн найман шугамаас хоёр нь бэлтгэлд, зургаан нь хэвийн ажиллаж, Улаанбаатар хотын гэр хорооллыг сайжруулсан түлшээр хангаж байгаа.

Иргэдээс ирж буй гомдолтой холбогдуулан үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг 24-48 цаг хадгалаад борлуулалтын цэгт хүргэдэг байсныг өөрчлөн долоо хоног хадгалаад борлуулалтын цэгт хүргэхээр төлөвлөж байна” хэмээн мэдэгджээ. Яг энд л Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан түлш бүрэн хатаагдахгүй зах зээлд борлуулагдаж, үүний улмаас Улаанбаатарыг битүү хар утаа бүрхэж байгаа шалтгаан нуугдаад байх шиг харагдаж байна.

Хэрвээ Төрийн зүгээс шалгалт явагдаагүй бол сайжруулсан түлшний хатаалт муу байгааг тус компани, түүний удирдлагууд хэдий болтол нуух байсан юм бүү мэд.

https://updown.mn/180467.html
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу