Зам, тээвэр хөгжлийн яам болон бусад холбогдох байгууллагуудаас Замын-Үүд боомтын цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэлээ. (2022.01.28)
Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, Замын-Үүд боомтод ажилласнаас хойш нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх байдлаар 674 тээврийн хэрэгслээр 888 чингэлэг (20 футын 406, 40 футын 482 ) буюу 14736 тонн ачааг татан авчээ.
Тээвэрлэлтийг хийхдээ Замын-Үүдээс задгай тэвштэй машинаар 136, битүү тэвштэй машинаар 495 чингэлэг зөөж, Улаанбаатар хот болон орон нутаг руу 90 орчим аж, ахуй нэгжийн ачаа барааг хүргэжээ. Эдгээр машины жолооч нарын 71 орчим нь орон нутаг руу иргэдийн ачаа барааг хүргэхээр явсан байна.
Тээвэрлэлт гүйцэтгэж байгаа жолооч нарын 340 нь Замын-Үүд сумын жолооч байгаа бол 336 нь Улаанбаатар хотын жолооч нар аж. Харин 19 нь аймгуудаас ирсэн жолооч байна.
Замын-Үүд боомтын одоогийн нөхцөл байдал болоод авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар "Хятадаас Монголын тал руу гарах ачаатай чингэлгүүдийг энэ долоо хоногтоо багтаагаад дуусгана. Өмнө нь ирсэн ачаануудаас гарсан хоосон чингэлгүүдийг Хятадын тал руу буцаах ажлыг өчигдрөөс хийж эхэлсэн.
Сайн мэдээ дуулгахад өмнө зогсчихсон байсан уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр эхлэх нөхцөл бүрдэж байгаа. Тухайлбал энэ сарын 27-ноос эхлэн Хятадын тал манай улсаас уул уурхайн бүтээгдэхүүнийг авч эхэлсэн. Одоогийн байдлаар 70 орчим тонн зэсийн баяжмал, төмрийн хүдрийг экспортолж гаргаад байна.
Эрээн хотод хөл хорио тогтоосон учраас бараа материалыг өргөн царигийн галт тэрэгт ачих боломжгүй байгаа.
Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх ачаа тээврийн үнэ 3-3.5 сая төгрөг байгаа нь хямдхан байна. 25 тонн ачааны 600 гаруй км зам туулах жишиг үнэ нь ачааны зэргээс хамаарч 3-6 сая төгрөгийн байгаа" гэж албаныхан мэдээллээ.