Caakmedee

Л.Батзориг: “Мод хөтөлбөр” таны захиалсан модыг хоёр дахин үржүүлж өгнө

  • Нийгэм
  • 2022/02/14


Хүн бүрд эх орон, эх дэлхийдээ буян үйлдэж, цахимаар мод тарих боломжийг олгосон “Мод хөтөлбөр” захиалга авч эхэлжээ. Техник технологийн дэвшлийг эрдэмтдийн судалж гаргасан мод үржүүлгийн шинэ арга барилтай хослуулан 10 жилийн хугацаанд 50 сая мод тарих зорилготой “Мод хөтөлбөр”-ийн талаар тус хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч Л.Батзоригтой ярилцлаа.
-Сар шинийн босгон дээр “Мод хөтөлбөр”-ийг олон нийтэд танилцууллаа. Энэ хөтөлбөрийг яагаад санаачилж хэрэгжүүлэх болов гэдгээс ярилцлагаа эхэлье?
- “Мод хөтөлбөр”-ийг өнөөдөр санаачлаад гэнэтхэн эхлээгүй. Өмнө нь бодож төлөвлөөд явж байсан төсөл юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” тарих санаачилга бидэнд төслөө олон нийтэд танилцуулж, үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд дэмжлэг болсон. 10-15 жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай ойн мэргэжлийн байгууллагууд нэгдэж энэ хөтөлбөрийг санаачилсан. Мод тарих нь өөрөө процессын ажил байдаг. 5-р сард мод тарилаа гэж бодоход одооноос үрээ бэлтгэх, хэдэн мод тарих төлөвлөгөөгөө гаргах, хөрсөө бэлдэх зэрэг бэлтгэл ажлуудыг хийдэг. Ийм учраас 02-р сарын 04-нд “Мод” хөтөлбөрөө олон нийтэд танилцуулж, захиалга авч эхлээд байна. Бид сар шинийн босгон дээр хөтөлбөрөө Монголчууддаа танилцуулсан нь давхар бэлгэдэлтэй. Буян үйлдэгч хэмээх усан бар жилд Монгол хүн бүр мод тарьж байгаль дэлхийдээ буян үйлдээсэй гэдэг утгыг давхар бэлэгшээсэн юм.
- Төслийн багт ОХУ-ын мод үржүүлгийн чиглэлийн хүрээлэн болон ХААИС-ын эрдэмтдийн баг хамтарч байгаа гэж сонссон. Энэ талаар?
- “Мод хөтөлбөр”-ийн багт ойн нөхөн сэргээлт, үржүүлгийн мэргэжлийн таван байгууллага консорциум болж оролцохоос гадна ХААИС-ийн эрдэмтэн докторууд мөн ОХУ-ын Шинжлэх ухааны академийн харьяа М.А.Лисавенкогийн нэрэмжит Сибирийн цэцэрлэгжүүлэлт эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдээд байна. 50 сая мод тарьж “Мод хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэхээр мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэд хамтран ажиллаж байгаа юм.
-Цахимаар мод тарихын давуу тал нь юу юм бэ?
-Нэгдүгээрт цаг хугацааны хамааралгүй болж байгаа юм. Монголчууд 5 болон 10 дугаар сард л мод тарьдаг гэж ойлгодог. Жил бүр хөрөнгө мөнгө гаргаж мод тарьдаг ч ургаагүй тохиолдол маш их байдаг. Нөгөө талаас мод тарих хүсэлтэй ч амьдралын хэвшил, ажлын цаг заваас шалтгаалаад тарьж чаддаггүй хүмүүс нэлээдгүй бий. Тиймээс “Мод хөтөлбөр”-ийн аппликэйшныг гар утсандаа татаад цахимаар захиалга өгөх боломжийг бид олгож байгаа юм. Таны захиалсан модыг мэргэжлийн хүмүүс ургуулж, арчилж амьдрах чадвартай, эрүүл модыг гарт тань хүлээлгэж өгнө гэсэн үг. Үүнээс гадна гадаадад байдаг Монголчууд “Мод хөтөлбөр”-ийн аппликэйшны тусламжтайгаар эх орондоо мод тарих боломжтой болж байгаа.
-Нэгж модыг иргэд болон ААН-үүд ямар үнээр захиалах вэ. “Мод” хөтөлбөрт  нэгдэх нь ямар өгөөжтэй юм вэ?
-Мод захиалсан хүн модны өгөөж хүртэж байгаа. Жишээ нь мянган мод захиалсан бол 2 жилийн дараа захиалагч хоёр настай мянган модоо авна. Үүнээс гадна дахиад 1 настай мянган модыг урамшуулалд авах юм.  Өөрөөр хэлбэл 1000 мод захиалаад 2 жилийн хугацаанд 2000 модтой болно гэсэн үг. Эдийн засгийн өгөөж мөн гарч ирнэ. Өнөөдөр нэгж модыг 2500 төгрөгөөр захиална. Харин зах зээлийн зарчмаар модны үнэ өсөхөд захиалга өгсөн хүмүүс тухайн үеийн ханшаар модоо борлуулж ашиг хүртэх боломжтой. Үүнийг энгийнээр тайлбарлая. 1000 мод захиалах мөнгөө банканд 7 хувийн хүүтэй байршууллаа гэж бодоход таны хөрөнгө хоёр дахин өсөхийн тулд 10 жилийн хугацаа шаардагдана. Харин тэр хөрөнгөөрөө мод худалдаж авахад хоёр жилийн дотор 2 дахин өсөх боломжтой юм.
-Модны үнэ өснө гэж тооцоолж байгаа юм уу?
- Тийм. Яагаад модны үнийг өснө гэж тооцоолж байгаа гэхээр Ерөнхийлөгчийн Тэрбум мод санаачилгыг дэмжээд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд мод тарихаа илэрхийлсэн. Монголын томоохон 21 аж ахуйн нэгж ирэх 10 жилд нийтдээ 610 сая ширхэг мод тарих санамж бичгийг байгуулчихсан. Энэ хэмжээний модны нийлүүлэлтийг Монгол улс хангаж чадахгүй. Тэгэхээр эдийн засгийн эрэлт нийлүүлэлтийн хуулиараа ирэх 8 жилд модны үнэ өсөх хандлагатай байгаа юм. Манай хөтөлбөр үнийн хөөрөгдөлтийг бий болгохгүйн тулд нийлүүлэлтийг нь бэлэн байлгая гэдэг үүднээс цахимаар мод тарих уриалгыг мөн гаргаж байгаа юм.
-Хэчнээн төрлийн модны захиалга авч байна вэ?
Монголын нутаг дэвсгэрийн ойн сан болон говь цөл газар хамгийн сайн ургах боломжтой, байгаль цаг ууртай хамгийн сайн зохицох чадвартай таван төрлийн модон дээр захиалга авч байна. Нарс, шинэс, бургас, хайлаас, гацуур зэрэг моднууд байгаа.
- Мөнгө төлж модны захиалга өгч байгаа хүмүүст баталгаа хэрэгтэй. Ямар баталгаа өгөх юм вэ?
- Консорциум болж нэгдсэн 5 компанийн маань хөрөнгө, техник тоног төхөөрөмж, мод үржүүлгийн талбай, нэр хүнд нь нэгдүгээр баталгаа. Хоёрдугаарт Монгол Улсын хууль ёсны дагуу гэрээ байгуулсны дараа захиалга хийгдэх тул энэ нь баталгаа болж байгаа юм. Гуравдугаарт мод үржүүлгийн талбай руу хүссэн үедээ очиж танилцах боломжтой. Мөн “Мод хөтөлбөр”-ийн талаар аппликэйшн, веб сайтаараа дамжуулан мэдээллийг тогтмол өгөх учир эргэлзэх хэрэггүй гэж бодож байна.
-Хаана мод үржүүлгийн ажил хийгдэх юм бэ. Иргэд очоод танилцах боломжтой гэж байна шүү дээ?
-“Мод хөтөлбөр” нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ойн сан бүхий 16 мянган га талбай, Улаанбаатар хотод Ар гүнтэд 38 га талбайд мод үржүүлгийн ажлаа хийнэ. Уг талбайнуудад худаг, усалгааны систем, хяналтын камер, хашаа гээд бүх зүйлийг суурилуулсан. Энэ хаврын тариалалт хийхэд бэлэн болсон байгаа. Улаанбаатар хотод Ар гүнтэд байгаа талбайд Мод хөтөлбөрт нэгдэн захиалга өгсөн болон сонирхож байгаа хүмүүс биеэр очиж танилцан мод ургуулах талаар зөвлөгөө авч болно. Мөн мод үржүүлгийн ажилд гар бие оролцох ч боломжтой.
-Мод хөтөлбөрийн аппликэйшныг яаж татах вэ, аппликэйшнаар захиалга өгөх боломжгүй хүмүүс хэрхэн захиалга өгөх вэ?
-“Мод хөтөлбөр” аппликейшныг playstore, appstore-оос гар утсандаа татаж суулгаснаар захиалга өгөх боломжтой. Мөн www.modhutulbur.mn веб сайт, Мод хөтөлбөрийн фэйсбүүк хуудас болон 70110021 дугаарт оператортай холбогдож захиалга өгч болно. Мөн мессеж илгээх болон банкны дансанд захиалгын төлбөрөө шилжүүлж захиалга өгөх боломжууд нээлттэй.
-Урьдчилсан захиалга явагдаж байгаа гэсэн. Ямар хугацаанд явагдах вэ. Хэчнээн тооны модны захиалга авахаар төлөвлөөд байна вэ?
-Урьдчилсан захиалгыг бид хоёрдугаар сарын 4-өөс 19-ний хооронд авна. Энэ хугацаанд бид 3 сая модны  захиалга авах болно.
-Модыг захиалахаас гадна бэлэглэх боломжтой гэж сонссон?
 -Захиалагч нар маань өөртөө мод захиалахаас гадна аав ээждээ, ах дүүс, найз нартаа модоо бэлэглэх боломжтой. “Мод хөтөлбөр” аппликэйшны бэлэглэх цэсээр дамжуулан мод бэлэглэснээр бэлэг хүлээн авч байгаа хүн ч тухайн захиалагчтай адилхан мод эзэмшигч болно. Мөн мод бэлгэнд авсан хүн маань дээр дурдсан урамшууллуудад давхар хамрагдах юм.
-Мод үржүүлгийн аргаасаа хэлж өгөхгүй юу? Иргэд мод тарьдаг ч ургадаггүй ухсан нүх болоод үлдэх тохиолдол их байдаг.
- Үндэс нь гэмтэлгүй эрүүл мод сонгож авч чадсан уу. Технологийн дагуу тарьж арчилж ургуулж байна уу гээд модыг тарьж ургуулахад цаг хугацаа, хөдөлмөр их шаардана. Тарьж ургуулж байгаа моднуудын 35-40 хувь нь ургах магадлалтай гэсэн судалгаа ч гарсан байдаг. Бидний хувьд мэргэжлийн байгууллагууд эрдэмтэдтэй хамтарч ажиллаж байгаа учир дээрх эрсдэлүүдийг нарийн тооцоолж компанит зарчмаар арчилж, ургуулж модыг эзэнд нь хүлээлгэн өгнө. Уламжлалт арга болон шинжлэх ухаанд суурилсан шинэ арга барилаар мод үржүүлгийн ажил маань хийгдэх учир илүү үр дүнтэй. Жишээ нь ХААИС-ийн эрдэмтдийн судалж гаргасан бортоготой мод үржүүлгийн аргыг нэрлэж болно. Энэ аргаар тарьсан мод 98 хувийн амьдрах чадвартай гэдэг нь судалгаагаар аль хэдийн батлагдсан.
-Мод хөтөлбөрт яагаад нэгдэх ёстой вэ?
-Монгол улсын нутаг дэвсгэрийн 8.01 хувь нь ойн сан бүхий газар байна. Бид Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум модыг тарьснаар ойн сан бүхий газар нь 9 хувьд хүрэх юм. Эндээс мод тарих, үржүүлэх ажил нь асар их хэрэгтэй нь харагдаж байна. Бид өөрсдийн болон үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө байгаль дэлхийгээ хайрлаж мод тарих хэрэгтэй. Энэ бол ирээдүй хойчоо бодсон маш том хөрөнгө оруулалт юм. Хүн амьдрах хугацаандаа 18 мод тарих юм бол өөрийнхөө энэ насандаа хэрэглэх хүчил төрөгчийг байгаль дэлхийдээ буцааж өгч байгаа бэлэг болдог гэдэг. Тиймээс Монголчуудыгаа мод тарьцгаая гэж уриалж байна.
-Ярилцсанд баярлалаа
Дэлгэрэнгүй мэдээллийг Мод хөтөлбөр /Mod hutulbur/ фэйсбүүк хуудаснаас авах боломжтой.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу