ДЭМБ-ын Хятад дахь оффист “...Хятадын Хэбэй мужийн Ухань хотод үл мэдэгдэх уушгины хатгалгаа гарсан” гэх мэдээлэл анх 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд иржээ. Энэ дагуу Олон улсын эрүүл мэндийн яаралтай тусламжийн байгууллагаас судалгаа, шинжилгээний ажил явуулж, 2020 оны нэгдүгээр сарын 30-нд өвчний дэгдэлтийг ил болгож байв. Улмаар 2020 оны гуравдугаар сарын 1-нд ДЭМБ-аас уг өвчнийг “Ковид-19” цар тахал хэмээн зарласан.
Монголд болохоор “...“Москва-Улаанбаатар” чиглэлийн онгоцоор гуравдугаар сарын 2-нд Монгол Улсад ирсэн Францын иргэн эхний шатны шинжилгээгээр ковид илэрлээ” гэж 2020 оны гуравдугаар сарын 10-нд ЭМЯ-наас мэдээлсэн. Бөөн дуулиан болж байв. Дараа нь биш болж таарсан. Гэхдээ энэ нь Монголын анхны тохиолдол гэж бүртгэгдэж үлдсэн. Удалгүй, 2020 оны гуравдугаар сарын 16-нд “Сөүл-Улаанбаатар”, “Берлин-Москва-Улаанбаатар” чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван хүнээс ковид илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав. Ингээд л явж өгсөн дөө.
Үндсэндээ 2020, 2021 оны турш ковидтой зэрэгцэн амьдарлаа. Мөн ч их юм үзлээ. Дэлхий хямарсан. Монгол ч баларсан. Тэр хэрээр хүн төрөлхтөний үнэт зүйл, хандлага, хэв маяг тэр чигтээ өөрчлөгдөв. Дэлхийгээрээ үзээд ковидын учрыг энэ хоёр жилд олж чадсангүй. Эх үүсвэрийг нь ч тодорхой болгож амжсангүй. Шинэ хувилбарууд нь “төрсөөр” байна. Одоо омикрон хувилбар олон улс орныг баллаж байна.
Ер нь ковид хэзээ дарагдах, хэр хэмжээний хохирол учруулахыг хэн ч хэлж мэдэхгүй байна. Харин энэ гамшгийг вакцины хүчээр л давж гарах боломжтой аж.
ДЭМБ, том гүрнүүд үүнийг нотолж, бүгдээрээ вакцин үйлдвэрлэж байна. Бас манай улс вакцины үр дүнд уржигдар, 2022 оны хоёрдугаар сарын 14-нд цар тахлын гамшгийн үеийн “улбар шар” түвшинг бууруулж, “шар” болгосноо зарлалаа. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийв. Тэрбээр Засгийн газар дэлхийг бүрхсэн ковидын аюулыг даван туулахаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг тавив. Ингэхдээ зөвхөн ард иргэддээ төдийгүй ДЭМБ болон олон улсын хэмжээнд танилцууллаа. Өөрөөр хэлбэл, улс даяар солонгорч байсан эрсдэл ихтэй “улбар шар” түвшингийн өнгийг “шар” түвшин болгож нэг шат зөөлрүүлж чадсанаа сонордууллаа. Ингэж монголчууд айдас, эрсдэлээс холдож, “ногоон” руу алхам ойртлоо.
Сая өөрчилсөн “улбар шар” түвшинд 2021 оны тавдугаар сарын 8-нд шилжсэн байдаг. Харин энэ “шар” түвшин нь “...Зөөвөрлөгдсөн, алаг цоог тархалттай. Сүүлийн14 хоногт бүртгэгдсэн болон зөөвөрлөгдсөн тохиолдол нь цаг хугацаа, байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоогүй. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм” юм байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ түвшинд шилжсэн тухайд вакцины бүрэн тунд зорилтот бүлгийн 92 хувь хамрагдсан үзүүлэлт болон халдвар хамгааллын эрсдэлийн үнэлгээнд тулгуурлаж, Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсноо ийнхүү зарлаж байгааг дуулгасан.
Мөн “...Монгол Улсын Засгийн газар эрүүл мэнд, эдийн засаг бол тусдаа асуудал биш, харилцан уялдаатай, цогц асуудал хэмээн үзэж, эдийн засгаа үе шаттайгаар нээж, энгийн амьдралдаа алхам алхмаар шилжих бодлого дэвшүүлж, вакцинжуулалтыг орон даяар цаг алдалгүй шуурхай зохион байгуулсны үр дүнд ийнхүү өнөөдөр Шар түвшинд хоёр жилийн дараа шилжиж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын амаргүй шийдвэрүүдэд хүлээцтэй хандаж, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж, хамтран ажилласан иргэд, аж ахуйн нэгжүүддээ гүн талархал илэрхийлье” гэлээ.
Түүнчлэн “...Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд цар тахлын улмаас өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжийг нөхөж, эдийн засгаа сэргээж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх талаар баримталсаар ирсэн байр суурин дээрээ цаашид хатуу зогсох болно”, “...Зорин ирэх хөрөнгө оруулагчид, жуулчдын хувьд вакцины бүрэн тунд хамрагдсан бол Монгол Улс хүлээн авахад бэлэн байна. Вакцинд хамрагдаж амжаагүй ч Монгол Улсад хүрэлцэн ирж, вакцинд хамрагдах бүрэн боломжтой юм аа. Эрхэм хөрөнгө оруулагчид, жуулчид аа, Монгол Улсын төр захиргааны байгууллагууд, хувийн хэвшил, аялал жуулчлалын компаниуд Та бүхний аюулгүй байдлыг хангаж, хүндрэл бэрхшээлгүй шуурхай үйлчилгээ үзүүлж, Монгол Улсад ажил төрлийн болон аялал жуулчлалын зорилгоор саадгүй хүрэлцэн ирэх бүхий л бололцоог хангахын төлөө хичээнгүйлэн ажиллах болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд илэрхийлж байна” гэсэн нь анхаарал татаж байна.
Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засаг, аялал жуулчлал дээр гол анхаарлаа тавьж ажиллах бололтой.
Тэрбээр Хөгжлийн банкийг “цэвэрлэж” Эксим банктай болох ажлыг эхлүүлсэн. Энэ нэг талдаа эдийн засгийн томоохон арга хэмжээ, нөгөө талаар улс төрийн “цэвэрлэгээ” хийх гэж байна гэх тайлбарууд байна. Аль нь ч байсан, байгуулснаасаа хойш эрх мэдэлтнүүдийг “хөгжүүлж” ирсэн Хөгжлийн банкийг цэвэрлэх нь “...Авлигатай тэмцэнэ” гэж ам гарсан Ерөнхий сайдын заавал хийх ёстой ажлын нэг нь юм. Ингэж хөрөнгө оруулалтыг зөв гольдролоор урсгадаг болсноор эдийн засгийн том дэвшил болно.
Улсын төсвийн 10-аад их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт энэ хавар эхэлнэ. Л.Оюун-Эрдэнэ бас сая цагаан сарын үеэр Хятадад айлчилсан. “...Алтаар солихгүй хөрш минь” гэж байгаад гацаатай хэдэн асуудлаа шийдүүлээд ирсэн.
Хятадын Ерөнхий сайдтай уулзаж, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах болон ногоон хөгжлийн чиглэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоог хангахаар тохиролцсон. Тэр дундаа Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсоноор 14 жил гаруй хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн нарийн царигийн маргаан эцэслэгдэж, нүүрсний экспорт гацаанаас гарсан.
Мөн эдгээр боомт болон Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг шуурхай эхлүүлж, богино хугацаанд ашиглалтад оруулах “Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ”-ний хугацааг 2026 он хүртэл гурван жилээр сунгах, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 километр хурдны зам барих төслийг эрчимжүүлэх, Улаанбаатарт Хятадын дэвшилтэт технологид тулгуурласан тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хурдны тойрог замын сүлжээ байгуулах зэрэг төслүүдэд хамтран ажиллах, ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих хийн хоолойн төслийн ажлыг эрчимжүүлэх зэргийг ярьж шийджээ. Он солигдох үеэр шийдсэн Оюутолгой төслийн далд уурхайн ажил, уг төслийг дагасан бусад сайн мэдээллүүд ажил хэрэг болно.
Нөгөөтэйгүүр Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчид, жуулчдад хандаж “урилга” илгээлээ. Ирэх зун Монгол маань жуулчид, хөрөнгө оруулагчдын хөлд дарагдах бололтой.
Ер нь тэгээд эдгээр мэдээлэл биеллээ олбол кивигүй “шар” дэглэмтэй Монголын эдийн засагт “ногоон” гэрэл асна гэсэн үг.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин