Caakmedee

Монголын улс төрчдийн ABЛИГA Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг CVЙPҮҮЛЛЭЭ !!!

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2022/03/24

Бас л нэг “бүтэхгүй юм” бичих гэж байна. Уур хилэнгээ барьж тэвчээр зааж уншина уу. Гарчигт өгүүлснээр эх орны аюулгүй байдалд учрах дайсны жагсаалт зориглон гаргая. Гадаад дайсныг би олж харахгүй байна. Харин дотоод нь уу? Цэрэг армид хамаарна гэхээсээ Цагдаа, Эрүүлийг хамгаалах, Нийгмийн бодлогод хамаатай дайснуудыг ярайтал бичлээ шүү. Дахинтаа хүлцэл өчье!
Эхлээд ухаалаг гэгээлэг нэгэн эрхмээс эшлэл авна. Нэр нь Д.Энхбат. УИХ-ын гишүүн асан, мэдээллийн технологийн анхдагч эрхэм. Түүний бичсэнд нь би задаргаа хийж үндсэн санаагаа гаргахаар зорилоо. Тэрээр ингэж бичжээ:
– Монгол Улсын үндэстний тусгаар тогтнолын баталгаа нь олон зуун жилийн туршид үргэлж монголчууд өөрсдөө байж ирсэн. Харин түүнд нь тус болж байсан, мөн эсрэг байсан гадаад хүчин зүйлс түүхийн үе, нугачаа бүрт өөр байсан байх. Тиймд, XXI зууны Монголын тусгаар тогтнолын баталгаа нь мэдлэгтэй, өрсөлдөн ажиллаж, улс орноо авч явах чадвартай монголчууд өөрсдөө л байна. Яг л бусад улс үндэстнүүдийн нэг адил.
– Хэрэв өөрийн ДОТООД ХҮЧ байхгүй бол гаднаас бидэнд юу ч тус болж чадахгүй. Монголын тусгаар тогтнолын ГАДААД ХҮЧ бол хөршүүдтэйгээ тогтоосон манай зөв харилцаа, мөн дэлхийн хүчний харьцаа, дэлхий дээр өнөөдөр тогтсон журам юм. Бид түүнд хэчнээн идэвхтэй оролцож, түүнд өөрийн байр сууриа зөв олж чадна манай тусгаар тогтнол төчнөөн баталгаатай байх болно.
– Аливаа улс орны тусгаар тогтнолд хамгийн чухал нь өөрийнх нь дотоод хүч буюу тухайн цаг үедээ бусадтай зэрэгцэн, өрсөлдөн амьдрах хүмүүсийнх нь чадвар байдаг. Армигүй шахуу ч маш өндөр хөгжилтэй, бусдаас огт дутахгүй хүчтэй улс орнууд олон байдгийг бид мэднэ. Тэдний тусгаар тогтнолын баталгаа нь тэдний мэдлэг, чадвар, дэлхийн эдийн засаг, бусад хүрээнд эзлэх байр суурь нь юм. Энэ бол XXI зууны дэлхийн дүрэм.
– Энэ бүгдийг зүйрлэн хэлбэл, аливаа улс орны тусгаар тогтнолын баталгаа нь яг л хүний өөрийн биеийн эсэргүүцэлтэй адил дотроосоо юм. Тэр нь муу, сул бол түүнийг ямар ч эм, бусад хүмүүс, эмч орлож чадахгүй. Гадаад хүч тустай, мөн хортой ч байж болно. Гэхдээ тэдгээр нь үргэлж хоёрдогч хүчин зүйлс болдог гэжээ.
Миний үндсэн сэдэв. Болхидуу харьцуулалт. Геополитикийн их онолчид аливаа улс орныг амьд организм, тийм учраас амьд организмын хуулиар тэжээгдэж тэнхэрч, тэлж өргөжиж байх ёстой гэж үзсэн нь санаандгүй тохиол биш юм. Номын цагаан солио бүр ч биш юм.
Бүр энгийнээр ойлгуулбал яг л хүн гэсэн үг. Хүн байгалиас ирэхдээ оюун тархитай хүмүүн гэдгээрээ адгууснаас ялгардаг. Хүнийг байгаль (эсвэл бурхан) тэгж бүтээсэн. Нэгэнтээ хүн эрүүл чийрэг, ухаалаг гэгээлэг өсч торнивоос учрах эрсдэлийг тэр хэрээрээ бууруулж няцааж чадна. Өвчин зовлонтой, тархины тураалтай, түмэн стресстэй хүн байх аваас хорвоог туулах чадвар тэр хэрээрээ суларна. Энэ бол тун энгийн ойлголт.
Монгол Улс маань ертөнцөд ирсэн нэг том хүн байлаа гэж сэтгэе. Эрүүл саруул хүмүүнд тавигддаг бүх шалгуур үзүүлэлт түүнд байх ёстой. Хүн юм чинь эрсдэл, элдэв дайралтыг даваад гарах чадвартай, тийм тархи оюунтай байх ёстой ёо доо?
Эхний болхи харьцуулалтаа түр азнаад өөр нэг сэдэв рүү оръё. Өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнд дээр хөндсөн сэдвээр хурал болж, түүн дээр би Үндэсний аюулгүй байдлын дайснуудыг жагсааж нэрлэн, хуралд оролцогчдын анхаарлыг татаад авсансан. Гэхдээ палхийтэл хэлсэн тул заримд нь таалагдаагүй байж болно.
Түүнээсээ цэгцлээд дор буулгая. Эх орноо нэг бүхэл бүтэн амьд хүнтэй зүйрлэх аваас Үндэсний аюулгүй байдал маань ихээхэн эргэлзээтэй болсон мэт сэтгэгдэл надад төрдөг.
Энэхүү амьд организм маань тэжээгдэн тэтгэгдэх нь бүү хэл элдэв хоронд олон талаасаа нэн ихээр хорджээ. Хордоно гэдэг нь гадаадаас хэн нэгэн санаатай хордуулаад байгаа биш өөрсдийгөө сайн дураараа хордуулж байгааг нь хэлж байгаа юм. Төр–засаг нь зөнд нь орхиод эрхээр нь хатаачихсныг л төрийн буруу гэхгүй бол өөрсдөө зүв зүгээр байж байгаад хордчихсон юм.
Ямар, юун хор вэ? Эх орны аюулгүй байдлыг бусниаж нурааж байгаа муу муухай юмс үзэгдлийг тэгж нэрлээд буруутныг би зааж өгөх гээд байна л даа.
1. Архи ба архидалт 
Үндэсний аюулгүй байдлыг байтугай эх орны тусгаар тогтнолд заналхийлэх хэмжээнд очсон нэгдүгээр дайсан. Хэрэглэгч, үйлдвэрлэгч ялгаагүй эх орондоо хор хүргэж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг тээгч, хамгаалагч явах ёстой идэр залуу, эрүүл саруул, бүрэн бүтэн ухаан тархитай монгол хүмүүнийг (нийгмийн үндэс болсон монгол гэр бүлийг) энэ их архи алж дууслаа. Нэгдүгээр дайсан мөн үү?
 ( УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар чуулганы хуралдаандаа согтуу )
2. Эрүүл мэндийн доройтол 
Ковидын хоёр жил ёстой нэг харууллаа даа. Хэн хаанаас даалгавар өгөөд санаатайгаар монголчуудын эрүүл мэндийг доройтуулсныг мэдэх хүн алга. Нэг мэдэхэд л маш их өвчин өвчлөлтэй, доройтолтой монгол хүмүүнийг бид олж харав аа. Ерөөсөө монголчуудын хар зөнгөөрөө, дураараа, замбараагүй амьдарч байгаа нь тэр чигтээ эрүүл мэндийнх нь эрсдэлийг буй болгочихож. Мэдээж архи нөлөөлнө эхний ээлжинд, залгуулаад өөрсдөө буй болгосон агаарын бохирдол, өөрсдөө буй болгосон элдэв төрлийн стресс (замын түгжрэлээс эхэлнэ), амьдралын буруу хэвшил нь, идэш ууш нь, наргиан цэнгээн (зэрлэгдүү!) нь монгол хүмүүний эрүүл мэндийг цаг минутаар (хэтрүүлэг шүү, уучлаарай) муудуулж доройтуулж байна.
3. Боловсролгүй, харанхуй бүдүүлэг нь хэтрэхээрээ Монгол Улсын Үндэсний
аюулгүй байдалд хасах оноо аваад ирдэг.
Боловсролгүй, харанхуй бүдүүлэг нь ахуйн соёл, амьдралын буруу хэвшил, уран сайханлаг, байгаллаг, амьтанлаг сэтгэхүйтэй нь шууд холбоотой. Мухар сүсэг хурдан тархдаг. Шинжлэх ухаанд итгэдэггүй. Өнгөөр хөөцөлддөг. Уран сайхан, урлаг нь марзан, тэнэг, примитивээр хөгжиж ирсэн. Дэлхийн соёл урлагаас тасраад явчихсан. XXI зууны гэх үнэр байхгүй гэхчлэн.
4. Улс төрчдийн авилга, хээл хахууль гэж Үндэсний аюулгүй байдалд бүү хэл эх орны тусгаар тогтнолд нэн халгаатай нэг дайсныг би тэр хурал дээр нэрлэсэн 
Улс төрийн авилга бүх түвшинд баттай цэцэглэн байна. Эрх баригч намын томилгоонууд (тэр чигтээ хуйвалдааны шинжтэй), УИХ-ын сонгуулиуд нь цусгүй иргэний дайны уур амьсгалд болж өнгөрдөг, сонгуульд ялсан нь тэр чигтээ авилгаар эрх мэдлээ бэхжүүлдэг, өөр арга зам байхгүй, альтернатив хувилбар байхгүй.
Энэ их шагналын хур, одон тэмдэг, гавьяат цолнууд ихэнхи нь авилга, танил талын нүүрээр хийгддэг. Зогсох шинжгүй. Явж явж бүх сэхээтнүүд нь гавьяат ба төрийн дээд одонгуудын төлөө зүрх сэтгэлээ огшоосон. Нийгмийн халамжийн бодлого нь тэр чигтээ авилгын хэлбэр болчихсон. Ажил хийх дуршлыг нь унтраасан.
5. Ажилгүйдэл ба ядуурлыг Үндэсний аюулгүй байдлын дайснаар би нэрлэсэн
Ажилгүй хүн (цаана нь бүхэл бүтэн монгол айл өрх!) ядуурахад тун амархан. Буруутныг өөрийгөө тойруулж хайгаад байхаас монгол хүн өөртөө хир халдаах нь гонж. Нэгэнтээ ядуурчихсан бол золбирох, архинд донтох, эрүүл мэндээ сүйтгэх, гэмт хэрэг үйлдэх, яахаас ч буцахгүй болох зэрэг нь аяндаа гүйцэлдэнэ. Эцэст нь ядуу золбин хүнд эх орон ч хэрэггүй болно. Хэрэггүй гэж хашгирсан нь байхгүй ч яг үнэн төрх нь тийм. Тэд эх орныг минь дотроос нь, дороос нь мэрж байна!
6. Энэ бүхнийг нийлүүлж байгаад Үндэсний аюулгүй байдлын дараагийн дайснаар бүх төрлийн гэмт хэргийг нэрлэж болно 
Бүх төрлийн шүү. Монголчуудад түгээмэл байдаг нь хулгай, луйвар, залилан, экологийн элдэв гэмт үйлдлүүд. Монголын нийгмийг дотроос нь эвдэхэд тун ойртчихсон.
7. Сүүлийн ганц дайснаар Үндэсний аюулгүй байдлыг эвдэгч үндэсний эв нэгдэлгүй байдал, нийгмийн олон хуваагдлуудыг тодруулъя. Ерөөсөө туйлын эв нэгдэлгүй нийгмийг монголчууд байгуулчихсан байна. Үндэсний эв нэгдлийг албан хүчээр барьцалдуулдаг тэр тогтолцоо нь ардчилал, хүний эрхээр солигдоод дур зоргоороо, эрхээрээ хатсан, атаархалдаа шатсан гурван сая монгол хүн буй болчихсон, юу хүссэнээ Төрдөө тулгаад эрх хүүхэд шиг аашлаад сууж байна.
Илүү үг. Уучлаарай. Украиныг Монголын дайснаар тодруулчихсан баахан хүн сошиалд ааглаж байна. Украин манай Үндэсний аюулгүй байдалд хумсын толион чинээ ч аюул учруулаагүй хэмээн гэгээлэг монголчууд үздэгийг бас тэмдэглэе.
Eрдөө байгаа дүр зураг чинь энэ юм биш үү? Явж явж ийм Монгол болчихгүйн төлөө яг өнөөдрөөс, яг одооноос хичээе. Төр нь төр шиг, ард түмэн нь ард түмэн шиг!
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
http://tatap.mn/18592.html
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу