Caakmedee

МХЕГ:Техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс барилгын кран унасан

  • Нийгэм
  • 2022/03/30
Барилгын кран авто зам болон явган хүний зам дээр хөндлөн унасан осол өчигдөр /2022.03.29/ гарсан байна. Тодруулбал, Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт зам дагуу барьж байсан барилгын цамхаг үүрийн 05:00 цагт унасан гэсэн мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын холбогдох эх сурвалжаас тодруулахад “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ асуудлыг шалгаж байгаа. Дээрх ослын улмаас хүн хохироогүй. Цагдаагийн харьяалалтай гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй гэсэн үг” гэв.

 

Харин МХЕГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Дашдаваа "Техник, эд ангийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс барилгын кран унасан байна. Хэдийгээр тухайн барилгын ажлыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж гүйцэтгэсэн ч краны хийц, эд анги нь гэмтэлтэй байсан. Улмаар энэ осол гарах шалтгаан нөхцөл үүссэн байна. Дээрх осол үүрээр буюу хөдөлгөөний нягтрал багатай үед гарсан учраас эрсдэл үүсээгүй. Гэхдээ энэ бол аюулын дохио. Тиймээс барилгын ажил гүйцэтгэж байгаа хүмүүс хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг нэн түрүүнд анхаарах хэрэгтэй. Техникийн бүрэн бүтэн байдлаас гадна мэргэжлийн ажилчдыг ажиллуулах нь чухал. Одоогоор барилгын ажлыг түр зогсоосон. Барилгын суурийн асуудал шаардлага хангаагүй талаар урьдчилсан байдлаар тогтоогдсон" гэсэн юм.
Цамхагт кран угсарч байгаа тохиолдолд дараах зүйлсийг анхаарах шаардлагатай байдаг. Тухайлбал, суурийн бүтэц, хийц шаардлага хангаж байгаа эсэх, бэхэлгээ, гагнуур салж буй эсэхийг нягталж шалгах, тухайн краны металл хийц олон жил удсан, зэврэлт үүссэн бол заавал металл хийцийн шинжилгээ хийлгэх, талбайн зохион байгуулалтын зургаар тухайн краныг яаж байрлуулж, хэрхэн угсрах зэргээр аюулын бүсийг тодорхойлох ёстой байдаг юм.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу