Caakmedee

Ирээдүйд Монгол Улс СПОРТОД ЭЭЛГҮЙ болох эхлэлийг өрж байна

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2022/04/28

Ирээдүйд Монгол Улс СПОРТОД ЭЭЛГҮЙ болох эхлэлийг өрж байна

 

Сүүлийн хэдэн өдөр Төрийн хэмнэлтийн тухай хууль дээр сууж байгаа УИХ-ын гишүүд Байнгын хорооны хурал дээр спорт хороо, дуу бүжгийн чуулгуудыг татан буулгая гэсэн санал гаргаж, маш чухал “шинэ санаа” олчихсон юм шиг онгирцгоосон юм шиг байна.

Ц.Сандаг-Очир мэтийн бодлогын, эдийн засгийн, улс орны бусад чухал сэдэв дээр үг дугардаггүй, ухаанаа уралдуулдаггүй зарим гишүүд боломж олдвол “Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад олгодог урамшууллыг зогсооё” гэж хэлд ордог л юм.

Уучлаарай, гар утасны төлбөр, найр наадам, сургалт семинар, гадаад, дотоод томилолт, эрээн мяраан хэлэлцүүлэг, угтах хаалга, андын, бурхны, арслангийн хөшөөнөөсөө тэр мөнгөө хэмнэж үзээрэй, гишүүд ээ. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрөөс төлүүлдэг улстөрчдөөсөө салчихаад урлаг, спортоор оролдоорой. Одоо ч угаасаа олигтой төсөвтэй биш. Монголын спорт ядуу, ядруу санхүүтэй. Манай тамирчид хүнд, хэцүү амьдрал, бэлтгэл дундаас төрдөг шүү. 

 

Спорт холбоо, хороодыг татан буулгая гэдэг үг та нарын амнаас унахдаа амархан байдаг юм бол, тэрийг нь нийлээд дэмжчихдэг юм бол энэ улсаа урлаг, спортын бүх бодлогоос татгалзаж байгааг нь нэмээд зарлачихсан нь шулуун болно. Өнөөдөр бодлогогүй хэлж, хийх гэж байгаа энэ зүйлс чинь ирээдүйд урлаггүй, спортгүй улс болохыг зорьж байгаатай ямар ч ялгаагүй. Спорт хороодыг хөдөлгөвөл Монголын спортын хөгжилд шууд саад болно, олон зуун тамирчдын ирээдүйд хортойгоор нөлөөлнө. Зөвхөн Улсын шигшээ багийн цөөн хэдхэн тамирчин цалин, цавагтайгаа үлдэж, өсвөр үе, залуучуудын шигшээ багууд, секцүүд, спортын залгамж, халаа байхгүй болно. Хэмнэлт биш намналт болно. 

 

Өнөөдөр Шигшээ багт дуудагдсанаас бусад Монголын бүх спортын төрлийн, бүх шилдэг, сайн дасгалжуулагчид спорт хороод дээр ажиллан, тэнд спортын залгамж, өрсөлдөгч, тамирчид, өсвөр, залуу үеийг бэлтгэх гол “үйлдвэрлэл” явж байгаа. Олимп, дэлхийн аваргууд, ирээдүйд тэр амжилтад зорьж байгаа Монголын бүх шигшигдсэн, ирээдэйтэй гэж үнэлэгдсэн тамирчдын өдөр тутмын бэлтгэл, амьдралын баталгааг энэ хэдэн спорт хороо харин ч чамласан төсөв, ядарсан санхүүгээр чадахынхаа хирээр зохицуулж ирсэн. Энэ бүгд байхгүй болвол дараа үеийн тамирчдыг хэн, хаана бэлтгэх вэ? Тамирчид хаана бэлтгэлээ хийх вэ. Хүн амд хүргэдэг эрүүл мэнд, нийтийн биеийн тамирын бодлого хаагуур дамжиж түгэх вэ?

Олон он жилийн намтартай “Алдар”, “Хилчин”, “Сүлд”, “Аврагч” спорт хороодыг үгүй болговол Монголын спортын хөгжлийн хэлхээг тас татаж байгаагаас өөрцгүй эмгэнэл болно. Биеийн тамир, спортын хороо ачааллыг даахгүй ээ. Хувийн клубүүд дангаараа дийлэхгүй. Тийм боломж ч байхгүй. Тэгээд удахгүй спортынхон ажилгүй, албагүй, бэлтгэлгүй, зорилгогүй болж, "гудамжинд" гарна. Шинэ залуу үе спортоор хичээллэх, мэргэжлийн хэмжээнд бэлтгэгдэх боломж хязгаарлагдмал болно. Бараг байхгүй болно. Тамирчид ингэн ингэн спортоор хичээллэх замыг сонгохгүй.

Спорт бол бохир, заваан улстөрчдийн дураараа барьж аваад, дугтарч суудаг сэдэв биш ээ.

 

...Хүн бүрийг биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг бодлогоор дэмжиж, иргэдийг олноор хамруулах боломжтой спортын төрлүүдийг нэмэх, насны бүлгээр ангилах зэргээр хамрах хүрээг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй... Яам, агентлагийн зүгээс спортын холбоодыг хөгжүүлэх, засаглал, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх бодлого, эрх зүйн зохицуулалтыг бий болгон хэрэгжүүлэх, төр болон төрийн бус, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллах ёстой. Монгол улсын иргэн бүр биеийн тамир, спортоор тогтмол хичээллэж эрүүл, чийрэг, эрч хүчээр дүүрэн байх нь Манай улсын хөгжлийн гол үндэс болох юм...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн спортынхонтой уулзахдаа хэлж байсан үгсийн зах зухаас сануулахад ийм байна.  

Өвөл, зуны олимпыг үзэж сонирхоод ирсэн, тэр үедээ спортод хамгаас хайртайгаа гайхан, “Улс үндэстнийхээ нэр төр, ард түмнийхээ бахархал, хүсэл тэмүүлэл, хүч хөдөлмөрийн үлгэр жишээ болсон тамирчид та бүхэн минь...” гэсэн эхлэлтэй уран үгс урсгаж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үг, үйлдэл зөрөхгүй байх гэж итгэж байна.

Амжилт гаргасан тамирчдын медалийг өөрийн хүзүүндээ зүүж хөөрцөглөдөг хүмүүс ээ. CV-гээ гоё харагдуулах гэж спорт холбоодын сэтэр зүүдэг улстөрчид өө, дэлхийд Монголыг сурталчилдаг спортын АМЖИЛТ бол төсвөөсөө төвөгшөөгөөд байгаа энэ хэдэн спорт хороо, спорт холбоод, та нарын өдрийн хоолны тооцоонд хүрэхгүй сарын цалингаараа амьдардаг багш, дасгалжуулагчдын сэтгэл ба хөдөлмөр, амьдрал, боловсрол, ар гэрээ орхин өдөр бүр хичээж, бүхнийг тэсэж туулж явдаг тамирчдын хөлс, хүчний дундаас төрж мэндэлдэг юм ш дээ.

Очиж очиж хэдэн тамирчин, дасгалжуулагчдынхаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцуулан авдаг таван бор төгрөгтэй төр очиж ноцолдоод, хэдийг хэмнээ билээ. Цалингүй, орлогогүй болсон тамирчид яаж амьдарч, яаж бэлтгэгдэж, яаж амжилт гаргах юм. Юу идэж, уух юм бэ?

Арав, хорин жилийн бүх амьдралаа зориулж, хөдөлмөрлөж байж гаргасан амжилтыг нь үнэлж өгсөн хэдэн төгрөгийг буцааж авлаа гээд Монгол Улс баяжлаа юу. Улстөрчдийн хүүхдийн сургалтын төлбөрийг даадаг төсвөөс улс орноо мандуулсан тамирчид урамшуулал нэртэй үнэлэмжээ яагаад хүртэж болдоггүй юм. 

Хэмнэлт хийж байна гээд спортын бүтэц, байгууллага, тамирчин, дасгалжуулагчдын амьжиргаа, сургалт, бэлтгэл, заал, танхимаар нь оролдох юм бол цаашид Монголд өндөр зэрэглэлийн тамирчин бэлтгэх урсгал тасарна. Спорт чинь бодлогогүй болно. Шигшээ баг чинь тамирчингүй болно. Спортоор хичээллэх хүнгүй болно. “Эрүүл Монгол хүн” бүр ч байхгүй болно. Нөлөөлөлгүй болно. Хүмүүс хөдөлгөөнгүй болно.

Магадгүй, тэр Хэмнэлтийн хуулиараа спортын бодлого, бүтцээр оролдох юм бол Монголын тамирчид, ирээдүй болсон залуус бүгд Их спортод ээлгүй энэ улсаас эртхэн татгалзаарай. Ирээдүйд Монгол спортод улам ээлгүй улс болох болно. Спортоор хичээллэх хүнгүй болно. Өндөр зэрэглэлийн тамирчидгүй болно. Өрсөлдөгчгүй болно.  

Монголд тамирчин байх хэцүү ш дээ, угаасаа. Одоо бүр ч ээдрээтэй болох юм байна. 

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу