Caakmedee

Э.Бат-Амгалан: УИХ-ын гишүүдийн зөвлөх туслахууд 2-3 сая төгрөгийн цалин авдаг, орон тоог нь танах тухай хэн ч ярихгүй байна

  • Улс төр
  • 2022/04/28

Э.Бат-Амгалан: УИХ-ын гишүүдийн зөвлөх туслахууд 2-3 сая төгрөгийн цалин авдаг, орон тоог нь танах тухай хэн ч ярихгүй байна

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголын төсөл, хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Төрийн үйлчилгээ буюу ялангуяа цэцэрлэг сургуулиудыг тухайн орон нутагт нь шилжүүлнэ, шийднэ гэж байсан ч оруулж ирээгүй байна. Зарим төслийг төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр хориглож байгаа гээд бусад гишүүдийнхээ тойргийн хөрөнгө оруулалтыг танаад байгаа хэрнээ шийднэ, хийнэ гэсэн ажлуудаа оруулж ирээгүй байна. Энийг дахин эргэн хармаар байна.

Хэмнэлтийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд бид өөрсдөөсөө эхэлмээр байна. Юм шударга л байх ёстой. Сум, дүүргүүд дээр ажиллаж байгаа эмнэлгүүдийн орлогч дарга, эмчилгээ эрхэлсэн дэд дарга нарыг цомхотгож байгаа. Тэр байтугай аймаг, сум, дүүрэг, нийслэлийн орлогч дарга нарыг танаж байгаа. Гэхдээ энэ хүмүүсийн дийлэнх нь өдөржингөө гадуур явж, анхан шатанд иргэдтэй тулж ажилладаг хүмүүс. Орой нь ирж бичиг цаастайгаа зууралддаг. Тэгээд энэ хүмүүсийн орон тоо, төсвийг танана гэчихээд УИХ-ын гишүүд нь өөрсдөө зөвлөх, туслахуудынхаа цалинг, орон тоог танах асуудлыг хэн ч ярихгүй байна. УИХ-ын гишүүдийг зөвлөх туслахууд 2-3 сая төгрөгийн цалин аваад явж байгаа шүү дээ. Бүх зүйлийг өөрсдөөсөө эхэлмээр байна. Тэгэхгүйгээр тэнд аймаг, сум дүүрэгт ажиллаж байгаа хэдэн орлогч, дэд дарга гэсэн нөхдүүдийнхөө зардлыг танаад явбал энэ хэмнэлтийн хуулийг хэлэлцэхэд хүнд байна. Энэ асуудалд хариулт авмаар байна?

-Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Хэмнэлтийн тухай хуульд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтад нийтдээ 8 зүйлийг оруулахыг хориглосон. Энэ жагсаалтаас гишүүдийн саналаар зарим нэг зүйлийг хасч байгаа. Хүүхдүүдийн тоглоомын талбайн тохижуулалт, авто замын шинэчлэл хийх, үүрэн холбооны төсөл арга хэмжээг улс, орон нутгийн төсвөөс хийгээд явах нь зөв гэж үзсэн. Харин бусад хориглосон зүйлсийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тооцож байгаа. Тойргийн хөрөнгө оруулалтаас хасагдсаныг нөхөөд боломж нь нээлттэй байгаа.

Хоёрт, УИХ-ын гишүүд өөрсдийнхөө зардлаа таная гэж хэлж байна. Бид хассан шүү дээ. Тэтгэвэр нэмэхэд бид зардлаа танаж, эх үүсвэр гаргасан. Нийт 667 тэрбум төгрөгийн 331 тэрбум төгрөгийн Засгийн газрын зардал дээр нэмээд УИХ-ын зардлыг хассан. УИХ-ын гишүүдэд олгогддог зардал хасагдсан. Нэг зүйлийг энд хэлмээр байна. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Үүн рүүгээ бага дайрцгаамаар байна. Гишүүд өөрсдийнхөө нэр хүндэд өөрсдөө халдаад баймааргүй байна.Тойрогт мөнгө бага байгаа бол ард иргэдтэй тулж ажиллах хууль эрх зүйн орчинг сайжруулах ажил л доголдоно. Өнөөдөр илүү дутуу юм хийгээд үрэлгэн байгаа гишүүд байхүй гэж бодож байна. Ард иргэддээ зөв мэдээлэл өгч, оновчтой зардлуудыг хасч явах учиртай. Харин өөрөө өөрсдөд рүүгээ, ялангуяа төр гэдэг дархлааг сулруулж явах нь эрсдэлтэй шүү. Урдаа цар тахалтай, хойноо дайнтай үед төрийн дархлааг сулруулах арга хэмжээ авах нь буруу гэж үзэж байна. Тиймээс энэ асуудал дээр үг хэлээ бодолтой дуугармаар байна. Засгийн газрын оруулж ирсэн хэмнэлтийн бодлого хатуу юм байна лээ. Энэ зоригтой бодлогыг нь дэмжээд, засах зүйлийг нь зөв засаад явах нь зүйтэй” гэв.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу