МӨСӨН СУРЫН ХАРВААНЫ УАШТ БОЛНО
- Мэдээ мэдээлэл
- 2019/01/14
Өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулсан “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрийн сур харваачид идэр есийн хүйтнийг үл ажран ирэх сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд цэц мэргэнээ сорьж, улсын аваргаа шалгаруулах гэж байна.
Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл болох мөсний сурын харвааг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс жаягийг хойч үедээ таниулах, уламжлалаа сэргээх зорилгоор Монголын мөсөн сурын холбооноос жил болгон зохион байгуулдаг тус тэмцээн тав дах жилдээ болно.
Тус тэмцээн багийн болон цуваа харваа төрлөөр явагдах бөгөөд харваачид эвэр элэгтэй шөрмөсөн артай нум эсвэл Монголд үйлдвэрлэсэн сургалтын нумтай оролцоно. Сум нь 120 граммаас дээш модон сум байх ба цуваа харвааны үеэр 40 метрийн зайнаас 20 сум харвадаг бол багийн харваанд нэг багт 8 харваач оролцон 40 метр, 30 метр, 25 метр, 20 метрийн зайнаас харвана.
Тэмцээний бүртгэл 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 90090066 дугаарын утас, Dorjoo Amraa /фэйсбүүк/ хаягаар явагдана.
“Улаанбаатарын өвлийн наадам”-д ирсэн иргэд, жуулчид тэмцээн уралдаануудыг үзэж сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтойгоороо онцлогтой. Иймд та бүхнийг хүрэлцэн ирж Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгайтай танилцахыг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор сэтгүүлчдийн асуултад хариуллаа
- 2024/11/21