Caakmedee

Утаа буурдаггүйн гол буруутан нь БХБЯ-ны урагшгүй бодлого

  • Нийтлэл
  • 2019/01/14
Хэрэв юу хийхээ мэдэхгүй байгаа бол өмнөөс чинь хэлээд өгье
Яг одоо улсын маань нийслэл гамшигт нэрвэгдээд байна. Томуугийн айхтар вирус дэгдсэний улмаас өвчтөнүүд эмнэлгийн шалаар нэг зулж, эмч, сувилагчид ачааллаа дийлэхгүйд хүрлээ. Нийслэлийн хэмжээнд нэмэлтээр 700 гаруй ор дэлгэн үйлчилж байгаа ч өнөөх нь хаанаа ч хүрэлцэхгүй юм. Эцэг эхчүүд эмнэлгийн коридорт, шалан дээр гудас дэвсээд хүүхдээ тэврэн хэвтэж буй эмгэнэлтэй дүр зураг хаа сайгүй. Дайн байлдааны үеэр л иймэрхүү үймээн бужигнаантай байдаг болов уу гэх бодол эрхгүй төрнө. Шулуухан хэлэхэд одоогийн энэ нөхцөл байдлыг дайны үеийн онц байдалтай адилтгаж ойлгомоор.
Улсаараа, нийслэлээрээ ингэж томуугийн вируст дарлуулж буй нь өнөөх гайхал агаарын бохирдолтой шууд холбоотой. ДЭМБ-аас тогтоосон аюулт түвшнээс хэдэн арав дахин илүү бохирдчихсон энэ аймшигт агаарт хүн байтугай амьтан ч эрүүл байхгүй нь ойлгомжтой байна. Өвчлөгсдийн 77 хувь нь 0-9 хүртэлх насны хүүхдүүд. Эмгэнэлтэй санагдаж байгаа биз!
Улс орон нь гамшгийн хэмжээнд хүрч, энэ улсын ирээдүйг явах ёстой балчир үрс нь шуугисан цээж, бачимдсан амьсгалын зовиураа дарахын тулд хэдэн мянгаараа эмнэлэгт чихэлдэж байхад дээр суугаа дарга нар тоож байгаа ч шинж алга. Тэртээ дээр албан тушаалын төлөө цээж нь бачуурч, амьсгаа нь давчдан үхэн хатан тэмцэлдэж байна. Төрөө түйвээсэн дарга нар түмнээ тарчлааж, одоо улсаа хөмөрч байна уу гэмээр дэндүү дампуу байна, тэд нар.
Ард түмний амьсгалыг боомилсон энэ их утааг үйлдвэрлэгч гэр хорооллыг цэгцлэх ганц шийдэл бол иргэдээ орон сууцжуулах гэдгийг мөн ч олон жил ярилаа. Гэвч энэ бол их хэмжээний мөнгө шаардсан, урт хугацааны шийдэл гэсэн нэрийн дор хойш тавих юм. Оронд нь сав л хийвэл янданд шүүлтүүр тавина, зуух, түлшээ утаагүй болгоно гэсэн хэзээ ч бүтэлтэй байгаагүй, бүтэхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон өнөөх дампуу шийдвэрээ тулгах юм. Хатуухан хэлэхэд утаа буурахгүй, гэр хорооллын өрхийн тоо цөөрөхгүй байгаа буруутан нь Барилга, хот байгуулалтын яамны урагшгүй бодлого мөн.
Гэр хорооллын 220 мянган өрхийг орон сууцанд оруулна гэдэг тийм ч амар бүтчих хэрэг биш, нүсэр ажил гэдгийг хүн бүр мэднэ. Улс мөнгөөр дутагдаж байгааг ч ойлгож байна. Гэхдээ сэтгэл байвал арга нь олдоно гэдэг шиг байгаа нөөц бололцоондоо тулгуурлаад гэр хорооллыг хумьж болох байсан ч манай унхиагүй дарга нар үүнийг ажил хэрэг болгосонгүй.
“Тэнхлэг зууч” компанийн хийсэн судалгаанаас харвал өдгөө нийслэлд буй 380 мянга орчим өрхийн 57 хувь нь инженерийн дэд бүтцэд холбогдоогүй байранд буюу гэр хороололд амьдарч байна. Ойрын таван жилд зөвхөн нийслэлд 217 мянган айлын инженерийн бүрэн хангамжтай орон сууцны хэрэгцээ байгаа аж. Иргэдийн дунд ийм их эрэлт, ийм их хүлээлт байна. Гэтэл нөгөө талд барилгын компаниуд барьсан байраа борлуулж чаддаггүй, түүнийг нь авах хүн олдохгүйн улмаас дампуурахдаа тулаад буй. Өдгөө Улаанбаатарын хэмжээнд 62,339 айлын (2018 оны 3-р улирлын байдлаар) нийтийн болон амины орон сууцны төсөл хэрэгжиж буй. Харин нэгэнт ашиглалтад оруулсан атлаа зарагдаагүй байгаа орон сууцнуудыг нэмбэл энэ тоо бараг 80 мянгад хүрнэ. Утааны голомт болоод буй гэр хорооллын айлуудын гуравны нэгийг нь хангачих хэмжээний орон сууц эзнээ хүлээн хоосон ханхайж байна гэсэн үг. Нэг талд байр авах хүсэлтэй иргэдийн эрэлт, нөгөө талд барьсан байшингаа зарах гээд чадахгүй байгаа барилгын компаниудын нийлүүлэлт хоёрыг нэг цэгт уулзуулах нь чухам энэ салбарыг хариуцаж буй БХБЯ-ны үндсэн үүрэг. Гэвч улс мөнгөгүй гэсэн улиг болсон шалтгаанаа тоть шиг давтаж суусаар өнөөг хүрлээ.
Дампуу яамныхан юу ч хийлгүй, утаагаар амьсгалдаггүй юм шиг даналзаж явна
Яамны унхиагүй дарга нар элдэв шалтаг тоочиж суухын оронд иргэдтэй, барилгын компаниудтай хамтраад гарц хайх ёстой. Уг нь иргэдэд ч, барилгын компаниудад ч гарц шийдэл байгаа. Барилгын яаманд сандайлж суусан дарга нар аа, хэрэв юу хийхээ мэдэхгүй байгаа бол өмнөөс чинь хэлээд өгье.
Урьдчилгаа 30 хувийн төлбөрөө төлөөд орон сууцанд орох боломжтой зах зээл үндсэндээ ханасан. Одоо байртай болчих юмсан гэсэн дэврүүн мөрөөдөлтэй хэрнээ боломж бололцоо муутай хэсэг л үлдсэн. Өөрөөр хэлбэл, барилгын салбарын бодлого, төлөвлөлт хариуцсан яаманд хийх ажил маш их байна гэсэн үг. Илүү сайн төлөвлөж, илүү оновчтой гарц шийдлийн төлөө ухаанаа уралдуулах шаардлага тулгарсан гэж ойлго. Ядаж л барилгын компаниудтай тохиролцож, зарагдаагүй байранд нь иргэдээ түрээсээр ч атугай оруулах ажил хий, яаравчил, шалавла. “Буянт ухаа 2” хорооллын зарим байрыг түрээслүүлнэ гэдгийг иргэд олзуурхан хүлээж авсан. Гэхдээ энэ бол байранд орох хүсэлтэй олон мянган иргэний хүлээлттэй харьцуулахад өчүүхэн бага тоо. Түрээсийн орон сууц олон байх тусам яндангийн тоо буурна. Байраа түрээсээр борлуулсан компаниудыг татвараас хөнгөлж, чөлөөлөх гээд уян хатан арга хэрэглэж болмоор. Өнөөдөр Монгол Улсад барилгын салбарын хөгжил олон улстай хөл нийлүүлж яваа. Тэд хийе, бүтээе, утаанаас салгая л гээд байгаа. Гэвч яамнаас энэ чиглэлээр тийм ажил хийлээ гэж хэн ч сонсоогүй. Учир нь өнөөх дампуу яам маань юу ч хийсэнгүй. Улаанбаатарын утаагаар амьсгалдаггүй юм шиг гэдийж, эмнэлэгт очдоггүй мэт даналзаж яваа.
Иргэдээ орон сууцжуулсан улс орнуудын туршлагаас Сингапурынх хамгийн шилдэгт тооцогддог. Тэд эхний ээлжинд иргэдээ түрээсийн орон сууцаар хангалттай хангасан байдаг. Улмаар яваандаа өмчилж авах боломж бүрдүүлснээр өдгөө тус улсын иргэдийн 90 шахам хувь нь орон сууцтай болжээ. 1981 онд Сингапурын хүн амын 67 хувь нь орон сууц эзэмшигч, 33 хувь нь хөнгөлөлттэй байрны түрээслэгч байсан бол өдгөө 97 хувь нь орон сууцны эзэмшигч болжээ. Тус улсад байртай болохыг хүссэн иргэд банкнаас болон орон сууцны яамнаас хөнгөлөлттэй зээл авч болдог. Улмаар зээлийн эргэн төлөлт нь хуримтлалын санд бүртгэгдэж, дараа дараагийн хүмүүст зээл болон очдог аж.
Түүнчлэн Малайз улс ипотекийн зээлийг амжилттай хэрэгжүүлсэн орны нэг. Тус улсын Засгийн газраас чанартай, шаардлага хангасан орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх санаачилга гаргаж, үүнд нь арилжааны банкууд нь нэгдэн Үндэсний ипотекийн корпораци байгуулжээ. Улмаар амьжиргааны түвшин доогуур бүлэгт чиглэсэн ипотекийн бүтээгдэхүүн нэвтрүүлснээр өнөөгийн амжилтад хүрсэн байна. Тус улс бондын хэмжээнд дүйх үнэт цаасыг хоёрдогч зах зээлийн арилжаанд гарган хөрөнгө босгож, ипотекийн санхүүжилтийг цаг алдалгүй сонгодог утгаар нь хөгжүүлсэн гэдэг. Эдгээр улсад төр нь, салбар хариуцсан яам нь ажлаа хийсэн шиг хийдэг болохоор богино хугацааны дотор иргэдээ орон сууцанд хамруулж чаджээ. Харин манай урагшгүй яамны бүтэлгүй, сэтгэлгүй, нүд, чихгүй мэт алхаж яваа хэдэн нөхөд ажил хийж байна гэх нэрээр тогоо тойрч, босгоноос цааш алхалгүй байсаар гол үүргээ гүйцэтгэж чадалгүй бүрэн эрхийнхээ талаас илүүг үдлээ. Бид өөрсдөө гарц хайж чадахгүй юм бол ядаж бусад улс орны амжилттай туршлагыг хуулбарлаад авчих ухаан алга уу.
БХБЯ-ны зүгээс байрны урьдчилгаа болох 30 хувийг 20-25 хувь болгон бууруулах талаар хоёр жилийн өмнөөс л ярьсан. Энэ үгэнд нь иргэд итгэсэн. Гэвч өмнөх шийдвэрүүдийнх нь нэгэн адил хоосон амлалт болоод үлдлээ. Хэрэв урьдчилгааг бууруулах боломжгүй юм бол дэмий зүйл ярьж, олон нийтэд хүлээлт үүсгэх хэрэг байсан юм уу гэдгийг бас асууя. Урьдчилгаа төлбөр үнэхээр буурсан бол байранд орох хүсэлтэй иргэдэд том нэмэр болох байв. Гэвч түмний тэвчээр барагдлаа, найдвар нь тасрахад ойрхон байна.
• Зах зээлд 80 мянган байр эзнээ хүлээн хоосон ханхайж байна.
• Төрөө түйвээсэн дарга нар түмнээ тарчлааж, одоо улсаа хөмөрч байна уу гэмээр дэндүү дампуу байна
• Яамны унхиагүй дарга нар элдэв шалтаг тоочиж суухын оронд иргэдтэй, барилгын компаниудтай хамтраад гарц хайх ёстой.
Яамны нөхөд өнгөрсөн жил ганц гэрэл гэгээтэй зүйл ярьсан нь зарагдахгүй байгаа орон сууцнуудыг төрийн албан хаагчдад хүүгүй, урьдчилгаагүй зээлээр өгөх тухай асуудал. Улсын хэмжээнд 192 мянган төрийн албан хаагч байдгаас 56 мянга нь орон сууц хүссэн өргөдөл өгсөн гэнэ. Гэхдээ баярлах болоогүй. Х.Баделхан сайдын хэлснээр бол зарагдаагүй орон сууцыг төрийн албан хаагчдад өгөх асуудлыг судална гэж байгаа.
Судалгаа нь хэзээ дуусч, шаардлагатай мөнгийг хаанаас олж, хэзээ байранд нь оруулах юм, бүү мэд. Яг л хамхуулын үлгэр шиг сонсогдож байгаа биз! Утаанаас болж эмнэлэг бараадан, нэг шөнийг ч атугай цээжиндээ зовиур багатай өнгөрөөхөөр тэмцэж байгаа иргэдээрээ салбарын сайд ингэж даажигнаж арай ч болохгүй байх аа.

Г.Баярсайхан   
 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу