Caakmedee

Эрээний бараанаас татгалзъя

  • Нийтлэл
  • 2019/01/15
Монголчуудын үндэсний баяр болох цагаан сар хаяанд иржээ. Монгол түмэн энэ баяраа өргөн дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлдэг өнө эртний уламжлалтай. Жилдээ нэг удаа ах дүү, амраг садан, ураг төрлөөрөө учран золгодож сайн сайхныг бэлэгддэг энэ баяраар бусадтай адилхан байх гэж байгаагаа барьж, байхгүйгээ хайдаг нь үнэн. Сайхан дайлж цайлахаас гадна золгуулт хийж орж ирсэн хүний алга дээш нь харуулж бэлэг өгдөг уламжлал бий. Гэхдээ хамгийн гоё боломжийн үнэ цэнэтэй бэлэг өгдөг байх хэрэгтэй.

Гэвч Монголчууд цагаан сар дөхөх үеэр  БНХАУ-ын Эрээн хот руу их бэлчдэг. Ялангуяа наймаачид Эрээнд үйлдвэрлэсэн чанар муутай бараа бүтээгдэхүүнийг авчирч "шахдаг". Өөрөөр хэлбэл, урд үйлдвэрлэсэн чанар муутай "хог" солилцоод сурчихжээ. Эрээний гэх тодотголтой бараа монголчуудын үндэсний баяр Цагаан сарыг тойрон эргэлдэж, эдийн засгийг хямруулсан хэвээр л байгаа юм.

Эдийн засгийн хувьд ч эрсдэлтэй юань өссөн энэ үед их хэмжээний мөнгөө юань болгон урагш урсган гаргаж байгааг ч эсэргүүцдэг ч жилийн жид гаргасан хэвээрээ. Ер нь эрсдэл ихтэй гэдгийг тооцож мэддэг байх ёстой. Сүүлийн өдрүүдэд Замын-Үүд, Эрээн чиглэлийн галт тэрэгний билет дуусчихсан байна. Хүн бүхэн урагшаа явж бараа татаж ирэх зорилготой.

Бүр галт тэрэгний билет олдохгүй болохоор хот хооронд явдаг автобуснууд нэмэлт автобус гарган зорчигчид тээвэрлэж яваад осолдож, хоёр хүний амь эндэж, олон хүн бэртсэн харамсалтай осол гарлаа.

Тус автобусанд явж байсан зорчигчид Эрээн орж бараа татахаар явж байж. Тэдний дунд Эрээн рүү анх удаа явж байсан эгч "Цагаан сарын юмаа бэлтгэж ирэх гэж байгаад ийм харамсалтай зүйл болчихлоо. Биедээ маш хүнд бэртэл авсан" талаараа ч өчигдөр хоолой зангируулан ярьж байна билээ. Эрүүл мэнд, амь насаа золин байж Эрээнийг зорих шаардлага байхгүй баймаар.

Монгол Улс дунджаар 816 мянган өрхтэй. Нэгэн ТББ-аас гаргасан судалгаагаар цагаан сараар тогтмол бэлэг өгдөг 100 мянга орчим өрх байдаг бөгөөд нэг айл дунджаар 250-300 мянган төгрөгийн бэлэг бэлддэг байна. Энэ нь нийт 25-30 тэрбум төгрөг болж байгаа гэсэн үг. Үүний 80 хувь нь гадаадын буюу Хятад улсын бараа бүтээгдэхүүн худалдан авдаг байна.

Сар шинээр үндэсний мөнгөн тэмдэгт, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бие биедээ бэлэглэе. Эрээний хогоос татгалзаж ивээн тэтгэхээ болъё. Хэнд ч хэрэггүй эд гэдгийг сайтар бодоорой, тунгаагаарай ард түмэн минь. Эх оронд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн үнэтэй мэт санагдах ч боломжийн үнэтэй хямдхан хэрэгтэй зүйл зөндөө бий. Түүнээс л сонгож байя.
Б. Учрал
 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу