Ковид 19 цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө улам даамжирч, өдрөөс өдөрт нэмэгдэж буй үнийн өсөлт бүтээн байгуулалтын салбарынхны хувьд хамгийн том сорилт болоод байна. Барилгын зарим нэр төрлийн барааны түүхий эдийн өсөлт, тээврийн үнийн өсөлт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эд тасалдах, хил удаан хугацаагаар хаагдаж байгаа зэрэг шалтгаануудаас барилгын материалуудын үнэ огцом өсөөд байна.
Тодруулбал барилга бүтээн байгуулалтын нийт өртгийн 55%-ийг бүрдүүлдэг цемент, арматур, хавтан зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үнэ жилийн өмнөхөөс 30-90%-иар өссөн. 1 тонн цементийн үнэ 2021 оны 3 сарын байдлаар 199,870₮ байсан бол 2022 оны 3 сард 256,000₮-т хүрч сүүлийн 3 сарын хугацаанд тасралтгүй өссөөр өнөөдөр 1 тонн цементийн үнэ 330,000 төгрөг болсон байна.
Урин дулаан цаг наашилж, барилга бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байх ёстой байтал үнийн энэхүү огцом өсөлтүүд, цементийн нийлүүлэлт буурснаас шалтгаалан барилгын компаниуд олон мянган ажиллагсдынхаа ажлын байрыг хадгалж үлдэхэд хүндрэл учирч байна. Засгийн газраас ковид-19 цар тахлын дараагаар ард иргэдийн ажлын байрыг тогтвортой байлгах, цаашилбал нэмэгдүүлэх зорилт тавьсан хэдий ч улс орны томоохон бүтээн байгуулалтын салбаруудад тулгамдаад буй энэ мэт асуудлуудыг шуурхай хэлэлцэж бодитой шийдвэр, бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь харагдаж байна.
Манай улс 2015 оноос эхлэн дотооддоо цемент үйлдвэрлэж, 2020 онд дотоодын хэрэгцээгээ 100% хангадаг болсон. Өдгөө жилийн цементийн нийт хэрэгцээ 2,2 сая тонн-д хүрээд байгаа хэдий ч цар тахлын дараах хүндрэл бэрхшээлүүдээс шалтгаалан дотоодын үйлдвэрлэл буурч, хомсдолд орон цементийн үнэ ийнхүү нэмэгдсээр байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард Барилга, Хот Байгуулалтын Яамны дэд сайд Э. Золбоо дотоодын цементийн үйлдвэрлэл эрхлэгч нартай уулзан цементийн үнийн тогтвортой байдлыг хангах, нөөц бүрдүүлэх тал дээр санал солилцож, барилгын гол материалуудын татан авалт, үнийн тогтвортой байдал, нөөц бүрдүүлэлттэй холбоотойгоор яамны зүгээс шаардлагатай зохицуулалтууд, арга хэмжээг авч үр дүнтэй шуурхай ажилласан билээ.
Эн удаад ч мөн яамны зүгээс үнийн хөөрөгдлийн эсрэг бодитой арга хэмжээ шийдвэрүүдийг авч хэрэгжүүлэн барилгын салбарын идэвхитэй бүтээн байгуулалт явагддаг энэ үед барилгын компаниудыг үйл ажиллагаагаа тасралтгүй тогтвортой явуулах нөхцөлийг бий болгоно гэдэгт найдаж байна.