Энэ зун монголчууд цар тахлыг мартаж баярлав. Зун ч гэж хавраас хойш л анзаарахаа больсон доо. Гэтэл Монгол даяараа арван хоног наадамласны дараа коронавирусын халдвар огцом өслөө. Наадмын өмнө долдугаар сарын 10-нд 71, наадмын үеэр буюу 13-нд 64, 14-нд хоногт 75 тохиолдол илэрч байсан бол сүүлийн хоёр өдөр 400 рүү дөхлөө. Долоо хоногоор нь тоймловол энэ сарын 19-нд 181, 21-нд 323, 23-нд 375 шинжилгээний хариу эерэг гарч даруй 20 хувь өсчээ. Орон нутагт ч мөн адил алаг цоог тархаж хурдацтай өсч байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд ч халдварын тав дах давлагаа эхэлж буйг албан ёсоор зарлаад байгаа. Нөхцөл байдлыг харвал холбогдох яам мэргэжлийн байгууллагуудын зөвлөснөөр нийтээрээ маскаа бэлдэх нь зүйтэй болж байна.
Мэргэжлийн байгууллага энэ удаагийн давлагааг өмнөхөөс нэлээн өөр гэж дүгнэж байна. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Вирусийн хувилбарын шинжилгээ хийхэд омикроны BA.4, BA.5 хувилбар бүртгэгдсэн.Томуу, томуу төст өвчний халдвар мөн буурахгүй байна” гэсэн. Харин УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “Монголд долдугаар сард нэг нас баралт бүртгэгдсэн. ХӨСҮТ-ийн генийн дараалал тогтоох лабораторийн шинжилгээгээр омикрон хувилбарын BA.4, BA.5 хувилбар 10 орчим хувь илэрч байна. Цаашид энэ хувь нэмэгдэх төлөвтэй байна. Олон нийтийн арга хэмжээнд ахмад настан, хүүхдүүдээ оролцуулахгүй байхыг зөвлөж байна. Шинж тэмдгийн хувьд толгой өвдөж, нус гоожих, хоолой өвдөх, ханиалгана. Хүүхдүүдийн хувьд өндөр халуурч, ханиалгаж, бөөлжих суулгах шинж тэмдэг илэрч байна. Халдвар авсан хүмүүс аль болох гэртээ дархлаагаа сайн дэмжих хэрэгтэй. Амт үнэрээ алдах шинж тэмдэг энэ хувилбарын хувьд илрэхгүй байгаа. Иргэдээ дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна. Хавсарсан өвчтэй хүнд хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлнэ. Хөнгөн хүмүүсийг гэрээр эмчлэх заавар зөвлөгөөг өгнө. Ирэх намраас цар тахлын нөхцөл байдал хүндрэх магадлалтай” гэсэн зөвлөмжийг өгөөд байна. Мөн халдварын тархалттай холбоотойгоор 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэрийг Эрүүл мэндийн сайд гаргаж ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхээр боллоо. Тиймээс мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлгийг дагаж иргэд амны хаалтаа зүүхийг уриалж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 141 (6873)